МҮБХ-ны нарийн бичгийн дарга, бөх судлаач Б. Цогтбаатарын дуу хоолой бөх сонирхогчдын хувьд танил болсоор хорь гаруй жил болж байна. Хүүхэд байхын л бөхийн тайлбарлагч болохыг мөрөөддөг байсан хөдөөгийн хүү тухай үедээ үзсэн бөхийн барилдааны тэмдэглэлийг алгасалгүй хөтөлнө. Бас сүүний жижигхэн бедон бариад микрофон болгож бөх тайлбарлана. Хүүгийнхээ хүсэл мөрөөдлийг анзаарсан ээж аав нь ч бөхийн сонин хэвлэл захиалж өгч, бөхийн тухай мэдээ таарвал хайчилбар, зураг бэлтгэж өгдөг болцгоожээ. Улмаар дунд сургуулийн багш нар ч дэмжих болж, бөх тайлбарлагч Ганбаатарт шавь оруулснаар гараагаа эхлэж байсан юм билээ. Ингээд 1990 оны эхээр МҮБХ байгуулагдахад “данстай” болж, 1991 онд ардын хувьсгалын 70 жилийн ойн өмнө засуулч, бөх тайлбарлагчийн сонгон шалгаруулалтанд тэнцсэнээр бөх тайлбарлах болсон тухайгаа дурссан нь бий. Мөн энэ хугацаанд Б.Цогтбаатарын бөх судлалын чиглэлээр гаргасан хэд хэдэн ном олны хүртээл болоод байгаа юм. Үүний нэг нь манай сайтын “Гарьд магнай”-н саатах “Монгол бөхийн аваргууд” билээ.
Ингээд сайтынхаа хамт олны зүгээс бөх судлаач Б.Цогтбаатарт баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Эх сурвалж: www.TODMAGNAI.MN