-Е.Төгстөмөртэй уулзаагүй уджээ. Сургуульд сурч байна уу, аль сургуульд элсэн орсон бэ?
-Би 33 дугаар сургуульд сурч байгаа.
-Азийн аварга шалгаруулах өсвөрийн шатрын тэмцээнд амжилттай оролцож, гурван алтан медаль хүртсэнээс хойш томоохон тэмцээн, уралдаанд оролцов уу?
-“Цагаан бэрс-2012” тэмцээний 7-8 хүртэлх тэмцээний ангилалд оролцож мөнгөн медаль хүртсэн. Бас Баянзүрх дүүргийн тэмцээнд багаараа алт авсан. Дэлхийн аваргад бас оролцсон.
-ДАШТ хүнд байв уу. Шатрын хорхойтнууд бүгд л танаас ямар нэг амжилт хүлээж байсан. Яагаад болсонгүй вэ, алдаа нь юунд байв?
-Дасгалжуулагч, ээж хоёр намайг компьютер шиг хурдан нүүсэн гээд байсан. Хурдан нүүсэн болохоор л хожигдсон байх гэж бодож байна. Аав намайг ирэхэд хэлсэн амандаа хүрээгүй гэж гомдсон. Явахдаа би дэлхийн аварга болно гэж амласан байсан л даа.
-Дэлхийн аваргад хэдэн орны тамирчид оролцсон бэ. Таны амжилтын тухай?
-Мэдэхгүй ээ, зөндөө олон орны хүүхдүүд орсон байх аа. Заримынх нь тугийг хараад ч мэдэхгүй байсан. Харин манай 8 хүртэлх насанд 136 хүүхэд оролцсон. 11 өргөөс 6,5 оноогоор 38 дугаарт орсон.
-Таны мөрөөдөл?
-Дэлхийн аварга болох, дараа нь Каспаров шиг шатрын супер их мастер болох.
-Мөрөөдлөө биелүүлэхийн тулд хэрхэн хичээж байна. Шатар тоглоход тань ер нь хэн тусалдаг вэ?
-Бэлтгэл сургууль хэрэгтэй болохоор бэлтгэлээ сайн хийж байна. Шатар тоглоход ээж, аав, дасгалжуулагч тусалдаг. Бас би нээрээ “Чингис майнинг групп”-ын тамирчин болсон. Цалин авч байгаа. Компанийн ах, эгч нартаа баярлалаа гэж хэлье. Сая Словенид болсон дэлхийн аваргад оролцох зардлыг “Чингис майнинг групп” хариуцсан.
-Өдөрт ямар хугацаанд бэлтгэл хийж байна вэ?
-/Хэсэг бодолхийлэв/. Өдөрт 3-4 цаг хичээллэж байгаа. Багш надад өөрийнхөө авчирсан номноос заадаг. Бас компьютераас дэлхийн том шатарчдын өргийг бас заадаг.
-Дэлхийн мундаг шатарчдыг хэр сайн мэдэх вэ. Их мастеруудыг нэрлэж чадах уу?
-Хамгийн мундаг нь Карлсен. Их мастерууд гэвэл Ботвинник, Смыслов, Заяцев, Гата Камский, Фишер, эгч дүү болгар, Капабланка, Каспаров, Ананд…
-Хөөх, яаж ийм олон их мастеруудын нэрийг мэддэг юм бэ?
-“Шатрын гоц авьяастнууд” гэдэг номноос аав маань уншиж өгдөг юм.
-Монголд харин хэдэн их мастер байдаг юм вэ. Эгч нь шатрын спорт төдийлөн сайн мэдэхгүй болохоор л асуугаад байна?
-Зургаа байдаг. Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Т.Батчимэг, Б.Гүндаваа, Б.Мөнгөнтуул, Батчулуун гэдэг ах, эгч нар байдаг.
-Танай гэр бүлд танаас өөр шатар тоглодог хүн байдаг уу?
-Байгаа. Аавыг бол дандаа хождог. Ээжтэйгээ хоёр тоглоход нэг хожоод, нэг ничээд байгаа. Одоо том дүү бас шатар өрж сурсан. Аав, ээж, бид гурав нүүдэл зааж өгч байгаа.
-Спорт сурвалжилдаг ах, эгч нар чинь “Бөртэ Чоно” гэдэг шилдэг тамирчдын шалгаруулалтад нэрийг тань дэвшүүлсэн байна. Азийн аваргаас блиц, рапид, стандарт гурван төрөлд алтан медаль хүртсэн, Монголын хамгийн залуу шатарчин гэдэг утгаар нь. Энэ талаар сонссон уу?
-Үгүй ээ.
Ийнхүү хээв нэг хариулах бяцхан шатарчинтай хийсэн бичил ярилцлагаа ийн өндөрлүүлэв. Энэ дашрамд түүний дасгалжуулагч Леонид Роговойтой уулзлаа. Тэрбээр хуучнаар ЗХУ-ын Украйн улсын гавьяат дасгалжуулагч бөгөөд их мастер Иванчук, Балко нарыг дасгалжуулж байжээ.
-Танд юуны өмнө Монголын авьяаслаг нэгэн хүүг Азийн аварга цолд хүргэсэнд талархал илэрхийлье. Е.Төгстөмөрийн онцлогийн талаар сонирхуулахгүй юү?
-Баярлалаа. Е.Төгстөмөртэй хоёр дахь жилдээ хичээллэж байна. Тэр бол их онцлог авьяастай хүүхэд. Шатарт дургүй гэхийн аргагүй. Ээжийнх нь ярианаас тэгж мэдрэгддэг. Саяын Словенид болж өнгөрдөг өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зарим өргүүд шатар судлаач, дасгалжуулагчдын анхаарлыг их татсан. Үнэхээр их мастерын төвшинд нүүж байна гэж хэлэх нэгэн ч байсан. Чухамдаа түүний тоглолтын арга барил, хурц нүүдлүүд, хэцүү байдлаас гарч байгаа хувилбар, комбинаци зэрэг нь Фишер нарын их мастеруудын өргийг санагдуулдаг. Зургаан насандаа ийм нүүдэл хийж байна гэдэг бол онцгой авъяас шүү. Каспаров ч ийм багадаа ингэж нүүж байсан гэж хэлж мэдэхгүй юм. Саяын тэмцээнд тоглосон бүх өрсөлдөгч нар нь 8 настнууд байсан. Тэгээд бодохоор ирэх жил, түүний хойтон жил боломж байна л гэж харж байна. Гэхдээ мэдээж их хөдөлмөрлөх хэрэгтэй.
-Та одоо түүнд ямар зүйлийг зааж, сургаж байна?
-Цагаанаас е4 гараа, хувилбарууд зааж байгаа. е4 гараа нь танд тайлбарлаж хэлэхэд олон хувилбартай, эсрэг талаас ч олон хувилбартай. Алдаатай нэг л нүүдэл хийвэл хожигдолд хүргэдэг тийм л гарааны хувилбар л даа. Энэ хувилбараас олон зүйлийг сурч байгаа байх гэж найдаж байна.