Хил зөрчигчдийн нэр, хаяг тодорхой болжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

Хил зөрчигчдийн нэр, хаяг тодорхой болжээ

Завхан аймгийн Тэс сумын нутагт байрлах хилийн 286-р тэмдэгтийн орчим өнгөрсөн арваннэгдүгээр сарын 3-4-нд шилжих шөнө Тува улсын хоёр иргэн хил зөрчиж, хилийн харуул, ахлагч Л.Тогтмолыг буудаж шархдуулсан хэрэг гарсан билээ. Харин Оросын хил хамгаалахын нисдэг тэрэг цаг алдалгүй ирж, түүнийг Кызыл хотын эмнэлэгт яаралтай мэс засал хийснээр амь насыг нь аварч чадсан юм. Энэ талаар хилийн 0277-р ангийн захирагч, хурандаа Д.Нямсүрэнтэй ярилцлаа.

-Хил зөрчигчдөд буудуулсан ахлагч Л.Тогтмолын биеийн байдал одоо ямар байгаа вэ?

-Биеийн байдал маш сайн байгаа. Л.Тогтмол энэ сарын 8-10-ны хооронд Улаанбаатар хотод болсон Хилийн цэргийн тэргүүний ахлагч нарын зөвлөгөөнд оролцоод буцсан. Хотод ирэхэд нь Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэхэд хариу сайн гарсан.

-Хил зөрчигч хоёр этгээдийг барьсан уу?

-Хил зөрчсөн тува нар Кукуртуг гэж тосгоны иргэд болох нь тогтоогдсон. Ер нь тэдний нэр ус нь тодорхой болчихсон. Гэхдээ нууцын зэрэглэлтэй учраас хэлэх боломжгүй. Тэд тайгын нэг сууринд бүгчихсэн байгаа гэх мэдээлэл ирсэн. Тайгын эргэн тойронд ус, намаг ихтэй, тэдгээр нь хөлдөөгүй байгаа болохоор хил зөрчигчдийг баривчлах ажилд саад учирч байна. Оросын талаас хилийн алба, цэрэг, цагдаагийн хамтарсан эрлийн баг ажиллаж байгаа.

-Хилийн тэмдэгтийн орчимд хил зөрчих тохиолдол ер нь хэр их гардаг вэ. Шалтгаан нь юунд байна?

-ОХУ-ын Тува улс бол хөгжлийн хувьд маш муу, амьдралын төвшин их хүнд. Тиймдээ ч Оросын Засгийн газраас хил орчмын тува нарыг малжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм билээ. Гэтэл мөнгө нь байгаад, мал нь байдаггүй. Тэгэхээр яахав, малтай болохын тулд түүнийг худалдан авч таарна. Мал нь Монголд байдаг. Тэгээд ядуус нь захиалга авч хөлсөөр манай нутгаас мал хулгайлдаг гэсэн. Түүнээс гадна хэдэн мал өндөр үнээр зарах гэсэн сувдаг санаатай монгол хүмүүс ч байдаг. Тэд хил зөрчигч тува нартай холбоотой ажилладаг нь бидний ажилд ихээхэн хүндрэл учруулдаг.

-Монгол хилчдийн техник хэрэгслийн хангамж тааруу гэдэг. Энэ асуудалд та юу хэлэх вэ?

-Манай 0277-р анги анги салбарын хувьд цас маш их унадаг хүнд нөхцөлд ажилладаг. Гэхдээ техник хэрэгслийн хувьд муу гэдэг бол өрөөсгөл ойлголт. Ер нь техник, хилчдийн тусгай хэрэгслийг жил жилийн улсын төсөвт суулгаад авдаг. Засгийн газраас 2025 он хүртэл хэрэгжих “Бүсчилсэн хил хамгаалал” гэсэн хөтөлбөрийг эхлүүлээд явж байгаа. Байлдааны зэвсэг, хилчдийн тусгай хэрэгсэл гэдэг аль нэг дэлгүүр, хоршооноос шууд мөнгөө төлөөд авчихдаг зүйл биш л дээ. Гадны улс оронд захиалга өгч, Монголын нөхцөлд таарах эсэхийг нь шалгаж байж авна. Жишээ нь, Говийн бүсийн хилийн анги салбарт сүүлийн үеийн өндөр хурдтай техник хэрэгтэй бол манайх шиг бартаа, саад ихтэй газарт туулах чадвар өндөртэй нь хэрэгтэй байдаг. Энэ бүх шаардлага нөхцөлийг хангасан техник хэрэгслээр хилчдээ хангахаар шат дараалсан ажлуудыг хийж байгаа. Хилчдийн техник хэрэгсэл гэдэг нэг доор шууд худалдаад авчих зүйл биш, тийм боломж, санхүүгийн нөхцөл ч одоогоор манайд байхгүй байна.

-Та дээр дурдсан шүү дээ. Монголын зарим иргэд тува нартай нийлж, хулгай дээрэм хийдэг, тэдний гар хөл болдог гэж. Тэгвэл тэр хилийн орчим нутаглаад байгаа ард иргэдийг нүүлгэн шилжүүлж, хил орчмын газрыг чөлөөж болдоггүй юм уу?

-Монгол Улсын Хилийн тухай хуульд хилийн зурвас гэж 15 км газар байна гэж заасан байдаг. Мөн Газрын тухай хуульд “Тусгай хэрэгцээний газраас бусад газрыг иргэд өмчилж болно” гээд заачихсан байдаг. Тэгэхээр тусгай хэрэгцээний газарт айл өрхүүд нутаглаж болохгүй гэсэн үг. Хилийн зурвас газар бол тусгай хэрэгцээний газарт ордог. Гэхдээ хэдэн үеэрээ тэр уул усаа бараадан нутаглаад, тэр нөхцөлд нь дасан зохицоод ирсэн малчид, ард иргэдийг шууд хүч хэрэглэн нүүлгэн шилжүүлж болохгүй шүү дээ. Тиймээс хилчид малчидтайгаа хамтарч ажиллах хэрэгтэй болдог.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж