
-Нэгдсэн сурах бичгийг орон даяар хэрэглэх болжээ. Төсөв мөнгө тааруухан байгаа энэ үед шинэ сурах бичиг хэр хүрэлцээтэй байх бол?
– БСШУ-ны сайдын 2009 оны 131 тоот тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг зохиох, хэвлүүлэх, түгээх журмыг шинэчлэн баталсан. Уг журмын дагуу яамны харьяа байгууллага болох Боловсролын хүрээлэн нь сурах бичгийн агуулга, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангаж, сурах бичиг зохиох ажлыг хариуцна. Харин хэвлүүлэх, түгээх ажлыг яам хариуцдаг. Өнгөрсөн сарын 6-нд 2010-2011 оны хичээлийн жилд шинээр зохиогдох сурах бичгийг зохиох зохиогч нарын багийг сонгох шалгаруулалтыг өдөр тутмын сонин хэвлэлээр зарласан. Боловсролын хүрээлэнд ирүүлсэн материал дээр үндэслэн манай яамны “Сурах бичгийн зөвлөл”-өөр хэлэлцэн, БСШУ-ны сайдын тушаалаар баталсан. Одоогоор Боловсролын хүрээлэн зохиогч нартай гэрээ байгуулан сурах бичгийн эх зохиох ажлыг эхлүүлээд байгаа. Мэдээж хүүхдүүдэд хүрэлцээтэй байхаар тооцож хэвлүүлэх болно.
– Сурах бичиг олон хувилбартай байдаг нь нэг сургуулиас нөгөө сургуульд шилжих үед их хүндрэл гардаг. Сурах бичиг олон хэрнээ агуулга нь ялгарахуйц байдаггүй. Энэ талаар яамнаас ямар зохицуулалтыг хийж байгаа вэ?
– 2005-2008 онд ерөнхий боловсролын системд хувилбартай сурах бичгүүдийг хэрэглэж байлаа. Энэ нь тухайн сурах бичгүүд доторх агуулга нь ижил хирнээ, өөр өөр зохиогчтой, өөр өөр хэвлэх үйлдвэрт хэвлэсэн байдал нь эцэг эхчүүдийг тухайн үед бухимдуулж байсан. Харин 2008 оны хичээлийн жилээс эхлэн энэ асуудал цэгцэрсэн. Тухайлбал 11 жилийн III ангийн монгол хэлний сурах бичиг гэхэд гурван хувилбартай , гурван өөр хэвлэлийн газар хэвлэж, өөрсдөө үнийг тогтоож, нийлүүлдэг байсан. Одоо тийм асуудал байхгүй болсон. Дээр дурдсан сайдын тушаалаар ерөнхий боловсролын сурах бичиг хувилбаргүй, үндсэн нэг сурах бичигтэй байхаар болсон .Жишээлбэл шинээр зохиож, нийлүүлэх 12 жилийн III ангийн монгол хэлний сурах бичиг нь улсын хэмжээнд нэг л байна гэсэн үг.БСШУЯ-наас шинээр гаргах сурах бичгээс бусад сурах бичгийг дахин хэвлэхгүй. Худалдаанд байгаа сурах бичгүүд энэ хичээлийн жилд хангалттай хүрэлцэнэ гэж үзэж байгаа. Харин өчигдрөөс шинээр гаргах 25 нэрийн сурах бичгийг хэвлэх тендерийн шалгаруулалтын зарыг тараасан. Сонгон шалгаруулалт энэ сарын 26-нд явуулна. Хэвлэлтэд өндөр шаардлага тавьж байгаа бөгөөд хангасан компанид сурах бичиг хэвлэх эрх олгоно.
-Нэг зүйлийг асуумаар байна. Шинэчилж нэгдсэн сурах бичигтэй болж эхэлсэн гэсэн хэрнээ зөвхөн гурав, наймдугаар ангийн номыг шинээр хэвлэнэ гээд байх юм. Бусад ангийнхан яах юм бэ. Нөгөө л олон зохиогчтой сурах бичгээ хэрэглэнэ гэсэн үг үү?
-Нэг жил бүх ангийн сурах бичгийг шинэчлэх боломж байхгүй байна. Одоогоос хоёр жилийн өмнөөс анги сонгон сурах бичгийг нь шинэчилж эхэлсэн. Энэ ажил 12 жилийн сургалттай болсонтой уялдаж 2014 он гэхэд дуусна. Ер нь сургуулиуд БСШУЯ-наас зөвшөөрсөн сурах бичгээс өөр ном шаардахыг 2008 оноос хориглосон байгаа. Шинэчлэл явагдаж дуустал 2005-2008 онд хэвлүүлсэн сурах бичгийг сургуулиуд хэрэглэж байх ёстой. Зөвшөөрөгдсөн сурах бичгээс өөр ном авахыг шаардвал бидэнд хандаж болно. Харин тусгай сургалттай сургуулиуд сонгоны хичээлдээ өөр ном ашиглаж болохыг үгүйсгэхгүй.
-Хэзээнээс 12 жилийн сургалтанд бүрэн шилжиж, нэгдсэн нэг сурах бичигтэй болох вэ?
-Ерөнхий боловсролын 11 жилийн сургалтаас 12 жилийн сургалтын системд 2008 оны есдүгээр сараас шилжсэн бөгөөд 2014 онд бүрэн шилжиж дуусна. Шилжилттэй уялдсан сурах бичиг шинээр зохиох ажил ч мөн адил 2014 гэхэд 12 жилийн 1-12 дугаар ангийн бүх сурах бичгүүд үндсэн нэг сурах бичигтэй болсон байхаар дунд хугацааны төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Шинэ сурах бичиг зохиох ажил 70 хувьтай байна
Сурах бичгийн агуулга, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангаж, сурах бичиг зохиох ажлыг хариуцан ажиллаж байгаа Боловсролын хүрээлэнгийн мэргэжилтэн Ж.Нарантуяагаас сурах бичиг зохиох ажлын явц ямар байгааг тодрууллаа.
“12 жилийн сургалттай 3,8 дугаар ангид үзэх шинээр зохиох 25 нэрийн сурах бичгийг ажил өнөөдрийн байдлаар 70 хувьтай явагдаж байна. Мөн энэ хичээлийн жилээс эхлээд 1-3, 7-9 дүгээр ангид хичээл заах биеийн тамирын багш нарт зориулан гарын авлага боловсруулж байгаа. Ирэх долдугаар сарын 1 гэхэд сурах бичгийн хэвлэх эх бэлтгэж дуусах ёстой. Тэгээд хэвлэх ажлаа эхлүүлнэ. Энэ хичээлийн жилд III ангийн Математик, Монгол хэл, Хөгжим, Хүн-орчин, Дүрслэх урлаг-технологи, Эх хэл/казак хэл/, наймдугаар ангийн Математик, Физик, Хими, Биологи, Хөгжим, Дүрслэх урлаг, Орос хэл, Монгол хэл, Уран зохиол, Монгол бичиг, Технологи, Эрүүл мэнд, Мэдээлэл зүй, Түүх, Нийгмийн ухаан, Газар зүйн сурах бичиг, биеийн тамирын 1-3, 7-9 дүгээр ангийн багшийн номыг эхийг бэлтгэж байна. Ерөнхий боловсролын сургуульд яамнаас хэвлэсэн сурах бичгийг л хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл энэ жилийн хувьд 12 жилийн сургалттай 3,8 дугаар ангиас бусад ангиуд одоо хэрэглэж байгаа номоо ашиглаж болно. Жил бүр ингэж шинэчилсээр 2014 онд бүрэн шинэчилж дуусна гэсэн үг” гэв.
Нэгдсэн сурах бичигтэй болж байгаад эцэг эхчүүд болон багш нар ямар сэтгэгдэлтэй байгааг гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23 дугаар дунд сургуулийн захирал Л.Уянгаагаас тодруулахад “Урьд нь хэд хэдэн хувилбартай сурах бичгийг ашиглаж байх үед эцэг эхээс гомдол их ирдэг байсан. 2008 оноос БСШУЯ-наас нэгдсэн сурах бичигтэй болох талаар хууль эрх зүйн зохицуулалтыг хийж өгснөөр манай сургуулийн хэмжээнд нэгдсэн нэг сурах бичгийг ашиглаж байгаа. Багш нар болон эцэг эхчүүд энэ шийдвэрт талархаж байгаа” гэв.
Д.Долгор