Багануур “Вагнер Ази тоног төхөөрөмж”-тэй хамтарна

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

Багануур “Вагнер Ази тоног төхөөрөмж”-тэй хамтарна

Монголын хүн амын тэн хагас нь төвлөрсөн Улаанбаатар хотын цахилгаан станцуудыг нүүрстэй залгуулдаг Багануурын уурхай техникийн шинэчлэлээ эхлүүллээ. Энэхүү техникийн шинэчлэлийн хүрээнд “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн Катерпиллар брэндийн хүнд даацын САТ777D маркийн дөрвөн дамп машин, нэг D10T маркийн бульдозерыг Багануур ХК-д нийлүүллээ. Техникийн шинэчлэлийн ёслолын ажиллагаа өчигдөр “Багануур” компанийн захиргааны байрны өмнөх талбайд 11:00 цагт эхэлсэн юм.

Нийслэлийн нүүрсний хэрэгцээний 70 орчим хувийг хангадаг “Багануур” компани техникийн бүрэн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай болсон бөгөөд “Вагнер Ази Тоног Төхөөрөмж ” Компанийн нийлүүлсэн машин техник нь Багануурын техник шинэчлэлийн салхийг хагалж байгаа юм. Техникийн шинэчлэл хийх санхүүжилтийг энэ удаад Монголын Засгийн газар бүрэн гаргасан бөгөөд “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” Компанийн хувьд “Багануур” компанид нийлүүлж буй техникүүдээ нэг бүрийг нь 400-500 мянган ам.доллараар хямдруулжээ. Дээр дурдсан таван техникийг нийтдээ 10 гаруй тэрбум төгрөгөөр худалдаж авч буйгаа “Багануур” компанийн Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр онцолсон бөгөөд энэхүү дампууд нь Багануурын уурхайн хөрс хуулалтын бүтээмжийг 20 орчим хувиар нэмэгдүүлнэ гэж нэмж хэллээ.

“Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-ийн Худалдааны хэлтсийн захирал Б.Баттөр, “Багануурын уурхайд САТ777D маркийн 100 тоннын даацтай дөрвөн ширхэг хөрсний шинэ авто самосмол, D10T маркийн нэг бульдозерыг анх удаа нийлүүлж байгаадаа баяртай байна. Багануурын уурхайд хамгийн анх 1997 онд буюу одоогоос 15 жилийн өмнө 20 авто самосмол нийлүүлж байсан. Тэдгээрийн 13 нь одоо 15 жилийн турш тасралтгүй ажиллаж байна. Үүний тод жишээ нь шинээр нийлүүлж буй авто самосмолуудын хажууд сая км явсан нэг самсомол зогсож байна. Бид операторууддаа том амжилт гаргасанд нь баяр хүргэхийн ялдамд Катерпилларын тоног төхөөрөмжийн хүчин чадал, өндөр бүтээлтэй, найдвартайг батлан харуулж байна ” гэсэн юм.

Багануурын уурхайн операторууд Катерпилларын чанарыг магтахын зэрэгцээ Монголын нөхцөлд тохирсон техник гэдгийг онцолж байсан юм. Дампын операторуудын нэг О.Эрдэнэбилэг “Километр хэмжигч нэг сая км-т хүрсэн тул хоёр дахь километр хэмжигчийг сольж тавьсан. Хуучныг нь “Багануур” компанийн музейд дурсгал болгон гардуулъя” гэхдээ тун ч баяртай байлаа. Учир нь дампын км хэмжигч 999.999 хүрээд дуусдаг ажээ. Операторууд 15 жилийн өмнө шинэ дамп авч байхдаа машинаа нэг сая км явуулж чадна гэсэн амлалт өгч байжээ. Операторууд машинаа сайн эдэлсний зэрэгцээ Катерпиллар ч чанартайгаа харуулсан энэхүү үйл явдал ёслолын үйл ажиллагаатай давхацсан нь билгэшээлтэй хэрэг байлаа. 

Катерпилларын цоо шинэ дөрвөн самосмолд Багануурын туршлагатай операторууд суугаад машинаа асаан, ачааг нь өргөж буулгаад уурхайн зүг сүртэйгээр цуван одсоноор ёслолын ажиллагаа өндөрлөсөн юм. Багануурын уурхайд техникийн шинэчлэлийг үргэлжлүүлэх асуудал чухал хэвээр үлдэж байна. Нэг өөдрөг мэдээ гэвэл Засгийн газар Багануурын уурхайд хувийн хэвшлийнхний мэдэлд оччихоод байсан лицензийг нь буцаан олгосон билээ. Энэ нь Багануурын уурхайн хувьд нөөцөө баталгаажуулж, цаашид үйл ажиллагаагаа урт хугацаанд хэвийн явуулах боломжийг олгож байгаа  юм. “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК нь цаашид ч Багануурын уурхайн техникийн шинэчлэлд хамтрахад бэлэн байгаа ажээ. Харин “Багануур” компанийн тухайд техникийн шинэчлэлээ үргэлжлүүлэх санхүүжилтээ хувьцаа гаргах буюу банкны хөнгөлөлттэй зээлийн хэлбэрээр шийдэх гэсэн хоёр хувилбартай гэж байна.

2012-12-12

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж