Ирээдүйн асуултын хариу өнөөдөрт оршдог

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

Ирээдүйн асуултын хариу өнөөдөрт оршдог

Хүмүүс амьдарч байна. Бурханаас өөрт нь заяасан хувь тавилангынхаа төөргөөр ирж, буцаж ээлжилж солигдож оршин байна. Гуниг, баяр хоёр ээлжилж эгшиглэдэг хүний амьдралд илүү ч үгүй дутуу ч үгүй энэ хүмүүсийн дунд би ч бас алхаж явна. Амьдралыг хүмүүс өөр өөрсдийнхөөрөө л хэмждэг. Тэр л хэмжүүрээрээ амьдардаг.

Зарим нэг хүмүүсийнх нь амьдрал нэг өдрийн хэдэн мянга, хэдэн сая, хэдэн тэрбумаар хэмжигдэж, төдий хэрийн хэрэглээтэй байхад зарим нь хэдхэн зуун төгрөг, бүр нэг ч зоосгүй, хорвоогийн нөгөө өнцөгт зарим нэг нь ганцхан халбага хоол ч олдохгүй өлбөрч үхэж байна. Хэн нэг нь гэр бүлээ тэжээхийн төлөө өдөр шөнийг ялгалгүй зүтгэж, өөрийнхөө биеээс хэд давсан хүнд ажил хийж, зарим нь хүний нутагт бусдын боол болж, өдөр хоногийг өнгөрөөж ядаж явахад, өөр нэг хүн өөрийгөө зугаацуулж, өөрийнхөө охин шиг бүсгүйчүүдтэй зугаацаж, идэж уух, унтаж хэвтэхийн төлөө мөнгийг нойлын цаас шиг гараа арчаад хаяж байна.  Хүмүүс амьдрах байраа олохын тулд насаараа өр тавьж, өтөлтлөө тэр өрнийхөө төлөө амьдарч байхад тэр хүний насаараа төлж яваа мөнгийг ганц өдөр ч хүрэхгүй хугацаанд олж, цацаж, үрж, эвдрээд дуусах, элэгдээд алга болох хэрэггүй шахуу зүйлд хамаг мөнгөө цацаж байна. Яагаад ийм байдаг юм бол.

Хэдхэн хоногийн өмнө төрийн эрхэнд гарахын төлөө үхэн хатан зүтгэж, гуйж, горьдож, хамаг халаасаа сэгсэрч, хайр найргүй найр тавьж, царайчилж, хамаг сайхан бүгдийг амлаж ард түмний өмнө мөлхөх шахан гүйж явсан хүмүүс өнөөдөр дээгүүр харж, царайгаа хувиргаж, том дуугарч, дураараа аашилж, хэдэн тийшээ хараад гэдийгээд сууж байна. Харин цаана нь бүхэл бүтэн нэг улсын эрх ашиг, нэг улсын ард түмний амьдрал ямар нэг байдлаар хохирч байна. Тэдэнд ингэж суух эрх олгосон гэж үү. Яагаад ийм хуурамч байж чаддаг юм бэ.

Монгол орны үзэсгэлэнт байгаль сүйдэж, байгалийн баялаг бусдын хоол болж уул уурхай хэдэн зуун сая их наяд төгрөгний хохирол учруулж, эх орныг гадныхан эзэлж, харин Монгол залуус Монгол ахуйгаас, Монгол ёс заншлаас, эх хэлээсээ, эх орноосоо улам холдож байна. Бидний сэтгэхүй, бидний ирээдүй хойчийн үзэл бодол улам бүр өөрчлөгдөж байна. Тэдний амьдралыг харах, амьдрах арга барил улам амар хялбар тийшээ хандаж, гэмт хэрэг улам бүр харгис болж, өвчин зовлон жилээс жилд залуужиж, архидалт,  гэр бүл салалт үнэндээ муу муухай зүйл улам их нэмэгдэж байна. Яагаад ийм бүтэлгүй байдаг юм бол.

Монгол улс 50 сая малтай байж махаа 4-10 мянган төгрөгөөр худалдан авч, сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ дөнгөж 20 хувийг дотоодоосоо хангаж байна. Химийн аргаар ургуулсан ногоо идэж, баталгаагүй хүнс хэрэглэж, түгжрэлтэй замтай, бухимдалтай амьдарч байна. Яагаад…

Эх орон минь буруугүй. Ард түмэн та нар буруугүй. Ирнэ гэхдээ гэртээ ч орж чаддаггүй, элгээ эгшээж хүлээдэг ижий минь сэтгэл шиг цагаахан итгэл найдварын гал унтраагүй байна. Босго даваагүй байхад минь бор гэрээ өндөлзтөл тосож үнсдэг аавын минь хайр шиг халуухан амны хишиг дуусаагүй байна. Сайхан амьдрал, сайхан ирээдүй сайхан эх оронд минь ирнэ дээ. Ирнэ.

Эх сурвалж: http://sahius-88.blog.banjig.net/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж