Монгол бонд ба Жеймс Бонд

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

Монгол бонд ба Жеймс Бонд

Дэлхийн кино театрууд шинэ Бондыг /Нууц тагнуулч 007 Жеймс Бондын шинэ цуврал ”Skyfall” аравдугаар сарын 23-нд Лондон хотноо нээлтээ хийсэн/ өлгийдөн авч дуулиан нь арилаагүй байгаа энэ мөчид Монгол Улс бас нэгэн бондыг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргав. Энд яриад байгаа хоёр бонд утгын хувьд тэс ондоо ч зарим зүйлээр нь адилтгаж болох талтай. Монгол Улсын Засгийн газар таван тэрбум ам.долларын бонд гаргахаар төлөвлөсний түрүүч болох 1,5 тэрбумын Чингис бондыг олон улсын зах зээлд арилжаалж, үр дүнд нь энэ сарын 8-нд Монголбанкны данс 1,5 тэрбум ам.доллараар зузаарав.

Зохиолч Ян Флеминг 1953 онд Жеймс Бонд цувралын анхны хувилбарыг хэвлэлтээс гаргасан. Тэр үүнийг хийхийн тулд маш олон дүр хайж байсны эцэст Жеймс Бонд хэмээх нэршил олж, хэнд ч ялагдашгүй, Их Британийг авардаг домгийн дүрийг бий болгосон билээ. Чухамдаа тэр л бүгдийг авардаг, аюулыг зайлуулдаг, ямар ч үед, бас хаана ч.

Хаа байсан Бонд хэмээх зохиолоос холдоод одоогийн Монголын Засгийн газрын бонд руу эргэн анхаарлаа хандуулъя. Бонд буюу өрийн бичиг нь “Тодорхой хэмжээний мөнгийг тодорхой хүүтэйгээр зээлсэн болохыг гэрчилсэн үнэт цаас” гэж мэргэжлийн номонд бичжээ. Гадны улс орнууд ихэвчлэн үүнийг улс орны эдийн засгийг хөгжүүлэхийн тулд зайлшгүй шийдлээ хүлээж байгаа бодлогын үйл хэрэг, эсвэл хямарсан эдийн засгийн эсрэг авах арга замын нэг болгож гаргадаг. Өөрөөр хэлбэл, улс орны өмнө тулгамдаад байгаа чухал асуудлыг шийдэхийн тулд авдаг “амь тариа” гэж ойлгож болох талтай.
 
Монгол Улс үнэт цаас гаргахын тулд таван орны хөрөнгө оруулагчидтай зөвшилцөн байж, 500 сая ам.долларыг таван жилийн хугацаатай, нэг жилийн хүү нь 4,1 хувь, үлдэж байгаа нэг тэрбум ам.долларыг 10 жилийн хугацаатай, жилийн хүү нь 5,1 хувь байхаар тооцож гаргав. 500 сая ам.долларыг 2018 оны нэгдүгээр сарын 5-нд хийж дуусгах бол 10 жилийн хугацаатай нэг тэрбум ам.долларын бондын хүүг 2023 онд төлж дуусгахаар тусгажээ. Төлөвлөгөөнд их гоё зүйлс бичсэн нь бий. Төмөр зам барина, аж үйлдвэрлэлд зарцуулна, томоохон бодлогыг дэмжинэ гэж. Чухамдаа Монгол Улс бондоор аврагдаж, аюул холдох дүр зураг ажиглагдаж байж болох.

Гэтэл цэлмэг тэнгэрээс аянга цахих шиг гэнэтийн мэдээ гарч ирэв. Засгийн газраас гаргасан, цаашид гаргах бондыг бэлэн мөнгөний амлалтаа гүйцэлдүүлэхийн тулд үлдсэн мөнгийг тараах эх үүсвэр болгон ашиглах гэнэ. Өөрөөр хэлбэл, сүүлийн хэдэн сарын турш ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хувь хишгийн мөнгө тараах гэж үйлээ үзэж байгаа “Эрдэнэс Тавантолгой”-н дансанд бондоос олсон мөнгийг байршуулах тухай “бор шувуу” саарал ордноор нисч эхэллээ. Угтаа ард түмний саналыг татаж, итгэлийг хүлээн дараагийн сонгуульд гарах багц “хөзөр” мэтээр Монгол Улсыг барьцаалж өр тавьсан бондыг зарцуулна. Гоё сонсогдож байгаа биз.

Монгол Улсын “мөнгөний авдар”-т хэдийнэ орж ирсэн бондын мөнгийг Сангийн сайд төмөр зам, дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбарт ашиглана гэж байгаа ч зураг төсөл нь гараагүй, Техник, эдийн засгийн үзүүлэлт /ТЭЗҮ/-ийг нь тодорхойлоогүй байгаа “агаарын” зүйлд зарцуулах нь. Тэр болтол бид өдөр бүр хүү төлсөөр. Гэтэл ойрын хугацаанд дахин бонд гаргана, тэр нь харин “амьдрал залгуулах бонд” байх гэнэ. Тодруулбал, тэр мөнгөөр бэлэн мөнгөний амлалтаа гүйцэлдүүлнэ. Гэтэл бид ирээдүйн их өрийг дарахын тулд гол эх үүсвэрээ олж чадахгүй бол өрийн дарамтад орох нь дамжиггүй. Бэлэн мөнгө тараах зорилгоор Монгол Улсын нэрийг барьцаалж, өр тавин байж бонд гаргах шаардлага бий юү?

Жирийн иргэд, үүнийг яг л улс орныг аврахын тулд юунд ч ялагддаггүй домгийн дүрслэл Бонд шиг төсөөлсөн байж болох. Засгийн газар нь ямар ч хамаагүй бонд гаргаад, түүнийгээ юунд ч хамаагүй зарцуулчих л юм бол амжилт, ялалттай цуг ирэх мэтээр ойлгосон мэт. Нэг ёсондоо Монгол бонд, Англи Бондтой урвуу пропорциональ хамааралтай гэсэн сонин гаргалгааг ч гаргаж болох юм.

Газрын тос боловсруулах, нүүрс боловсруулах, байгалийн баялгийг Монголдоо эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрүүд ус агаар мэт хэрэгтэй байгаа. Үүнд энэ мөнгөний зөвхөн нэгээхэн хэсэг нь л зарцуулагдана гэдгийг санах хэрэгтэй. Цаана дахиад шийдлээ хүлээж байгаа олон ажил үлдэнэ. Харин үүнийг ашиг олж болохуйц томоохон ажилд зарцуулбал дараагийн мөнгө нь амархан олдоно. Энэ бол хамгийн энгийн ойлголт. Хүн бүр мэднэ.

Бид өмнө нь 70 жил халамжлуулсан, ардчилалтай золгосноос хойш 20 гаруй жил дахин халамжлуулсаар. Сүүлдээ Засгийн газар нь бонд гарган байж халамжийг дэмжих гээд ирвэл бид юу болох вэ?

Муу ч, сайн ч 73 толгой, түүний бага ч гэсэн оюун ухаан буцалж байгаа Төрийн ордноос ийм аймшгийн шийдвэр гарчихгүй байгаасай… /Бурхнаас гуйсан залбирал бус, гэхдээ лав гуйлт биш/

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж