“Тод магнай”-н шинэ дугаар худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

“Тод магнай”-н шинэ дугаар худалдаанд гарлаа

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр болох шинэ жил хаяанд ирлээ. Хүйтэн өвлийн тэсгим жавар хацар жиндээн тэсвэр алдуулах нь олонтаа ч  хойморт дүнхийх ганган гацуур, баярын ширээнээ зэхсэн оргилуун дарс, бялуу, цагаан сахалт өвлийн өвгөн, хайр татам энхрий охидын дэгжин гоёл үргээж орхидог гэлтэй. Ийнхүү  хүйтэн жаврыг үргээн шинэ он хаалга тогшиж байна. Хүн бүр л  энэ оны ололт амжилтаа дүгнэн, ирэх жилийг хамгийн сайн сайхнаар бэлгэшээн төлөвлөдөг билээ. Ийм л торгон өдрүүд ар араасаа үргэлжлэх мөчид “Тод магнай” сэтгүүлийн хамт олон шинэхэн дугаараа уншигч олондоо өргөн барьж байна. Сэтгүүлийн хамт олны хувьд 2012 он амжилт бүтээл, олз омгоор дүүрэн жил байсныг тэд онцлоод 37 дахь дугаараа талархлын үгстэйгээ хамтатган  Монгол орны дөрвөн зүг, найман зовхист илгээжээ.  Энэ удаад “Тод магнай”-н хойморноо Монгол улсын Манлай уяач Ц.Доржсүрэн  тухалсан ажээ.

Алдарт Даян түмний хээрийн эзэн Манлай “ Миний хээрийн амжилтыг эвдэх адуу дахин төрөхгүй” хэмээн дэлгэрэнгүй ярилцлага өрнүүлсэн байна. Улаанбаатар хотын унаган хүүгийн бага нас Чингэлтэй, Долоон буудал хавиар  өнгөрсөн гэдэг. Үеийнхээ хөвгүүдийн адилаар лааз өшиглөж, хөлбөмбөг, гүйлтээр хичээллэдэг байсан жаалхүүгийн сэтгэлд адуу өөрийн эрхгүй л дотно санагдана. Тиймдээ сурагчдын амралт эхлэв үү үгүй юу адуу руугаа “алга болж” өгнө. Үүнээсээ болоод үе үе багш нартаа зэмлүүлэх  ч хэзээ ч шантарч байсангүй. Улмаар наймдугаар ангиа төгсөөд мал дээр гарснаар  ирээдүйн Манлайн амжилтын гараа эхэлж байсан юм билээ. Энэ мэт олныг өгүүлж болох ч уншигч танаа үлдээж байна. Нэгэн цагт хурдаараа гайхагддаг байсан Партизаны уяачид Манлайтай хамтран  адуугаа сайжруулахаар ханцуй шамлан ажилдаа ороод байгаа сонинг ч бас дуулгана билээ.

Энэ удаад “Тод магнай”-н “гал тогоо” зочдын хөлд дараатай өнжсөн байх ажээ. “Ажнай шарга” галын гишүүн, аймгийн Алдарт уяач Д.Жаргалсайхан “Тод хээр”-ийнхээ тухай сонирхолтой ярилцлага өрнүүлсэн бол “Урлаг соёл”, “Монгол бардамнал” сонирхолтой зочдын содон яриагаар үргэлжилсэн байна. Мэдээж байнга л шинэ сонин мэдээ дуулгаж байдаг “Урт чих”-ийг орхиж бас боломгүй юм. Энэ мэт будаг нь ханхалсан шинэ дугаар уншигчдын хүртээл боллоо.

“Тод магнай” сэтгүүлийн шинэ дугаарыг “Интер” , “Номин” их дэлгүүрийн салбарууд, “Билэг” их дэлгүүрийн номын дэлгүүрүүдээр худалдаалж байна.  Мөн 9408-2992, 9406-2992 дугаарт холбогдон авч болох ажээ.

Эх сурвалж: WWW.TODMAGNAI.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж