Умард Солонгос алсын тусгалт пуужингийн туршилт амжилттай болсон гэж үзэж байгаа боловч олон улсын цөмийн шинжээчид Умардыг АНУ болон бусад байт газруудад хүрэх алсын тусгалт цөмийн цэнэгт пуужин үйлдвэрлэх хэмжээнд хүрэх болоогүй гэжээ. Гэвч Умардын гурван үе шаттай, алсын тусгалт пуужингийн туршилт анх удаа амжилттай болсон нь дэлхий нийтийн анхаарлыг татаж, хөрш орнуудыг “бухимдуулж” чадсан билээ.
Цөмийн шинжээчдийн хэлж буйгаар цөмийн технолиги нэвтрүүлэхэд олон жилийн системтэй, нарийн судалгаа, шинжилгээ явуулах шаардлагатай. Гэвч Умард Солонгос шиг эдийн засаг нь доройтсон, хүн амын дийлэнх нь ядуурал, өлсгөлөнд нэрвэгдсэн улсын хувьд ийм технологи нэвтрүүлэх бараг боломжгүй гэнэ. Умард Солонгост АНУ болон холбоотон орнууд, хөрш улсуудаа заналхийлэхэд цөмийн өндөр технологи, илүү хүчтэй, хөнөөлтэй зэвсэг хэрэгтэй.
Умардын алсын тусгалт пуужингийн энэ удаагийн туршилт олон удаагийн бүтэлгүй оролдлогын эцэст хэдэн сая хүнийг өлсгөлөн, гуйланчлал руу хөтөлж байж амжилттай болсон юм.
Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун алсын тусгалт пуужинг хөөргөх үйл явцыг бүхэлд нь хянаж, хөөргөх тушаалыг өгсөн байна. Умард Солонгос алсын тусгалт пуужинг өнгөрсөн лхагва гаригт орон нутгийн цагаар өглөөний 9:59 минутад хөөргөсөн бөгөөд хөөрснөөс хойш 9 минут, 27 секундын дараа хиймэл дагуул тойрог замд орсон юм. БНСУ-ын Батлан хамгаалахын албаны хүний мэдээлснээр Умард Солонгосын хөөргөсөн хиймэл дагуул тойрог замд 7.6 км/сек хурдтай явж байгаа боловч сансрын тойрог замд ямар даалгавартай очсон нь тодорхойгүй байгаа гэнэ.
Умард Солонгосын тал цаг уурын шинжилгээ болон ургацын гарцыг судлах зорилгоор хиймэл дагуул хөөргөсөн гэж байгаа авч АНУ болон холбоотон орнууд үүнийг алсын тусгалт пуужингийн цөмийн технологийн нэг хэсэг гэж хардаж байна.