
Туулайн соотон чихээр төлөөлүүлсэн дэлхийн сая сая эрчүүдийн ширээний сэтгүүл болсон “Playboy”-ыг монголчууд эх хэл дээрээ уншдаг болоод удаагүй байгаа билээ. Тус сэтгүүлийн шинэ дугаарын “cover girl” хэн байх нь үргэлжид сонин сэдэв байдаг. Тэгвэл энэ удаад “Playboy Mongolia” сэтгүүлийн нүүрийг “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа чимлээ. Өнгөрсөн аравдугаар сард монгол хэлээр хэвлэгдэн гарах болсон тус сэтгүүлийн анхны дугаарын нүүрэнд загвар өмсөгч С.Сарнай хэмээх бүсгүй гарсан. Тэрээр Японд загварын карьераа эхлүүлсэн бөгөөд гадаадын загварын агентлагуудтай хамтран ажилладаг модель юм. Харин “Playboy Mongolia”-гын хоёр дахь дугаарын нүүрийг 15 жилийн ойн тоглолтынхоо өмнө “Sweetymotion” хамтлагийн бүсгүйчүүд фенүүддээ бэлэг барин залуу насаа мөнхлөн үлдээсэн юм.
“Playboy” гэсэн нэрийг сонсоод нүцгэн хүүхнүүдийн зургаар дүүрсэн, нүд хальтрам сэтгүүл гэж бүү эндүүрээрэй. Дэлхийд брэнд болтлоо алдаршсан энэ сэтгүүл бараг 60 жилийн түүхтэй. Өдийг хүртэл садар самууныг хэзээ ч сурталчилж байгаагүй. “Playboy Mongolia” сэтгүүлийн ерөнхий редактор Н.Болормаа ч энэ зарчмаас хазайхгүй гэдгээ хэлсэн юм. Шинэ дугаарт уншигчдын сонирхлыг татах олон материал багтсан гэсэн шүү.
Г.ДАША