ОБЕГ-ын дэд дарга Д.Намсрай, Д.Бадрал, Санхүү, ар талын газрын дарга н.Энх-Амар нар уулзалтад оролцсон юм.
Ц.Даваасүрэн гишүүн Хөвсгөл аймгийн хойд талын Дархадын хотгорын сумд, Ханх, Чандмань-Өндөр зэрэг суманд цас их орж хатуурсан, даваа гүвээ хаагдаж болзошгүй байгааг хэлж байв. “Цагийн байдал сүүлийн 2-3 жилийнхээс хатуурах төлөвтэй байгаа. Мал турж эцсэн хойно цөөхөн шуудай хивэг очдог нь төдийлөн нэмэр болдоггүй” гэж байсан юм. Саяхан Ц.Даваасүрэн гишүүнийг Хөвсгөлийн Цагаан-Үүр суманд очиход зам дагуу 15-20 см, уулаараа түүнээс илүү зузаан цастай, нэгдүгээр сар гараад байдал нэлээд хүндрэх төлөвтэй байгаа нь ажиглагджээ.
ОБЕГ-ын удирдах хүмүүс энэ удаа хүнд өвөл болно гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байгааг хэллээ. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 70 хувь нь цасан бүрхүүлтэй, 10 аймгийн 32 суманд мал бэлчээрлэх боломжгүй болжээ. Хөвсгөлийн Ханх, Тариалан, Ренчинлхүмбэ, Цагаан-Үүр, Увсын Малчин, Хяргас, Өвөрхангайн Нарийнтээл, Уянга, Бат-Өлзий, Есөнзүйл, Завханы Сонгино, Яруу, Тэлмэн, Баянхонгорын Шаргалжуут, Архангайн Хашаат, Хотонт сумд эдгээрийн тоонд багтсан байна.
Өвөлжилт хүндэрсэн аймгуудад бэлчээртээ 20-60 см, шуурч тогтсон газартаа 60-130 см зузаан цастай байгаа аж. Одоогоор даваа гүвээ боогдож харилцаа холбоо тасарсан газаргүй ч 100 гаруй суманд зуд нүүрлэж болзошгүй байдалд оржээ. Увс, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймагт улсын нөөцөөс өвс тэжээл худалдахаар болсон байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн зам, даваа хаагдаагүй байгаа дээр арга хэмжээ авахгүй бол Хөвсгөлийн Дархадын хотгорын сумд цасанд боогдвол аюултай, Ханх суманд хүрэх бололцоогүй, хойгуураа Оросын талаас нэвтрэх шаардлагатай болно гэдгийг анхааруулж байлаа.
Ерөнхий сайдаар ахлуулсан мах бэлтгэх ажлын хэсэг гарсныг ОБЕГ-ынхан хэлэв. Нийт 16 000 тонн мах бэлтгэхээс 14 000 тонныг Улаанбаатарт, тус бүр нэг мянган тонн махыг Дархан, Эрдэнэтэд нийлүүлэх аж.
Онд орохгүй, тарга тэвээрэг муутай малыг нядалж борлуулах ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Малчид ч 2009-2010 оны зудаас сургамж авч өвс тэжээл бэлтгэх, тарга хүч муутай малаа нядалж борлуулах ажлыг хийж байгаа талаар мэдээллээ.
Ц.Даваасүрэн гишүүн Хөвсгөлийн зудтай сумдын асуудлыг Засгийн газар, ОБЕГ-ын хэмжээнд авч үзэж хэлэлцэх шаардлагатай байгааг хэлсэн юм.