Сонгуулийн ирцэд санаа тавицгаав

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

Сонгуулийн ирцэд санаа тавицгаав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо сая хуралдлаа. Түүгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн юм. Хуралдаанд оролцсон 11 гишүүний 100 хувийн саналаар уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцэхийг дэмжлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн хамгийн их санаа тавьсан асуудал нь сонгогчдын ирц байв. Сонгуулиас сонгуульд улам бүр буурсаар байгаа сонгогчдын ирцийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг талаар гишүүд байр сууриа илэрхийлэв.

Гишүүн Ч.Сайханбилэг сонгуульд оролцох асуудлыг иргэдийн нийгмийн хариуцлагаа ухамсарласан үйл ажиллагаа болгох, ажилтнаа сонгуульд саналаа өгөх боломжоор хангах асуудлыг хувийн хэвшлийн байгууллагын нийгмийн өмнө хариуцах  үүргийн нэг хэлбэр болгох зэрэг арга хэмжээ авч болох юм гэж байлаа.

Мөн сонгуульд саналаа өгсөн иргэдэд санал өгсөн тасалбарыг нь үндэслэн зохих урамшуулал олгох, гар утасны нэгж, үзвэрийн билет зэргээр урамшуулах хэлбэр ч байж болно гэсэн санал гарч байлаа. Гишүүн Л.Цог сонгогчдын идэвх тааруу болж байгаа нь төр, засагт итгэх итгэл буурсны илэрхийлэл гэсэн бол гишүүн Ч.Сайханбилэг үүнийг “Хэт улстөржсөн өрөөсгөл ойлголт байна” гээд сонгогч залуучуудын идэвх сул байгаа нь огт өөр шалтгаантай гэлээ.

“Одоогийн 20-иод насны залуусыг төрөхөд пепси, кола нь бэлэн байсан. Дэлгүүрийн лангуу дүүрэн байсан. Тэд ардчилал, зах зээл ямар үнээр бий болсны үнэ цэнийг мэдэхгүй. Одоо лизингээ төлөөд л байр, сууц, машинаа аваад явж байгаа иргэдэд төр, засаг хамаагүй. Төр, засгаас хамааралгүйгээр амьдрал ахуйгаа аваад явах иргэд олширсон тул тэдэнд сонгуульд саналаа заавал өгөх шаардлага мэдрэгдэхгүй байгаа. Төр, засаг хэчнээн сайн ажиллаад ч дараагийн сонгуульд дахиад л ирцийн асуудал  гарч ирнэ. Тэгэхээр ирц сайжруулах зохих арга хэмжээг тусгаж өгөх хэрэгтэй” гэж байв.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай өмнөх хуульд сонгогчийн саналын хуудас хэвлүүлэх зардлыг тусгаж өгөөгүйгээс болж 2009 оны сонгуулийн дараа хийсэн аудитын шалгалтаар хуульд тусгаагүй зардлыг төсвөөс санхүүжүүлсэн гэсэн асуудалд СЕХ унаж байсан тухай СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэлж байв. Иймээс шинэ хуулийн төсөлд сонгуультай холбоотой бүх зардлыг тусгаж өгөхөөр болсон байна.

Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад байгаа Монгол Улсын иргэд оролцох талаар хуулийн төсөлд тусгасан. Тэдний саналыг ЭСЯ, консул байгаа газруудад авах юм байна. Гишүүн М.Батчимэг энэ жил болсон УИХ-ын сонгуульд гадаадад байгаа Монгол Улсын иргэд оролцсон ч энхийг сахиулагчид оролцож чадаагүйг сануулж үүнийг анхаарах хэрэгтэй гэлээ. Суданд 600 гаруй, Афганистанд 400 гаруй дайчин Монголоос алба хааж байгаа юм байна.

СЕХ-ны даргын тайлбарласнаар энхийг сахиулагчдын саналыг авах гэж үзсэн боловч зөвхөн ЭСЯ, консултай газруудад авдаг. Бусад тохиолдолд гадаад орны нутаг дэвсгэр дээр сонгуулийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон олон улсын гэрээ, конвенц байдаг гэсэн шалтгаанаар УИХ-ын сонгуульд энхийг сахиулагчдыг оролцуулж чадаагүй аж. Афганистанд ЭСЯ байгаа ч тэнд суурин суухгүй юм байна. Гэхдээ энхийг сахиулагчдыг сонгуульд оролцуулах боломжийг хайж тухай орноос зөвшөөрөл авах талаар ажиллаж боломж байж болохыг үгүйсгэсэнгүй.

Гишүүн Д.Эрдэнэбат Ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанд нь явуулахын тулд хуулийг дараагийн долоо хоногт батлах хэрэгтэйг хэлж байлаа.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.                           

     Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж