О.Чинбаяр: ”Үлисс”-ийн гол баатар монгол цустай хүн

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

О.Чинбаяр: ”Үлисс”-ийн гол баатар монгол цустай хүн

Уншигч таныг Жэймс Жойсын “Үлисс”, Франц Кафкагийн “Шүүх ажиллагаа”, Оскар Уайлдын “Дорэйн Грейний хөрөг” зэрэг дэлхийн шилдэг зохиолуудыг чадварлагаар эх хэл дээрээ хөрвүүлсэн авъяаслаг орчуулагч О.Чинбаяртай уулзуулж байна. Бид түүний орчуулгын ажил, тэр дундаа өнгөрсөн зууны хамгийн аугаа зохиол болох “Үлисс”, нэрт зохиолч Жэймс Жойс зэргийн талаар энгийн яриа өрнүүллээ.        

-Би таны “Дүблинчүүд” номыг дөнгөж худалдаж авчихаад явж байна. Өмнөх үгийг нь уншихад л шууд сонирхол татсан. Таны хамгийн сүүлд орчуулсан ном бололтой?

-Тийм ээ, өнгөрсөн сарын арванд гарсан. Жойсын өгүүллэгийн түүвэр байгаа юм. “Дүблинчүүд” бол “Үлисс”-тэй шууд хүйн холбоотой ном. “Үлисс”-ийг уншихаас өмнө оюун сэтгэлгээний бэлтгэл хийж, “Дүблинчүүд”-ийг унших ёстой ч гэсэн бичигдээгүй хууль байдаг. Бас нэг сонин нь энэ түүвэрт багтсан 15 өгүүллэгийн баатруудын ихэнх нь “Үлисс” романд үргэлжлүүлэн амьдардаг. Ерөөсөө Жойсын ертөнцийг танин мэдэхийн эхлэл нь “Дүблинчүүд” юм даа.

-Цаг хугацааны хувьд та эхлээд “Дүблинчүүд”-ийг орчуулсан бол бүр ч оновчтой болох байжээ дээ?
-Би сүүлд нь тэгж бодож л байсан. Гэхдээ яахав, зүгээр ээ. Цаг хугацаа хоцроогүй байх аа.

-Одоо та ямар номон дээр ажиллаж байна вэ?

-Би харин орчуулгаа түр хойш тавиад, үргэлжилсэн үгийн зохиолоор оролдъё гэж бодож байгаа. Одоохондоо яг орчуулгаа эхлээгүй л байна.

-Үргэлжилсэн үгийн ямар төрлөөр бичих гэж байна? Хэзээ уншигчид орчуулагч Чинбаярын өөрийн зохиолыг унших бол?
-Хүүрнэл зохиолын бүхий л төрлөөр бичих бодолтой байгаа. Одоо хараахан бичиж эхлээгүй байгаа. Гэхдээ сэтгэлдээ бол бичээд л яваад байна. Орчуулгаа хойш тавья гэхээр сайхан, сайхан номнууд бас гарч ирээд байна аа. Саяхан интернэтээс Далай ламын хоёр шинэ ном гарчихсаныг олж харсан. Тэрийг харсан чинь бас л орчуулмаар санагдаж байгаа юм. Би ингээд нэг юмаар дагнахаар тэрийгээ заавал гүйцээх гээд байдаг зантай. Зарим хүмүүс шиг сэглээд, сэглээд хаячихаж чадахгүй. Анх Далай ламын нэг ном орчуулна л гэж бодож орчуулж байсан. Одоо би Далай ламын найман номыг орчуулчихаад байна. Дахиад орчуулвал ес, арав гээд л явж өгөх нь. Ингээд орчуулгын сайн номнууд гараад миний үргэлжилсэн үгээр бичих ажилд саад болоод байна л даа /инээв/. Тэгээд л энд, тэнд явж байхад шинэ гоё номнууд харагдвал хэцүү ш дээ. Би гадагшаа явахаараа алт мөнгө, хувцас, машин гээд хараад явдаггүй. Ном л хардаг.
Миний бас нэг хүсэл бол кино ч юм уу, тайзны нэг бүтээлийн зохиол бичих.
Хүүхэлдэйн театрын найруулагч Сүхээ миний найз л даа. Сүхээ маань надад нэг санал тавиад. Peter Shaffer-ын зохиол Моцартын тухай “Amadeus” жүжгийн зохиолыг орчуулж өгөөч ээ гэж. Тэгээд “Amadeus”-ыг орчуулаад өгчихсөн байгаа. Итали үг хэллэг ихтэй юм билээ. Тэгээд Хөгжим Бүжгийн Коллежийн итали хэлний багшаас асууж зөвлөлдсөн. Ер нь өөрөө жүжгийн зохиол бичихээсээ өмнө өөр сонгодог жүжгийн зохиол дээр ч юм уу ажиллаад үзвэл зүгээр байх л даа.

-Дуулаагүй шинэ сонин, гоё мэдээ байна. “Amadeus” жүжиг тэгээд хэдийд тавигдах бол?
-Одоохондоо хөрөнгө мөнгөний асуудал дээрээ бодож байгаа. Зураач ажилдаа орчихсон байгаа. Сайхан жүжиг болох байх. Дэлхийн алдартай театруудын ихэнхэд нь тоглогддог жүжиг шүү дээ.

-Та яруу найргийн орчуулагчаар төгссөн байх аа. Яруу найргийн орчуулга хийх үү? Бас таныг яруу найрагч гэдгийг ч зарим уншигчид маань мэдэх байх.
-Би ч яруу найрагч гэж өөрийгөө цоллох дургүй л дээ. Найз нөхөд бол яруу найрагч гэдэг л юм. 97 онд “Ганцхан чамдаа” гээд яруу найргийн номоо гаргаж байсан. Яруу найргийн орчуулгын тухайд гэвэл Жэймс Жойсын шүлгийн түүврийг орчуулъя гэсэн бодол байгаа.

-Жойсын шүлгүүд гэхээр бас л сонин байх?

-Тийм. Жойсыг яруу найрагчийн хувьд хэн бэ байж вэ гэдгийг уншигчдад бас таниулмаар байгаа юм. Жойс ерөнхийдөө модернист маягийн шүлгүүд бичиж байсан юм билээ.

-Танд мэргэжлийн уран зохиолын орчуулгаар ч юм уу, ер нь шүүмж хийе гэсэн бодол байдаг уу?

-Одоо залуу байгаа юм чинь нэг айхтар шүүмж бичье гэж бодохгүй байна л даа. Гэхдээ манайд энэ чиглэл яалт ч үгүй учир дутагдалтай байгаа. Зах зээлд шилжсэнээс хойш хүмүүс шүүмжээс зайгаа барих болсон юм уу даа гэж бодогддог. Адаглаад “Үлисс”-ийг орчуулж гаргаад жил болж байхад нэг ч хүн энэ тухай үг дуугараагүй, шүүмж, санаа оноо хэлээгүй байгаа ш дээ. Экс ерөн­хийлөгч Н.Энхбаярыг албандаа байх үед нь би “Үлисс”-ийн тухай ярьсан юм. Тэгсэн их сайхан дэмжиж, “Үлисс-ийг орчуулбал Монголын утга зохиолын нэр хүндэд том нөлөө үзүүлнэ шүү” гэсэн зөвлөгөө өгч байсан удаатай.
Ирэх арваннэгдүгээр сард Төрийн хэлний зөвлөлөөс нэг илтгэл зохион байгуулах юм байна лээ. Тэрэн дээр намайг Жойсын хэлний онцлогоор илтгэл тавиач гэж өнгөр­сөн сард ярьсан. Одоо тэрэнд бас бага багаар бэлдэж л байна. 

-Тэгвэл Жойсын хэлний онцлог юу байв, таны ажигласнаар?

-Ерөөсөө л үгээр тоглох. Бас цоо шинэ үг бүтээх. Тэр бараг бүх шинжлэх ухааны салбарын ойлголт, мэдлэгтэй байсан нь бас харагддаг. Алгебрь, хими, физикийн хуулийг ашиглаж дүрсэлсэн дүрслэлүүд нь маш сонин. Ер нь их содон сэтгэлгээтэй. Гурав, дөрвөн үгийг нийлүүлээд биччихсэн ч байх шиг. Тэрийг нь шууд уншихаар ойлгомжгүй.

-“Үлисс”-ийн хамгийн сүүлийн 18 дугаар бүлэг ердөө ганцхан өгүүлбэр байдаг гэсэн. Тэгсэн мөртлөө маш олон хуудас?
-Тийм, 60-аад хуудас нэг ч таслалгүй ердөө нэг л өгүүлбэр байдаг. Ёстой л галзуу хүний тэмдэглэл гэмээр. Гэхдээ утга зохиол судлаачид үүнийг хүний оюун санааны урсгал гэж үздэг. Хүмүүсийн тархинд өдөрт үй түмэн бодол эргэлдэж байдаг ш дээ. Тэр бүхнийг л илэрхийлсэн. Тэр өгүүлбэр дэлхийн утга зохиолын түүхэн дэх бараг хамгийн урт өгүүлбэр байх аа.

-“Үлисс” бас нэг зүйлээрээ хүмүүсийг гайх­шруулдаг. Бүхэл бүтэн 650-1000 хуудастай /хэвлэлтээсээ шалтгаалж янз бүр/ зохиолын үйл явдал ердөө 24-хөн цаг буюу ганц өдөрт өрнөдөг нь сонирхолтой шүү?
-Нэгхэн өдрийн үйл явдал гээд бодохоор яах аргагүй их сонин л доо. Жойсын дараа нэлээд хэдэн зохиолчид нэг өдрийн амьдралаар том хэмжээний зохиол бичих оролдлого хийж байсан л юм билээ. Манайд хүртэл зарим нэг хүмүүс дууриах гэж үзсэн.
Энэ номны тухайд бас нэгэн сонин баримт гэвэл зохиолын гол баатар жүүд эрийг Жойс өөрөө монгол цустай гэж бичсэн байдаг. Йерусалимаас Ирландад усан онгоцоор дүрвэн ирсэн тэр жүүд нөхөр монгол цустай гэхээр сонин байгаа биз? Гэхдээ Жойс эртний түүх, Чингисийн байлдан дагуулалтын талаар өргөн цар хүрээтэй мэдлэгтэй байсан нь харагддаг. Чингис хаан Иерусалимыг байлдан дагуулж байхад магадгүй нэг монгол цэргээс үлдсэн хүүхэд ч юм уу. Тийм санаагаар тэр жүүдийг монгол цустай гэсэн. Тухайн үед жүүдүүдийн хувьд Ирланд гэдэг мөрөөдлийн газар байсан шиг байгаа юм. 

-“Үлисс”-ийн гол баатар монгол цустай хүн гэхээр гоё санагдаж байна?
-Харин тийм, ХХ зууны дэлхийн хамгийн аугаа зохиолын гол дүр нь монгол хүн байна гэхээр үнэхээр миний хийморь сэргэж, цус булгилж байсан. Энэ нь намайг бас их омогшуулсан.

-“Үлисс” олон жил хориотой номны жагсаалтад байсан?
-Садар самууныг сурталчилсан, бас хараалын үг хэллэг ихтэй зохиол гэж хориглогддог байсан. Тэгээд Жойс амьд ахуйдаа хүртэх ёстой бүхнээ хүртэж чадаагүй. Түүний хувьд Нобелийн шагнал бол энүүхэнд л байсан. Өөрийнх нь үзэл бодлыг сонсдоггүй, хүлээн зөвшөөрдөггүй болохоор Жойс тухайн цаг үедээ их гомдож, өөртөө гутарч явсан. Тийм ч болоод архи дарс их ууж, уушийн газруудаар явдаг байсан гэдэг. Зоогийн газарт ууж суугаад зохиолоо бичдэг байсан. Ер нь “Үлисс” дээр ч тэр, “Дүблинчүүд” дээр ч ууж, наргих цэнгэх тухай юм их гарна ш дээ. “Үлисс”-ийн гол дүр Блум буюу өнөө монгол цустай жүүд эр гэхэд л маш их наргиж цэнгэх дуртай, нэлээд хүүхэмсэг маягийн нөхөр. Гэр бүлийн хувьд ч тогтворгүй. Авгай нь ч ялгаагүй дээ, зөрүүлээд сайхан явна.
Жойс ер нь өөрийнхөө амьдралын хэв маягийг зохиолдоо их оруулж бичдэг байсан юм байналээ. Бүр яг өөрийнхөө тухай бичсэн ч байдаг.

-Жишээлбэл, ямар зохиолынх нь аль дүрийн тухай та ярьж байна?
-“Дүблинчүүд” дээр бол Жойсын хүүхэд нас, идэр нас, дунд нас бүгд гардаг. “Үлисс” дээр ч мөн адил Жойс өөрийгөө оруулсан байгаа. Бүтэлгүй өвгөн зохиолч Стив Видал бол Жойсын өөрийнх нь дүр.

-“Үлисс”-ийг Азид орчуулсан гурван орон л байдаг гэсэн?

-Тийм, Япон, Солонгос, тэгээд манайх. Японд 1932-1935 оны хооронд зургаан хүн хувааж орчуулсан гэдэг юм билээ. 1967 онд Солонгост. Тэгээд тэрнээс 42 жилийн дараа монгол хэлэнд хөрвүүллээ. Нийт 14, 15 хэл дээр орчуулагдсан зохиол л доо. Сонирхуулж ярихад, Жойс “Үлисс”-ийн дараа бичсэн “Finnegans Wake” буюу “Финнеган эргэн ирсэн нь” зохиолыг дэлхийн хаана ч бүтэн орчуулж чадаагүй байгаа. Энэ номоо Жойс 12 орны хэл хольж бичсэн юм билээ. Нэг өгүүлбэр гэхэд л өчнөөн хэлээр холиод биччихсэн.

-Ёстой сонирхолтой юм. Та оролдлого хийж үзэхгүй юм уу, хэсэгчилсэн байдлаар ч юм уу?
-Өө, ёстой үгүй /инээв/. XXII зуунд төрөх ирээдүйн орчуулагчид орчуулах байлгүй. Тэр номыг нь ёстой уран зохиолын гаж донтой ч юм уу эсвэл бүр Жойсоор аймаар өвчилсөн хүмүүс л уншаад ойлгох байх.

-Та өмнө нь нэг “Үлисс дээр ажиллахад Далай ламын номнуудыг орчуулж байсан маань их тус болсон” гэж ярьж байсныг санаж байна. Тухайн үед ямар утгаар ингэж хэлэв ээ гэж бодож байсан?
-Тиймээ, үнэхээр тус болсон гэж боддог. Хэдийгээр би тийм ч их сүсэгтэй хүн биш ч гэсэн Далай ламын их олон сургааль айлдваруудыг амьдрал дээрээ бодож хэрэгжүүлж явахыг хичээдэг. “Үлисс”-ийг орчуулж байхад би гадаад орчноос бүрэн тусгаарлагдаж, нэг жил, найман сарын турш зөвхөн Жойсоор л амьсгалж, амьдарч байсан гэхэд болно. Зарим талаар бараг бясалгагч, лам шиг ч юм шиг…

-Анх та 2001 онд “Үлисс”-ийг орчуулахаар барьж аваад хойш тавьсан тухай сонсч байсан?

-Тэр үед залуу ч байж. Эхний таван хуудас орчуулаад чадахгүй санагдаад хойш тавьсан. Тэгээд дотроо бол бодоод л явдаг байсан.
2005 онд Ирландын Дублинд Дэлхийн сонины холбооны ээлжит хурал болж би Жойсын эх нутаг руу явах сайхан боломж олдсон юм. Тэнд миний найз, Улсын Багшийн Их Сургуулийн сэтгүүл зүйн тэнхмийн доктор, яруу найрагч Ж.Батбаатар маань ажиллаж амьдардаг юм л даа. Тэгээд намайг дагуулаад бид хоёр Дублинаар сайхан зугаалсан. Жойсын амьдарч байсан гэр, ордог байсан уушийн газар, “Үлисс”, “Дүблинчүүд” дээр гардаг тэр бүх гудамж, талбай гээд л олон газраар явж сонирхсон. Ингэж тухайн орчуулж байгаа зохиолынхоо газар оронд нь биеэр очиж, танилцаж байвал орчуулга хийхэд илүү дөхөм байдаг юм билээ. Би тэгэхэд Ирланд явсан биш “гай болоод” хоёр Ирландын агуу зохиолчийн зохиолыг орчуулж “Алтан өд” шагналыг хүртсэн ш дээ. 2006 онд Оскар Уайлдын “Дориан Грейний хөрөг”-өөр, 2009 онд “Үлисс”-ээр. Дахиж ийм тэмцээн уралдаанд оролцохгүй ээ. Найрааны начин шиг биш гэдгээ батлахын тулд авсан шагнал л даа.

-Үргэлжилсэн үгээрээ ч оролцохгүй юу?
-Үгүй шүү /инээв/. Тэр бол тусдаа хэрэг.

-Дээрх яриагаа үргэлжлүүлье. Тэгээд Монголд буцаж ирмэгцээ л “Үлисс”-ийн орчуулгадаа орсон уу?
-Тийм, тэгээд л буцаж ирчихээд зориг орж, нэг л тийм чадмаар юм шиг бяр амтагдаад эхэлсэн.

-Өдөрт хичнээн хуудас орчуулж байсан бэ?
-Эхлээд тэр зузаан номыг чинь канондчихож байгаа юм. Сэтгэл зүйн хувьд ч канондоод салангид хуудсууд болчихоор харьцангуй гайгүй. Хоёр, гурван килограмм жинтэй, зузаан ном өдөр болгон бариад орчуулж байснаас хуудас, хуудсаар нь орчуулахаар сэтгэлд арай хөнгөн санагдана. Эхэндээ өдөрт 10 хуудас орчуулдаг байсан. За, энэ аравхан хуудас шүү дээ, өнөөдөр энийг л орчуулчихъя гээд. Ямх ямхаар гэдэг нөгөө хятад ухаан шиг сүүлдээ өдөрт 12 хуудсыг орчуулдаг болчихсон. Хоногт 12-14 цаг яс ширээнийхээ ард л суудаг байсан.

-Номын редактороор яруу найрагч Аюурзана ажилласан байсан. Орчин үеийн Монголын утга зохиолын гол төлөөлөгчдийн нэг, таны найз Аюурзана танд ямар дүн тавьж байв?
-Би номоо редакторлуулах гэж Аюурт санал тавьсан. Тэгээд Аюур ч зөвшөөрсөн. Маш сайн хянасан шүү. Өмнө нь Аюур намайг нөхрийн хувьд магтаж байснаас биш уран бүтээлчийн хувьд магтаж байсан удаа байхгүй л дээ. Харин “Үлисс”-ийн хувьд онц дүн тавьсан. Би “Үлисс”-тээ сэтгэл хангалуун байгаа. Ийм аугаа юмыг сайн л хийх хэрэгтэй гэж маш их хичээсэн. 

-Түрүүн тантай утсаар ярихад та гадагшаа явах гэж байгаа гэсэн. Хаашаа явах гэж байна?
-Москва. Би 1994 онд Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг төгссөн. Түүнээс хойш 2004 онд нэг явсан юм. Одоо зургаан жилийн дахиад явах гэж байна. Сургууль дээгүүрээ очиж, бас оюутан цагийнхаа сайхан дурсамжаа эргэн санаад ирнэ дээ. Яруу найрагч, зохиолч Аюурзана бид хоёр хамт төгссөн ш дээ.

-Москвагийн номын дэлгүүрүүд гоё уу. Та аягүй бол бас л гоё орчуулах номнуудтай ирэх нь дээ. Тэгвэл нөгөө үргэлжилсэн үгийн ажил бас л хойшоо татагдаад…?
-Москвагийн номын дэлгүүрүүд гоё ш дээ. Сүүлд явсан манай найзууд номын дэлгүүрүүдэд орвол ёстой уйлна даа л гээд байналээ. Улам л гоё болж байгаа байлгүй.
-Танд амжилт хүсье. Удахгүй тантай үргэлжилсэн үгийн анхны зохиолоор чинь уулзъя.

Ж.НАНДИА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж