Авлигад үзүүлж буй улс төрийн дэмжлэг

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Авлигад үзүүлж буй улс төрийн дэмжлэг

Хөрөнгө орлогын мэдүүлгээ зөв бөглөх хэмжээний боловсролгүй нөхдүүд төрийн өндөр албан тушаалд томилогдоод, түүнийгээ зөвтгөөд сууж байгаа нь, түүнийг нь улстөрчдийн зүгээс хүртэл өөгшүүлээд байх нь Монголын төрийг ёс зүйгүй, муухай харагдуулж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас төрийн албан хаагчдын боловсролын байдалд хийсэн шалгалтын дүнг хэвлэлүүдээр тавьснаас хойш хэд хоног өнгөрөв. Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Ашигт малтмалын газар гээд төрийн томоохон агентлагуудад хийсэн шалгалтын дүнгээр дээд боловсролын дипломоо хуурамчаар бүрдүүлсэн 37 төрийн албан хаагчийг илрүүлжээ. Хууль бус баримт материал бүрдүүлж төрийн албанд шургалсан эдгээр нөхдөд хуулийн дагуу арга хэмжээ авахыг харьяалсан байгууллагуудад үүрэг болгоод долоо хоног өнгөрч байхад хариуцлага тооцсон газар нэгээхэн ч гарсангүй. Тэгэхээр шалгаад шалгасны үр дүн гардаггүй мэргэжлийн хяналтаар ч яах юм билээ. Ямар Я.Содбаатарын албантуудыг тэжээхийн тулд бүхэл бүтэн агентлаг байгуулсан биш дээ.
Уг нь жаахан ч гэсэн төрийн ёс зүй, зарчим гэж байдаг бол шалгалтын дүн гарсны маргааш л гаалийн дарга болоод НДЕГ, ХХҮГ, АМГ-ын удирдлагууд хэвлэлийн бага хурал зарлаж, тангараг өргөсөн төрийн албан хаагчдын нэр тэрийн гутаасан 37 нөхрийг ажлаас халж хариуцлага тооцсон тухайгаа орон даяар зарлаж, өөрсдийгөө ч, байгууллагаа ч аврах ёстой байлаа. Харин манайд тийм зүйл байдаггүй ээ. Төрийн байгууллагуудыг боловсон хүчнээр хангах үүрэг хүлээгээд, жилийн жилд сонгон шалгаруулалт зарлаад байдаг нөгөө их нэр хүнд, хүнд суртал бүхийн Төрийн албаны зөвлөл нь ч дээрх нөхдүүдийг ямархуу шалгуураар сонгоод, томилоод явуулснаа хэлэх цаг болсон баймаар. Хамгийн гол нь тэр олон хуурамч дипломууд нь хар зах дээр бөөнөөр зарагддаг хүүхнүүдийн шилэн оймстой адилгүй гэдгийг бодох ёстой. Дипломыг үйлдвэрлэдэг зардаг, түүнийг нь худалдаж авдаг бүхэл бүтэн сүлжээ бий болоод, тэр нь бүр төрийн албанд хүртэл шургалчихсан байхад түүнийг үг дуугүй хүлээн зөвшөөрөөд сууж байгаа агентлагийн дарга нарыг хэрхэн үнэлэх вэ.
Хэрвээ хэн нэг Дорж, Дондог, хувийн компанийн захирал доор нь ажиллаж байгаа ажилтан нь өөрийг нь хуурч мэхлээд, хуурамч материал бүрдүүлээд ажилд оржээ гэдгийг сонссон бол компанийг нь хулгайлаад алга болохоос өмнө амжиж хөөх байсан нь тодорхой. Харин төрийн байгууллага татвар төлөгчдийн мөнгөөр тоглож байдаг ёроолгүй сав учраас, түүний хойноос хөөцөлдөж гүйх Дорж, Дондогууд байхгүй учраас ноён Д.Цэвээнжав болоод бусад агентлагийн дарга нарт дор нь ажиллаж байгаа албан тушалтнуудын ёс зүй огтоос падгүй болж байна. Үүнийг авлигад үзүүлж буй улс төрийн дэмжлэг гэдэг юм. Гэхдээ авлигачдад үзүүлж байгаа улс төрийн дэмжлэг зөвхөн агентлагуудын түвшинд бат бөх байгаа юм биш гэдгийг нотолсон бас нэг хэрэг явдал саяхан манай парламентын түвшинд болсныг уншигчид санаж байгаа нь лав.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Авлигатай тэмцэх газартай хамтран хөрөнгө орлогын мэдүүлгээ худал бөглөсөн нөхдүүдийг нээлттэй сонсголд дуудаж байцаасан. Байцаагдсан нөхдүүдийн дотор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргаас авахуулаад МИАТ-ын дарга, аймгийн Засаг дарга, дүүргийн Засаг дарга гэсэн “махан тэжээлтэн”-гүүдээс авахуулаад “өвсөн тэжээлтнүүд”-ийн бүлэгт багтдаг улсын байцаагч нар цөөнгүй байсан. Нээрээ энэ далимд авлигач нар өөрсдийгөө тэрбумаар яригдах мөнгөн дээр ажилладгаа “махан тэжээлтэн”, саяар яригдах бага мөнгөн дээр ажилладгаа “өвсөн тэжээлтэн” хэмээх бүлэгт хамааруулдаг мэргэжлийн үг хэллэг хүртэл гараад байгаад сануулахад илүүдэхгүй байх. Тэр байтугай парламентын гишүүд маань хүртэл "Юун тэнэг жараахайнууд вэ. Том тулнууд нь хаана байна" гэж энэ тэр жинхэнэ "мэргэжлийн" авлигачид шиг ярьж байдаг шүү. Хоногт 12 цаг унан тусан ажиллаад сардаа хагас сая хүрэхгүй төгрөгийн цалин авдаг хувийн хэвшлийнхний дэргэд хувьд сая төгрөг их мөнгө боловч, татвар төлөгчдийн цуглуулсан төсвийн мөнгийг гарын үсэг зурах төдийгөөр гарынхаа салаагаар урсгаад сууж байдаг төсвийнхний хувьд бол бага л харагддаг юм байна. Тиймдээ ч тэр үү, нээллтэй сонсгол дээр манай нэр нөлөө бүхий улстөрчдийн зүгээс хүртэл “тэрбумаар тоологдох мөнгө иддэг нөхдүүд нь хаачив. Хоёрын хооронд өвсөн тэжээлтэнгүүдийг цуглуулж бидний цагийг дэмий үрэв” ухааны үг цухалзуулан АТГ-ынхныг жижигрүүлж байгаа харагдана лээ. Тэгээд хөрөнгө орлогоо санаатайгаар буруу мэдүүлсэн, нууж хаасан нөхдүүд нь ч түүнд нь бүр өөгшчихсөн “Хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөх заавар зөвлөгөөгөө бидэнд сайн сурталчилж, соён гэгээрүүлэх ажил хийгээгүйн чинь буруугаас ийм болов. Ер нь танай дарга хувийн өш хонзон авах зорилгоор намайг энд дуудсан” хэмээн авлигынхны өөдөөс үг сөргөөд сууж байх жишээтэй. Эцэс сүүлдээ хөрөнгө орлогоо нуусан нөхдүүд биш, энэ сонсголыг зохион байгуулсан хэдэн гишүүн энэ нийгмийн дайсан болоод дууссан гэвэл хилсдэхгүй. Улс төрчдийн зүгээс төдийгүй өдөр тутмын хэдэн сонингуудаар нээлттэй сонсгол зохион байгуулсан нөхдийг буруутгасан байр сууриуд ээлж халаагүй хөврөв. Тэгэхээр үүнээс авлига бол энэ нийгэмд байх ёстой, зүй ёсны үзэгдэл. Ганцхан хэмжээ дамжаагаараа л ялгаатай гэсэн үнэлэмж улс төрийн түвшинд ч, хэвлэл мэдээллийнхний түвшинд ч тогтчихсон юм байна. Үүнийг авлигад үзүүлж буй улс төрийн дэмжлэг гэж хэлж байгаа юм.
Уг нь бол хөрөнгө орлогын мэдүүлэг гээч зүйлийг АТГ байгуулагдсанаас хойш гарч ирсэн зүйл ч биш. Аль арав гаруй жилийн өмнөөс төрийн өндөр албан тушаалтнууд болоод тангараг өргөсөн төрийн албан хаагчдад “хөрөнгө орлогоо үнэн зөвөөр бөглөж, жил бүр шинэчлэн мэдүүлж бай” гэдэг эв энгийн шаардлага тавигдсаар ирсэн. Харин үүнийг олон нийтийн өмнө анх удаа нээлттэй зарлаж, шүүн хэлэлцсэн тохиолдол л анх удаа болж байгаа нь энэ. Хэзээ байтлаа монголчууд төрийн өндөр албан тушаалтнуудыг өмнөө суулгаж байгаад “та энэ өмч хөрөнгөө ямар орлогын эх үүсвэрээс бий болгосон бэ, яагаад нуун дарагдуулсан бэ” гэж асууж чаддаг байсан билээ. Энэ үүднээсээ харин ч АТГ-ыг байгуулснаас хойшхи гурван жилийн хугацаанд гарч байгаа анхны, хамгийн нааштай өөрчлөлт нь дээрх нээлттэй сонсгол. Тиймээс энэ сонсголыг зохион байгуулсан УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болоод гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин нарт юун түрүүнд талархал илэрхийлье.
Хуулинд хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд нь, үнэн зөв мэдүүл л гэсэн бол мэдүүлэх нь төрийн өндөр албан тушаалтнууд болоод тангараг өргөсөн албан хаагчдын хийх ёстой ажил. Тэр тусмаа хөрөнгө орлогын мэдүүлгээ зөв бөглөх хэмжээний боловсролгүй нөхдүүд төрийн өндөр албан тушаалд томилогдоод, түүнийгээ зөвтгөөд сууж байгаа нь, түүнийг нь улстөрчдийн зүгээс хүртэл өөгшүүлээд байх нь Монголын төрийг ёс зүйгүй, муухай харагдуулж байна. Харин энэ сонсголын ширээнд дараагийн удаа дан ганц “өвсөн тэжээлтнүүд”-ийг биш “махан тэжээлтнүүд”-ээ суулгах эсэх нь АТГ-ын дангаараа хийх ажил биш гэдэг нь сая болж өнгөрсөн сонсголын үеэр харагдсан. Авлигатай хийх тэмцлээ сайжруулья гэвэл Х.Тэмүүжин гишүүний хэлсэнчлэн “зүүний сүвэгчээр заан чихээд гаргаад ирдэг” хуулийнхаа цоорхойг эхлээд бөглө. Тэгээд авлигын асуудалд хандаж байгаа өөрсдийнхөө үнэлэмжийг өөрчил. 

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж