Н.Энхбаярыг тусгай эмч, сувилагч эмчилж байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг тусгай эмч, сувилагч эмчилж байна гэв

МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдлын талаар түүний биеийг оношлон, зөвлөгөө өгөх багийн эмч нар мэдээлэл хийлээ.  Тэдний мэдээлснээр Н.Энхбаярын биеийн байдал муу  байгаа бөгөөд дэлхийн томоохон хөгжилтэй орнуудад хэрэглэдэг  брэнд болсон эмчилгээг хэрэглэж байж бие нь сэхэл авна гэлээ. Түүний биеийн байдлын талаар Н.Энхбаярын биеийн байдлыг үзэн, зөвлөгөө өгөх багийн дарга, Шинжлэх ухааны академийн гишүүн Б.Цэрэндаш эмчээс тодрууллаа.

-Н.Энхбаяр яг ямар оноштойгоор эмчүүлж байгаа вэ?

-Удаан хугацааны хуурай өлсгөлөн зарласнаас болж бодисын солилцооны хямралын хам шинж, архаг хордлогын хам шинж гэх оноштойгоор эмчлүүүлж байгаа. Энэ өвчин бол байнгын тусгай эмчилгээ, арчилгаа шаарддаг юм.

-Манай улсад эмчлэх боломжтой гэсэн үг үү?

-Эсийн төвшинд хүрч эмчлэх эм, тариа, багаж хэрэгсэл дэлхийн томоохон хөгжилтэй орнуудад л байдаг. Хэрэв Н.Энхбаяр даргыг эх орондоо эмчлэх шаардлагатай гэвэл тэр бүхнийг оруулж ирэх хэрэгтэй болно. Тийм боломж бага.

-Зөвлөх эмч нарын баг Н.Энхбаярт байнгын үзлэг хийдэг үү?

-Хордлого судлал, Эрчимт эмчилгээ, Дотрын мэргэжлийн мэргэшсэн найман эмчээс бүрдсэн зөвлөх баг өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд бид таван удаа Н.Энхбаярт үзлэг хийж, онош тогтоосон.

-Өнгөрсөн долоо хоногт Л.Жамбалжав эмч Н.Энхбаярын биеийн байдлын талаар мэдээлэл хийхдээ “Н.Энхбаяр эмчлэгч эмчгүй, ямар ч эмчилгээ хийгдэхгүй байгаа” гэж байсан. Үнэхээр ямар ч эмчилгээ хийгдэхгүй байгаа юм уу?

-Эмчилгээ хийгдэж байгаа. Тусгай эмч, сувилагчид бий шүү дээ.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж