![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2012/12/47f646c17cdceb66/46dab28ffd7a5be8big.jpg)
“Салимон” бэлдмэлийг “Моносфарм” ХХК-ийн эрдэм шинжилгээний төв болон Монгол, Орос, Солонгос гурван орны 10 шахам хүрээлэн, их, дээд сургуулийн 30 гаруй судлаач, мэргэжилтнүүдийн судалгаанд үндэслэн зохиосон аж. Ийнхүү “Моносфарм” ХХК судалгаа, шинжилгээний ажлыг эхлүүлж, албан ёсоор худалдаанд гаргасан бол зохиогчоор Засгийн газраас Л.Хүрэлбаатар, Б.Саранцэцэг, М.Амбага, И.Цацрал, С.Нарантуяа нарт шинэ бүтээлийн патентыг өгсөн ажээ. Шинэ бүтээлийн патент ёсоор бэлдмэлийг зохиосон гишүүд бүгд тэгш эрхтэй юм байна. Тиймээс цаашдаа бүтээлийг ашиглахдаа зохиогчийн эрхтэй бусад гишүүдийн зөвшөөрлийг заавал авах, худалдаанаас олсон орлогын ногдол ашгийг өгөх ёстой аж. Харин хоёр төрлийн “Салимон” худалдаанд гарч байгаад иргэд төөрөлдөж байгаа. Энэ талаар Барааны тэмдгийн тухай хуульд ийм төрлийн өөр бүтээгдэхүүн гарсан тохиолдолд анх нийтэд түгээмэл болсон бүтээгдэхүүний барааны тэмдгээс өөр тэмдэг ашиглах ёстой гэж тусгасан байдаг ажээ.
М.Амбага докторын хувьд дууриамал “Салимон” бэлдмэлийг “Тавин ус” эмийн үйлдвэрт хийлгээд худалдаанд гаргахдаа бэлдмэлийг хамт зохиосон бусад гишүүнээс зөвшөөрөл аваагүй, Барааны тэмдгийн тухай хуулийг зөрчсөн, дууриамал бүтээгдэхүүнээс нь хүн хордсон, “Монос” группын удирдах болон гүйцэтгэх тушаалын ажилтнуудыг заналхийлсэн, “Монос”ыг “Салимон” бэлдмэлээ худалдаалахгүй байхыг шаардсан гэж группын ажилтнууд хэлж байна. Түүнчлэн М.Амбага докторт бүтээлийн патентын эрх байдаг учраас “Монос” группээс 2009 онд 30 гаруй сая төгрөгийн ногдол ашиг өгсөн атал ногдол ашиг аваагүй гэж нийтэд мэдээлэл тарааж, дууриамал бүтээгдэхүүнээ давхардсан нэрээр гаргаж байгаа гэсэн мэдээлэл бий.
Тиймээс “Монос” группээс эдгээр асуудлыг хууль ёсоор шийдэхийн тулд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа аж.
![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2012/12/12ab30a2659a0871/fa9a95099d151edbbig.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2012/12/ae3efd6d9bf2a289/b7449a39389fb5d9big.jpg)