![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/1/c60febe4314d7d62/0f3205be49cc33cdbig.jpg)
-Та өнөөдөр тангаргаа өргөлөө. Тэгэхээр Өвөрхангайн тойргийн асуудал шийдэгдсэн гэсэн үг үү?
-Сонгуулийн будилаан шийдэгдэж байна. Үүний эхлэл зөв тавигдаж байна гэж бодож байна. Өвөрхангайгаас гадна будилаантай байсан бусад тойрог дээр асуудал шийдэгдэх ёстой. Цаашдаа Ерөнхийлөгчийн сонгууль, бусад сонгууль шударгаар явах бололцоо, боломж бүрдэж байна. Өмнө нь сонгууль будилаантай боллоо, булхайтай боллоо гэсэн яриа гардаг ч будилаан үүсгэсэн тухайн хүний бүрэн эрх хэрэгжээд явдаг байсан бол одоо нэр дэвшигч нь ч хариуцлагатай, сонгогч нь ч хариуцлагатай сонголт хийдэг тийм цаг үе иржээ гэж үзэж байна.
Энэ бол зөвхөн АН-д суудал нэмэх, Г.Батхүү УИХ-ын гишүүн болох асуудал огт биш. Энэ бол өнөөдөр ард түмний сонголт жинхэнэ утгаараа хэрэгжих бололцоог нээж байна. Луйвраар авсан 6000 санал ч байсан хүчингүй болгож чаддаг ийм шударга нийгэм бий болж байна гэдгийг л харуулж байна.
-Тантай хамт АН-аас нэр дэвшсэн Д.Зоригт яагаад тангаргаа өргөөгүй юм бэ?
-Түүнд би хариулах боломжгүй. Түр түдгэлзэх өргөдөл өгсөн юм байна лээ.
Цаашдаа юу болохыг харъя гэж өргөдөл өгсөн байх гэж бодож байна.
Д.Сарангэрэл:
-УИХ-ын гишүүний тангаргаа өргөлөө. Сэтгэгдэл ямар байна. Парламентад сэтгүүлч гишүүний тоо нэмэгдлээ шүү дээ?
-Сэтгүүлч та нартаа их баярлалаа. Сонгогч, ард иргэдийнхээ итгэлийг хүлээсэн эрхэм гишүүдийн хамт улс орныхоо өмнө тулгамдсан болон хөгжлийн асуудлаар өөрийнхөө санал бодлыг илэрхийлж үзэл бодлоо хэлэх боломж гарч байгаад баярлаж байна. Сэтгүүлчдэд нэг эрхэм чанар бий. Тэр бол Монгол Улсаа гэсэн сэтгэл. Монгол ахан дүүсээ гэсэн сэтгэл байдаг. Энэ сэтгэл бол надад байгаа хамгийн том баялаг. Бүх асуудалд энэ үүднээс хандаж ажиллана.