20 жилийн өмнөх энэ өдөр Ардчиллын төлөөх дөрвөн хүчин хамтарч цуглаан зохион байгуулж байжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

20 жилийн өмнөх энэ өдөр Ардчиллын төлөөх дөрвөн хүчин хамтарч цуглаан зохион байгуулж байжээ

Ардчиллын 20 жилийн ойн хүрээнд тэмдэглэж буй бас нэгэн баяр болох Монголын оюутны холбоо шинэчлэн байгуулагдсаны 20 жилийн ойтой холбогдуулан Ардчилсан намаас баг мэдээлэл ирүүллээ. Мэдээлэлд

Ардчилсан хувьсгалыг хийхэд голлон оролцсон улс төрийн томоохон дөрвөн хүчин бол МоАХ, АСХ, ШДХ, МОХ юм. Эдгээр дөрвөн хүчний хамтран зохион байгуулсан анхны цуглаан нь Ялалтын өмнөх талбайд болсон бөгөөд өмнөх цуглаануудаас илүү олон хүнийг буюу 100.000 хүнийг хамруулж чадсан юм. Цуглаанд оролцогсод “Дэлхийн ард түмнүүдтэй, эв найрамдлаа зузаатгая”, “Монгол авлагатай гэхээс  өртэй байх ёсгүй”, “Уран, Алт, Мөнгө, Зэс –Ард түмний өмч”, “Томилолтын депутатууд хууль батлах эрхгүй” гэсэн лозун барьцгаасан байлаа.

Хамтарсан цуглаанаас МАХН-ын Төв хороо, АИХ-ын тэргүүлэгчдэд 2 зүйл бүхий шаардлага хүргүүлэх байсан хэдий ч тухайн үеийн эрх баригчид шаардлагыг хүлээж авах төлөөний хүнээ ирүүлээгүй байна.

Тэрхүү шаардлагад: МАХН-ын онц  их хурлыг 1990 оны 3-р сард зарлан хуралдуулж, МАХН-ын Төв хорооны бүрэлдэхүүнийг өөрчилж, намын үйл ажиллагааг ардын төрөөс тусгаарлах.

Улс төрийн бүх хүчнийг тэгш эрхтэйгээр оролцуулсан Ардын түр хурлыг мөн 3-р сард багтаан байгуулах тухай дурджээ.

Шаардлагыг хүлээн авах хүнээ ирүүлээгүй тул жагсагчид Хүнсний их дэлгүүр, Урт цагааны өмнөх замаар алхан Сүхбаатарын талбайд очсон бөгөөд засгийн газрын ордноос АИХ-ын тэргүүлэгч гишүүн, МҮЭ-ийн ТЗ-ийн дарга Б.Лувсанцэрэн гарч ирж, мэдэгдлийг жагсагчдаас хүлээн авсан байна.

Ардчилсан хүчнүүдийн төлөөлөгчдийг МАХН-ын Төв хорооны УТТ-ны гишүүн НТХ-ны нарийн бичгийн дарга, АИХ-ын орлогч дарга Ц.Намсрай тэргүүтэй нам, засгийн төлөөлөгчид хүлээн авч хамтарсан мэдэгдэлд дараах хариуг өгсөн байна. Үүнд: 

МАХН-ын ээлжит хурлыг хуралдуулах хугацааг нааш нь татахгүй буюу намын онц хурлын их хурлыг зарлан хуралдуулах тухай саналыг намын дүрмийн хэм хэмжээнд авч үзэж, НТХ-ны бүгд хуралд хэлэлцүүлж шийдвэрлүүлэх гэж байгааг УТТ нотлон тэмдэглэлээ.

АИХ бүрэн эрхээ хууль ёсоор эдэлж байгаа нөхцөлд нийт хөдөлмөрчдийн хүсэл зоригоос гадуур, Үндсэн хууль тогтоох эрхтэй АТХ байгуулах нь манай ард түмний сонгож байуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллагын үйл ажиллагааг дур мэдэн зогсоож Үндсэн хуулиа ноцтой зөрчихөд хүргэх юм.
Иймд улс орны амьдралын эрхэм дээд асуудлыг манай орны нийт сонгогч өөрсдөө буюу АИХ-д хэлэлцэн шийдвэрлэх бүрэн эрхтэй гэдгийг АИХ-ын хуралдаанаас тэмдэглэсэн. Иймээс үндсэн хуулийг шинэчлэн найруулах ажлыг түргэтгэхийн хамт төрийн эрх барих дээд байгууллагын шинэ тогтолцоог бий болгох, сонгууль хийх хугацааг наашлуулахаас саналыг АИХ-ын ирэх чуулганд оруулах нь зүйтэй гэж үзсэн урьдах шийдвэрээ АИХ-ын тэргүүлэгчид дахин нотолж байна гэжээ.

Өгсөн хариу хангалтгүй хэмээн үзсэн МоАХ, МоАН-ын гишүүд 1990 оны 3-р сарын 7-ны 14:00 цагаас Сүхбаатарын Талбайд өлсгөлөн зарлаж, тухайн үеийн нийгмийг цочроож байсөн бөгөөд энэ нь Ардчиллын түүхэнд тодоор бичигдэх үйл явдал болсон юм гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж