Хоёр аймагт өвөлжилт хүнд байна

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

Хоёр аймагт өвөлжилт хүнд байна

Өчигдөр Төрийн ордонд Улсын онцгой комисс хуралдлаа. Засгийн газрын Шадар сайд,  Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва хуралдааныг даргалж, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дэд дарга Д.Цээсод-Оролцоо мэдээлэл хийсэн байна. Тус хуралдаанаар орон нутагт өвөлжилт хэр явагдаж байгаа талаар болон цас зудын асуудлыг хэрхэн даван туулах талаар ярилцсан байна. Одоогийн байдлаар нийт нутгаар орсон цасны хэмжээ 2009-2010 өвлийн байдалтай төстэй байгаа аж. Хэдийгээр цаг агаар хүйтэн байгаа ч олон жилийн дунджийн орчим хэвийн байгаа гэсэн мэдээллийг өгсөн байна. Улсын хэмжээнд цөөнгүй аймаг, 100 гаруй сум зудтай байгаагаас Увс, Өвөрхангай зэрэг аймагт өвөлжилт нэлээд хүндэрсэн гэдгийг онцолсон байна. Өвөрхангай аймгийн зарим сумын цасанд боогдсон 900 гаруй айлыг нүүлгэхэд 42 сая төгрөг хэрэгтэй болсон байгаа аж. Уг хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Онцгой комиссын ажил идэвхжив үү” гэсэн асуултад Шадар сайд Д.Тэрбишдагва “Ээлжит хурлаа хийж байна” гэсэн хариултыг өгсөн байна. өнгөрсөн сарын сүүлчээр долоон аймагт өвөлжилт хүндэрч байгаа гэсэн мэдээллийг Улсын онцгой комисс өгч байсан юм. Харин одоогоор ажлын шуурхай хэсэг гарч ажилласнаар энэ байдал харьцангуй намжжээ.

Өмнөх сарын 12-ны өдрийн байдлаар Увс аймгийн Малчин суманд 49 см, Хяргас суманд 34 см, Баруунтуруу суманд 18 см, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 20 см, Чандмань-Өндөр, Цагаан-үүр суманд 18 см, Улаан-Уул суманд 16 см, Архангай амйгийн Хотонт суманд 18 см, Төвшрүүлэх суманд 15 см, Хашаат суманд 12 см зузаантай цас унаад байгаа аж. Улмаар Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт, Алдар багийн 57 айл өрх, 37500 толгой мал, Хяргас сумын 60 гаруй айл өрх,45 мянган толгой малыг нүүлгэн шилжүүлсэн байна. Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд 20 см, Өлзийт суманд 12 см, Завхан аймгийн Тосонцэнгэл, Түдэвтэй, Яруу суманд 11 см, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд 11 см, Булган аймгийн Баяннуур суманд 13 см, Гурванбулаг суманд 12 см зузаан цасан бүрхүүл тогтсон гэсэн мэдээлэл гарсан юм. Харин энэ дундаас хоёр аймгийн өвөлжилтийн байдал хүндрээд байна. Мөн өвөлжилт хүндэрсэн 16 аймагт өвс хүргүүлээд байгаа билээ. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гол, мөрөн, нуурын мөсний зузаан  нь олон жилийн дунджаас харьцангуй нимгэн байх үзэгдэл сүүлийн жилүүдэд эрчимтэй ажиглагдаж байгаа тул тээвэрлэлт хийх, мал туух, зорчихыг хориглох, золгүй тохиолдлоор амь эрсдэхээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулсан байна.

 Э.БАЯСГАЛАН
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж