Аргентинд эсэргүүцлийн жагсаал болжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

Аргентинд эсэргүүцлийн жагсаал болжээ

Аргентинийн нийслэл болон өөр бусад хотуудад иргэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн жагсаал зохион байгуулж, цагдаа нартай мөргөлдсөн байна. Аргентинд өнгөрсөн 2002 онд 23 настай Марита Верон гэгч бүсгүй хүний наймаачдын гарт өртөн хулгайлагджээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор долоон эрэгтэй, зургаан эмэгтэй хүнийг хүний наймааны хэрэгт буруутган шүүсэн байна. Буэнос Айрес хотод энэ долоо хоногийн эхээр болсон шүүх хуралдаанаар шүүгчид эдгээр 13 хүнийг Марита Верон бүсгүйг хулгайлсан хэрэгт буруугүй гэсэн шийдвэр гаргасан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлжээ. Тэднийг дээрх хэрэгтэй холбоотойгоор өнгөрсөн хоёрдугаар сард баривчлан хорьж байсан байна. Буэнос Айрес хотын шүүгчид хэрэгт холбогдсон 13 хүнийг нотлох баримт байхгүй гэдэг шалтгаанаар хэргийг хаажээ. Марита Вероны ээж Сузана Тримарко охиноо хулгайлагдсаны дараа түүнийг хайж олохын тулд кампанит ажил зохион байгуулсан бөгөөд тэрээр охиноо одоо болтол олж чадаагүй ч кампанит ажлынхаа хүрээнд хүний наймааны золиос болсон 130 гаруй эмэгтэйчүүдийг аварч чаджээ. Мөн тэрээр 2007 онд хүний наймаанд өртсөн хохирогчдод туслах сан байгуулж, тэдэнд сэтгэл санаа болоод эд материалын тусламж үзүүлж эхэлсэн байна. Аргентины Ерөнхийлөгч Кристина Фернандес өнгөрсөн ням гаригт Сузана Тримарког кампанит ажлынхаа хүрээнд олон зуун эмэгтэйчүүдийг хүний наймаачдын гараас аварсаных нь төлөө түүнийг хүний эрхийн төлөөх шагналаар шагнаж урамшуулжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж