МАН-ын хоёр эмэгтэй гишүүндээ “хань” болж, хүч нэмэхээр үүрэг хүлээсэн эрхэм гишүүн Д.Сарангэрэл харин өчигдөр өөрөө өөрийгөө гишүүн болгохоос түдгэлзэх санал өгөв. Учир нь Д.Сарангэрэлийг УИХ-ын гишүүн болохыг зөвшөөрүүлэхээр санал хураалгасан ч шинэхэн гишүүн Д.Сарангэрэл өөрөө өөрөөсөө татгалзсан кноп дарчихав. Шинэ гишүүн сандарч тэвдсэндээ кнопоо арай зөөлөн дарчихаж. УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу кноп дарагдаагүй бол татгалзсанд тооцож санал хураадаг. Тиймээс шинэ гишүүн кнопоо дутуу дарсан учраас өөрөө өөрөөсөө татгалзахад хүрчээ. Өмнө нь УИХ-ын гишүүн Ц.Цолмон мөн кнопоо дутуу дарснаас өөрийнхөө эсрэг санал өгч байсан. Ц.Цолмон гишүүн Д.Сарангэрэлд хандаж “Би ч бас өмнө нь дутуу дараад эсрэг санал гарч байсан. Хоёулаа адилхан боллоо.
Цаашид кнопоо анхаарч бай” гэж нөхөрсгөөр санууллаа.