![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/11/99f0cbe8d769e50c/0960d48b1733e1c0big.jpg)
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан товчхон болов. Гишүүдийн ирц гүйцээгүйн улмаас хуралдаан 16.00 цаг өнгөрөөж эхэлсэн юм. Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр болж гишүүд хэлэлцэхийг дэмжсэнээр өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх үндсэн асуудал дуусав.
Хуралдааны төгсгөлд өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн Г.Батхүү гишүүний УИХ-ын даргад бичгээр гаргасан хүсэлтийг УИХ-ын дарга З.Энхболд танилцууллаа. Тэрээр АН-ын бүлэгт нэгдэх хүсэлтээ гаргасан байна. Г.Батхүү гишүүний хүсэлтийг дэмжсэнээр УИХ дахь АН-ын бүлэг 32 гишүүнтэй боллоо.
Үүгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
Д.ОЮУН