Канадын залуу од Жастин Биберийг шүтэн биширдэг олон мянган охид байдгийн зэрэгцээ түүнийг үзэн ядаж, атаархдаг хүмүүс ч байдаг нь тодорхой. Тэгвэл өнгөрсөн сард баривчлагдсан хоёр оргодол гэмт хэрэгтэн үгсэн хуйвалдаж, дуучин Жастин Биберийг хөнөөхөөр төлөвлөж байсан тухай мэдүүлэгтээ дурьдсаныг Нью-Мексико мужийн “KRQE News 13” телевиз мэдээлжээ. АНУ-ын Вермонт мужийн Сент-Олбансын цагдаагийн газрын мэдээлснээр 41 настай Марк Стааке, түүний үеэл 23 настай Таннер Руане нарыг Нью-Мексико мужийн Альбукерке хотын цагдаагийн газраас хүн амины болон зэвсэг хэрэглэн танхайрсан хэргээр эрэн сурвалжилж байсан бөгөөд тэднийг өнгөрсөн сард Нью-Йорк, Вермонт мужуудаас баривчилжээ. Гэмт хэрэгтнүүдийн мэдүүлснээр тэд поп од Жастин Бибер болон өөр хэдэн хүнийг хулгайлж, амийг нь хөнөөхөөр төлөвлөж байсан гэнэ. Одоогоор цагдаа нар хэргийг тодруулахаар мөрдөн байцаалт явуулж байгаа юм байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор Жастин Биберийн менежер Скутер Браун “Бид Жастины болоод түүний шүтэн бишрэгчдийн аюулгүй байдлыг ханган хамгаалж, урьдчилсан сэргийлэх арга хэмжээг аваад байгаа” гэж мэдэгджээ.
Б.АНХТУЯА