Хүмүүс рүү буу шагайж &#34тоглосон&#34 залуус хэн бэ

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

Хүмүүс рүү буу шагайж &#34тоглосон&#34 залуус хэн бэ

Бидэнд амьд явах эрх байна уу. Ийн асуусан учир маань гэгээн цагаан өдөр, автобусны буудал дээр өчнөөн олон хүн үр хүүхэд, халуун ам бүлдээ очихоор яарч, гэртээ харих унаагаа хүлээн зогсох мөчид машин хөлөглөсөн залуус буу гаргаж хүмүүс рүү чиглүүлж байгаад буудсан ноцтой хэрэг гарчээ.

Уржигдар буюу өнгөрсөн лхагва гаригт болсон энэ үйл явдал нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороо, Баянхошууны эцсээс нэг буудлын наана байх “Жанцан” нэртэй дэлгүүрийн дэргэдэх автобусны зогсоол дээр болсон бөгөөд гэмт этгээдүүд буудсан даруйдаа зугтаж алга болсон гэнэ. “Бууных нь сум хүмүүсийн чихний хажуугаар исгэрч шунгинаад цаана нь байх “Ёндоо” гэх дэлгүүрийн төмөр хаалгыг нүхэлж орхисон байна” гэх энэ дуулианыг сурвалжлахаар өчигдөр 11:30 цагийн үед газар дээр нь очлоо.

Баянхошууны эцсийнх шахам автобусны зогсоол, дээр нь сургууль, цэцэрлэг хажууханд нь байдаг гэх энэ буудалд биднийг очиход хөл хөдөлгөөн ихтэй, тэр дундаа бага насны хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүд олон байв. Тэр хавийн газрыг товчхон дүрсэлвэл автобусны буудлын замын хоёр талаар элдэв хаяг наасан жижиг дэлгүүр, хоолны газар, комиссын бараа гэх мэт элдэв хаягтай үйлчилгээний газрууд эгнэсэн байх бөгөөд замын зүүн талд нь тэр хавийнх нь хүүхдүүд сурдаг ерөнхий боловсролын 76 дугаар сургууль, мөн нэг цэцэрлэг байх. Энэ ч утгаараа бяцхан үрсээ сургууль номынх нь өргөөнд хүргэж өгөх, тосч авах гэсэн эцэг эх, эмээ өвөө нарын хөл тасардаггүй нь анзаарагдаж байлаа.

Биднийг очих үед балмад нөхдийн онилсон бууны тэнэсэн суманд өртсөн гэж тодорхойлж болох “Ёндоо” дэлгүүрийн эзэд хараахан ирээгүй, хаалга үүд нь түгжээтэй, цонх нь битүү хаалттай байсан юм. Харин тус дэлгүүртэй зэргэлдээ хаалганд үйлчилгээ явуулдаг “Баярлалаа” нэртэй хоолны газрынхан аль хэдийнэ үүдээ нээчихсэн үйлчлүүлэгчид ч олон байсан. Гуанзны ажилтан хэмээн өөрийгөө танилцуулсан эмэгтэйгээс болсон үйл явдлыг лавлахад “Өчигдөр/ хэрэг гарсан өдөр/ цагдаагийнхан ирээд явсан. Яасан ийсэн, юу болсон гээд гэмт хэрэгтэн шиг байцаагаад байхаар нь хөөгөөд гаргасан. Та нар нэр ус бичихгүй гэвэл юу болсныг хэлж болж байна” гэснээр асуултад хариулт авсан юм.

ТЭД НОХОЙН АНГУУЧИД БИШ БУУГААР ЗУГААГАА ГАРГАЖ
ЯВСАН ЗАЛУУС БАЙХ

-Энэ үйл явдал хэдэн цагийн үед болсон бэ. Та нар буун дуу сонссон уу?

-Өчигдөр /уржигдар/ 15:00 цагийн орчимд болсон. Гадаа гэнэт пан хийсэн дуу гараад, хүмүүс бужигнаад явчихсан. Гайхаад гартал манай гуанзны цонхон дээр хүмүүс овоороод “Хүн алах нь” гээд орилоод байсан. Сая юу болов гээд асуутал цагаан өнгийн Портер машинтай хүмүүс урд цонхоо онгойлгож байгаад буудчихаад яваад өглөө гэсэн.

-Машиных нь дугаарыг харж амжсан болов уу. Хүмүүс юу гэж байсан бэ?

-Тухайн үед сандраад юу болж байгааг ойлгоогүй. Манай энэ хүүхэд гэхэд энд, цонхны харалдаа зогсч байсан. Магадгүй жаахан наанаас буудсан бол манай цонхыг оноод тэнэсэн суманд нь бид өртөхгүй гэх газаргүй шүү дээ. Хүмүүс янз янзаар л ярьж байсан. Зарим нь бидний хажууд байсан золбин гөлгийг буудах гэж байсан байх гэхэд нөгөө хэсэг нь залуучууд зугаагаа гаргах гэж тэгсэн байх гэж байсан. Миний бодлоор залуус зугаагаа гаргах гээд буудсан биз. Яагаад гэвэл золбин нохой агнадаг хүмүүс чинь тусгай дүрэм журамтай өглөө эрт, эсвэл шөнө агнадаг гэсэн биз дээ. Гэтэл гэгээн цагаан өдөр олон хүн рүү чиглүүлж буудсан нь аймшигтай санагдаад байгаа юм. Хүмүүсийн ярьж байгаагаар цагаан өнгийн 61-62 улсын дугаартай Портер машинтай хүмүүс урд цонхоо онгойлгож байгаад буудсан. Ингэхдээ автобусны буудлын хажуугаар явж байснаа гэнэт зогсоод хүн авах гээд буудал зарлаад зогсч байсан хоёр микро автобусны дундуур буудсан байгаа юм.

-Хүмүүсийн дунд золбин нохой байсан юм уу?

-Жижигхэн шар гөлөг л гүйж байсан юм билээ. Тэглээ гэхэд өдөр, олон хүн руу чиглүүлж байгаад буудна гэдэг ноцтой биз дээ.

-Микро автобусны жолооч нар юу гэж байна?

-Микроныхон сандарчихсан байсан. Сум нь л гэхэд Отгоо гэдэг жолооч залуугийн чихний хажуугаар шунгинаад өнгөрсөн гээд сандарчихсан байсан. Та нар жаахан хүлээх юм бол цаадах чинь хүрээд ирнэ. Ер нь тэгээд гэгээн цагаан өдөр хүйтэн зэвсэг шагайдаг ямар амьтан байх вэ. Магадгүй тэд нохой агнах гэж байсан бол Хотын дарга энэ асуудлыг анхааралдаа авч хариуцсан хүмүүстэй нь хариуцлага тооцох ёстой. Энд хүний амь, амьд явах баталгааны асуудлыг ярьж байна. Бид өглөө ажилдаа явлаа гээд гарсан. Гэтэл орой нь танхай залуусын гарт өртөхөд бэлэн байлаа” гэсэн юм.

Сум яг миний хажуугаар гарсан

Бид автобусны буудал дээр багагүй хугацаанд хүлээж байж Отгоо гэх залуутай уулзан, цөөн асуултад хариулт авсан. Тэрбээр мөн л мэдээлэл өгөхөөс татгалзаж байв.

-Хүмүүс таны хажуугаар сум өнгөрсөн гээд байна. Та яг хаана байсан юм бэ?

-Би энд, микроныхоо хажууд тамхи татаад зогсч байсан. Тэгсэн гэнэт тас хийгээд сум шунгинаад. Тухайн үед юу болж байгааг ойлгоогүй.

-Хэр олон хүн байсан бэ. Таны дэргэд хүн байсан уу?

-Байгаагүй, би ганцаараа байсан. Буудал дээр зөндөө болсон.

-Та буудсан хүмүүсийг харж чадсан уу?

-Үгүй ээ. Юун тэрийг харах.

-Зарим нь тэр хүмүүсийг золбин нохой алах гэж буудсан байх гэж байна?

-Тэрийг мэдэхгүй, энд баахан хүмүүс дунд нэг гөлөг гүйж л байсан. Түүнийг алах гэлээ гээд өдрийн цагаар олны нүдэн дээр буу шагайгаагүй байлгүй дээ.

ЭНЭ ХЭРГИЙГ ХАВТАСТ ХЭРЭГ НЭЭН ШАЛГАЖ БАЙНА

Бид тэндээс хөдлөөд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст очсон юм. Биднийг очих үед тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга хуралтай гээд эзгүй байсан тул түүний туслахаас нь энэ хэргийн талаар тодруулсан. Тэрбээр “Наад хэргийг чинь манайхан шалгаж эхэлсэн. Хавтаст хэргийг нь бүрдүүлээд мөрдөн байцаалтын шатанд яваа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй. Маргаашнаас энэ талаар мэдээлэл авч болох байх” гэсэн юм.

Лхагва гаригт болсон ноцтой үйл явдлын тухай сурвалжлан хүргэхэд энэ. Магадгүй дээрх хүмүүс цагдаад баригдаж, мэдүүлэг өгөх дээрээ тулбал, “Бид золбин нохой алах гэж байсан” гэж хэлж ч болох. Тэгвэл тэднээс “Гэгээн цагаан өдөр, хүүхдүүд сургуулиа тараад гэртээ харихаар унаа хүлээн ид бужигнаж байх үеэр яагаад буудав” хэмээн асуумаар байна. Тэнд байсан хүмүүсийн ярьснаар 76 дугаар сургууль гурван ээлжээр хичээллэдэг бөгөөд яг тэр үед хоёрдугаар ээлжийнх нь хичээл тарж байсан юм билээ. Тэнэсэн суманд хүн, өртсөн бол яана.

Л.ОЮУНГЭРЭЛ
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж