Эстрадын дуучин Д.Эрдэнэцэцэг агсны дурсгалд зориулж дуучин Э.Болор-Уянга “Дурсъя, дуулъя” нэртэй цомог гаргажээ. Дуучин Э.Болор-Уянга түүнийг хүндэлж явдаг, дуунуудыг нь дуулах дуртай учраас дахин сэргээн дуулж, түүний дурсгалд зориулан “Учралын эгшиг”, “Намуун байгаль”, “Чамайгаа оллоо”, “Зүрхэн чулуу” хэмээх дөрвөн дууг нь уг цомогт оруулжээ. Эстрадын дуучин Д.Эрдэнэцэцэг агсны гэрэл зурагтай цомогт бас тэдгээр дууны зохиолчдын гэрэл зургийн цомог, дууны үгийг багтаасан аж. “Дурсъя, дуулъя” цомгоор дамжуулан Монголын поп урлагт энэхүү эрхэм хүндтэй хувь нэмэр оруулсан юм шүү гэдгийг хойч үедээ сануулан түүний уран бүтээлийг мөнхлөхөөр гаргасан ашгийн бус цомог учраас дуучин Д.Эрдэнэцэцэгийн найз, нөхдөд дурсгал болгон бэлэглэхээр 500 хувь хэвлүүлсэн байна. “Дурсъя, дуулъя” цомгийг гаргахад, дуучин Э.Болор-Уянгатай дотны найз ая зохиогч, продюсер Б.Ангирмаа, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа нар хамтран ажиллажээ.
Дуучин Э.Болор-Уянга “Дурсъя, дуулъя” нэртэй цомгоо хайртай дуучныхаа дурсгалд зориулан өөрөө ивээн тэтгэж хэвлүүлсэн байна.
Г.ДАША