“Намайг хүчээр өргөдөл бичүүлсэн”

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

“Намайг хүчээр өргөдөл бичүүлсэн”

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Г.Баярсайханыг хууль бусаар томилогдсон гэж Нийслэлийн удирдлагууд үзсэн учир тэрбээр байгууллагын ажилд оролцож, асуудлыг шийдвэрлэх боломж нь хаалттай байсан юм. Үүнээс болоод НМХГ-ын ажилчид сар гаруй хугацаанд цалингаа авч чадаагүй тухай мэдээллийг холбогдох хүмүүс өгч байв. Тэгвэл хоёр хоногийн өмнө тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгчээ. НМХГ-ын даргаар сар гаруйн хугацаанд ажилласан түүнтэй ярилцлаа.

-Та ажлаа хүлээлгэж өгөх хүсэлтээ НЗДТГ-т гаргасан байсан. Та хүсэлтийг хүлээж авсан гэж ойлголоо?

-Би өчигдөр /уржигдар/ албан ёсоор ажлаа хүлээлгэж өгөөд байна. Үнэндээ бол өөрийн хүсэлтээр гэж байгаа ч хүмүүсийн шахалтаар гарч байх шиг байна. Манай ажилчдыг турхиран өрөөний үүдэнд суулт хийлгэсэн.  МХЕГ-ын даргын үүргийг орлон гүйцэтгэгч  Д.Гүнбазар ажлаас чөлөөлөх хүсэлт барьчихсан над дээр орж ирсэн.  Надад зориулсан бичиг гэсэн үг л дээ. Би тэр цаасыг нь шууд урсан. Гэхдээ би ухамсартай хуульч хүний хувьд цалингаа авч чадахгүйд хүрээд байгаа ажилчдаа бодоод ажлаа хүлээлгэж өгөхөөр шийдсэн. Одоогоор НМХГ-ын даргыг дэд дарга М.Ням-Очир түр орлон гүйцэтгэж байгаа.

-Үнэхээр танд шахалт үзүүлсэн гэж үзэж байгаа юм уу?

-Тэгж бодож байгаа.  МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргийг хэлэлцсэн хяналтын шатны шүүхийн шийдвэртэй холбоотойгоор миний томилгоог цуцлах асуудал гэнэт яригдаж эхэлсэн.  Учир нь шүүх хурлын шийдвэр гарсаны дараа МАН-ынхан болон МХЕГ-ын удирдлагууд шөнө дунд намайг дуудаж, хууль бусаар буюу хууран мэхэлж ажлаас татгалзах өргөдөл бичүүлсэн. Уг нь тэр өдөр Д.Гүнбазар эмнэлэгт хэвтэж байсан чинь намайг ажлаас огцруулах зорилгоор эмнэлгээсээ гарсан байсан.

-Хүчээр өргөдөл бичүүлсэн гэдгийг та илүү дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?

-МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Гүнбазар, дэд дарга н.Эрдэнэбилэг  нар намайг өрөөндөө дуудан, өмнөө суулгаж байгаад энэ өргөдлийг тулган хүлээлгэж, хүчээр шахуу бичүүлсэн. Д.Гүнбазар “НМХГ-ын ажилчид таниас болоод цалингаа авч чадахгүйд хүрээд байгаа. Ажилчид удахгүй МХЕГ-ын үүдэнд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах гэнэ. Та тэднийг бодоод ажлаа хүлээлгээд өгчих. Шадар сайд Д.Тэрбишдагватай энэ талаар ярилцсан. Таныг ажлаа хүлээлгэж өгсөн нь дээр гэж байна лээ” гэсэн утгатай зүйлс ярьсан. Тэр үед би “Энэ асуудлыг өрөөндөө очиж бодож байгаад, холбогдох хүмүүстэй хэлэлцэж шийдье” гэсэн. Гэтэл Д.Гүнбазар “Өргөдөл бичихэд хаана бичих нь ялгаагүй. Та энд биччих” гээд над руу илт тулгасан. Нэгдүгээрт ажилчдаа бодоод, хоёрдугаарт Шадар сайдыг санал нийлсэн гэхээр нь аргагүйн эрхэнд тэдний хүсээд байсан ажлаас татгалзах хүсэлт бичиж өгөөд явсан. Гэхдээ би дараа нь тэр хүсэлт дээр бичсэн өргөдлөөсөө татгалзаж байгаагаа бичиж, залруулсан. 

-Одоо НМХГ-ын удирдлагыг хэзээ сонгох юм бол? Барилгын осол, аваар гээд та бүхний ажлын хариуцлагатай холбоотой олон асуудал гарч ирж байгаа ч сүүлийн хэдэн сар даргынхаа асуудлыг шийдэх гэж сунжирлаа. 

-Засаг дарга Э.Бат-Үүл Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Эрдэнэбатыг санал болгочихсон байгаа шүү дээ. Харин МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Гүнбазар нарын зүгээс НМХГ-ын зөвлөхөөр ажиллаж байгаа н.Нанжидыг санал болгох гэж байгаа гэсэн. н.Нанжид бол нийслэлийн Гаалийн газрын дэд даргаар ажиллаж байсан хүн. Сар орчмын хугацаанд хамтарч ажиллахад зөв бодолтой, шударга, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг хүн байна гэж ажиглагдсан. Д.Гүнбазарыг “Таны оронд н.Нанжидыг НМХГ-ын дарга болгоно” гэж хэлэхэд нь би хувьдаа дэмжиж л байсан. 

-Та Шадар сайдтай уулзсан уу?

-Уулзсан. Өнгөрсөн даваа гаригт уулзаад  “МХЕГ-ын дарга Д.Гүнбазар намайг хүчээр өргөдөл бичүүлсэн. Би ажлаа хүлээлгэж өгмөөргүй байна. Миний өргөдлийг хүчингүй болгож өгөөч” гэж Шадар сайдад хандсан. Гэтэл Д.Тэрбишдагва сайд шууд “Боломжгүй” гэсэн хариулт хэлсэн. Яагаад надад ингэж хандсаныг нь гайхаж л байна.

-Таныг хууль бусаар томилсон гэх яриа анхнаасаа байсан. Үүнд та тайлбар өгөхгүй юу?

-Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийг зөрчиж намайг томилсон нь үнэний талтай. Учир нь аймаг, нийслэлийн МХГ-ын даргыг Улсын ерөнхий байцаагч буюу МХЕГ-ын дарга томилно гэж заасан байдаг. Д.Гүнбазар бол МХЕГ-ын дарга бус даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч учир намайг НМХГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох  ёстой байсан юм. Гэтэл Д.Гүнбазар намайг өнөөдөр ингэж хэрүүлийн алим болгохын тулд хэргээр ийм шийдвэр гаргасан юм шиг санагдаж байна. 

-Та тэгээд энэ талаар тухайн үед нь хэлсэн үү?

-Д.Тэрбишдагва сайдад ч хэлсэн. Д.Гүнбазарт ч сануулсан.

-Тэд нар хотын даргатай зөвшилцсөн үү? Уг нь бол Засаг даргатай хамгийн түрүүнд ярилцах ёстой шүү дээ.

-Миний бодлоор МХЕГ-ын даргын саналтай танилцаад өнгөрөхийг л зөвшилцөх гэж яриад байгаа юм биш үү. Тэр талаар сайн мэдэхгүй байна.

 -МХЕГ ч одоо ялгаагүй албан ёсны удирдлагагүй байгаа. Түр орлон гүйцэтгэгч өнөөдөр энэ байгууллагыг даргалж байна. Хэзээ албан ёсны даргатай болох талаар та мэдсэн үү?

-Уг нь бол Шадар сайд Д.Тэрбишдагва МХЕГ-ын даргаар тус газрын дэд дарга н.Эрдэнбилэгтийг томилох хүсэлт гаргасан гэсэн. Гэтэл н.Эрдэнэбилэгт урьд нь албаны баланк ашиглан, бусдыг  мэхэлж байсан нь тогтоогдсон тул МХЕГ-ын даргыг томилох асуудал гацаанд орсон юм билээ.

-Өнгөрсөн бага ч гэсэн хугацаанд та ямар ажил амжуулсан гэж өөрийгөө дүгнэх вэ?

-Найман ажилд голлон анхаарсан. Тодорхой ярьвал, өнгөрсөн жилүүдэд бараа, бүтээгдэхүүн нийлүүлж байгаа компаниудтай НМХГ ямар ч гэрээ байгуулдаггүй байсан юм билээ. Харин би зарцуулалтын тайланг харгалзан үзэж, гэрээг үндэслэн мөнгийг нь шилжүүлж байхыг үүрэгдсэн. Мөн НМХГ 14 хоногт нэг удаа шуурхай хуралддаг байсан. Ихэнх асуудлууд хугацааны хувьд оройтдог байсан тул долоо хоногт нэг удаа шуурхай хуралддаг болсон гэхчлэн эхлэл гэхэд боломжийн хэмжээнд ажиллаж эхэлж байсан.

-НХМГ-ын байцаагчдыг авлига авлаа гэх хардлага нийгэмд байдаг. Үнэхээр тийм алдаа байдаг гэж та боддог уу?

-Би ирснийхээ дараа ажилчдадаа хийсэн ажлынхаа тайланг долоо хоног бүр ирүүлж байхыг үүрэг болгосон юм. Гэтэл эхний долоо хоног ажилчдаас худал мэдээлэлтэй тайлан ирсэн. Ажилчид худал тайлан гаргасан эсэхийг сориход амархан шүү дээ. Шалгасан, ажилласан гэж тайланд дурьсан газрууд руу утсаар холбогдоход л хангалттай байсан. Харин дараагийн долоо хоногоос ажилчдын тайлан үнэн бодитой болж ирсэн. Ажлаа хийдэггүй учраас тайлан дээр бичдэг зүйлс нь бага болж эхэлсэн гэх үү дээ. Энэ байдлаас би зарим байцаагчид ажилдаа хойрго ханддаг талтай юм байна гэдгийг ажигласан.

-Байцаагчдыг хянах боломж хэр байдаг юм бол. Саяын таны ярьснаас өөрөөр?

-НМХГ-ын байцаагч иргэнээс ямар нэгэн байдлаар хахууль авч, иргэдийг чирэгдүүлсэн нь тогтоогдвол, мөн албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэвэл шууд ажлаас халах шийдвэрийг би ажлаа авмагц гаргасан. Хачирхалтай нь, хяналт тавьдаг гэх НМХГ нь өөрсдийн байгууллагын ажилчдад ч хяналт тавих хэлтэсгүй байсан. Харин би энэ байгууллагыг шударга ажилчдаас бүрдсэн Дотоод хяналтын хэлтэстэй болгож өгсөн. Хэдий би үүрэгт ажлаа өгсөн ч энэ хэлтсийн үйл ажиллагаа цаашид үргэлжлэх байх гэж найдаж байна.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж