Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сард болно

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сард болно

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийг хэлэлцэж байна. Ингээд хуулийн төслийг боловсруулсан УИХ-ын гишүүн Р.Бурмаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслүүдийг танилцууллаа.

Ерөнхийлөгчийн сонгуулийг автомат системээр явуулах, гадаадад амьдарч буй иргэдийн саналыг зөвхөн консултай газруудад санал авах зэргийг тусгасан байна. Мөн сонгуулийн сурталчилгаа, нам эвсэл хэрхэн сонгуулийн сурталчилгааг хийх, нэр дэвшигчид ямар хуулийн заалтуудыг зөрчихгүй байх зэргийг тусгайлан тусгасан.

Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг 07.00-22.00 хооронд авахаар тусгасан байна. Энэ удаагийн сонгуульд гадаадад амьдардаг иргэд, оюутанууд болон санал өгөх боломжгүй хүмүүсийн саналыг анхаарах нь зүйтэй гэж хуулийн төсөл боловсруулагчид онцоллоо. Өмнөх сонгуулиудын адил санал өгөх боломжгүй иргэдээс өмнөх өдөр нь зөөврийн хайрцгаар  санал авах юм байна.

Р.Бурмаа гишүүн хуулийн төслийн танилцуулга хийсний дараагаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны саналыг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар сонгогчдын ирцэд анхаарч ажиллахыг сануулсан байна. Үүний дараа УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

МАН-ын гишүүн Я.Содбаатар “УИХ гурван намын төлөөлөлтэй. Гэтэл Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг МАН-гүйгээр баталсан. Үүний дараа олон маргаан дагуулсан. Гэтэл одоо бас МАН-гүйгээр Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэх гэж байна. УИХ-ын сонгуулийн маргааныг цэгцэлж дуусаагүй, бүрэн бус байна. Гэтэл дараа дараагийн сонгуулийн хуулиудыг ярих нь зүйтэй биш. Тиймээс СХД, МАХН-ын намын жагсаалт болон Өвөрхангай аймаг зэрэг маргаантай байгаа тойргуудын асуудлыг шийдэж УИХ-аа бүрдүүлэх хэрэгтэй байна” гэсэн санал хэллээ. Мөн автомат машин олон асуудал дагуулсан. Сонгогчдод эргэлзээ төрүүлэхгүйн тулд өмнөх сонгуультай холбоотой автомат машины  асуудлыг СЕХ-ноос шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүллээ.

Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тавдугаар сард хийдэг байсан ч нэг сараар хойшлуулсан юм байна. Энэ талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийг харж байхад оны өмнө хуулиа батлаад, зохион байгуулалтаа хийдэг байсан бол энэ удаад автоматжуулсан системээо явуулах, гадаадад байгаа иргэдийн саналыг авах, саналын хуудсын нууцлал зэргийг харгалзан хугацааг хойшлуулсан” гэлээ.

Сонгуулийн хуулийг тухайн сонгууль болохоос зургаан сарын өмнө батлах хуультай. Арванхоёрдугаар сард баталбал, тавдугаар сард биш, зургадугаар сард зохион байгуулахаар болж байгаа юм байна.

Хуулийн төслийг хэлэлцэх явцад гишүүн М.Энхболд “Өмнө нь баталсан сонгуулийн хуулиар хоёр удаа сонгууль зохион байгуулах боломжгүй юм уу. Заавал шинээр санаачлах шаардлагагүйгээр, нэмэлт өөрчлөлт явуулах боломж байсан уу” гэдгийг тодруулав. Үүнд Р.Бурмаа гишүүн хариулахдаа “Олон улсын төвшинд сонгуулийн хуулийг сонгуулийн дараа алдаа оноотой зүйлээ засч, залруулах нь зүйтэй гэсэн байдаг. Мөн орчин үетэйгээ ойр буюу автоматжуулсан системээр явах, иргэний цахим үнэмлэхийг шинэчилснээр явуулах зэрэг олон шаардлага бий болдог. Тиймээс хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй юм” гэлээ.  УИХ-ын гишүүдийн асуулт хариулт үргэлжилж байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж