-Засгийн газраас шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх таван тэрбум ам.долларын бондын эхний ээлжийг гаргасан. Гэтэл арьс ширний салбарыг дэмжихээр дахин 200 тэрбумын бонд гаргалаа. Засгийн газар нэг дор их хэмжээний зээл авах нь зөв юм болов уу?
-Бид бүх зүйлийг бодитой ярих хэрэгтэй. Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн түвшинд олон нийтийн хяналт дор энэ мөнгийг зарцуулах юм бол үр дүнгээ өгнө. Үүнд итгэлтэй байна. Гэхдээ ийм мөнгийг бид түүхэндээ босгож үзээгүй. Монголчуудын чармайлтаар энэ зээл саад багатай бүтлээ. Ер нь бол саад байсан. Мөнгө нь асар богино хугацаанд бүтэж байхад бид цаашдаа асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Мөнгө нь байлаа гээд бүх ажил хутгаар масло зүсч байгаа юм шигээр болж бүтчихгүй. Тун нарийн тооцоо судалгаатай бэлэн төслүүд дээр явах ёстой. Нэг талаараа бүхэл бүтэн улсынхаа нэр хүндийг гадаадад барьцаалж байж авч байгаа мөнгө. Өөрөөр хэлбэл өр. Том мөнгөнөөс үндсэн төлбөр, хүүд нь их л мөнгө төлнө. Тиймээс асар их хариуцлага бидэнд ирж байна. Монгол Улсын намууд улстөрчдөөс гарч байгаа бүх зүйл гадаад ертөнц, хөрөнгийн бирж дээр Монголын компанийн болон Засгийн газраас гаргасан үнэт цаасны үнэ ханшид шууд нөлөөлдөг болж байна.
-“Чингис” бондоос босгосон мөнгө хэдийнэ ороод ирсэн. Тэр өдрөөс эхлээд хүү нь бодогдоод эхэлсэн. Гэтэл тэр мөнгийг зарцуулах төсөл нь бэлэн болоогүй гэх юм?
-Энэ яг бодитой болоод байгаа зүйл. Хөгжлийн банкаар 500 гаруй сая ам.долларын бонд гаргасан. Түүний хүүд бид өдөрт 90 сая төгрөг төлж байгаа. Энэ мөнгөөр нэг цэцэрлэг барихад хангалттай хүрэлцэнэ. Манай төр засгийн бүтэц доголдож байгаагийн нэг шинж. Хоорондоо уялдаа холбоо муутай ажиллаж байгаа учраас ийм асуудал гарч байна. Хариуцлага дутаж буйгийн нэг жишээ шүү дээ. Өнгөрсөн сонгуулийн үеэр МАН-ынхан Хөгжлийн банкнаас иргэдэд нийгмийн халамж хэлбэрээр мөнгө тараах гэж байсан. Харин тухайн банкинд уг асуудлыг хариуцаж байсан албан тушаалтан нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн татгалзаж, өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Бид цаг хугацаа алдмааргүй байна. Нэгэнт л хүү төлөөд эхэлчихсэн учир ТЭЗҮ-ийг цаасан дээр яаралтай буулгаж, бодитой хөрөнгө оруулалт хийх шаардлагатай.
-Сая МАХН засгаас гарна гэж мэдэгдсэнтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан үнэт цаасны үнэ буурсан гэж байсан. Энэ үнэн үү?
-Тэгсэн. Тэр үеэр Монголын үнэт цаасны үнэлэмж гадаад зах зээл дээр найман хувиар буурсан байх жишээтэй. Тиймээс бид бүгдээрээ ходоод хагаравч тогоон дотроо гэдэг шиг улс төрийн намууд төлөвших, хариуцлагатай байх шаардлагууд амьдралаас урган гарч ирж байна гэдгийг ойлгох хэрэгтэй.
-МАХН-ын Гүйцэтгэх товчооноос гүйцэтгэх танхимд ажиллаж байгаа сайд нараа засгаас гар гэсэн даалгавар өгсөн. Энэ үйлдлийг нь та хэрхэн дүгнэж байна?
-Хэсэг бүлэг хүмүүс хуралдаад ямар ч шийдвэр гаргаж болно. Гэхдээ тэр нь их хариуцлагатай шийдвэр байх ёстой. Би юу гэж харж байна гэвэл нэгдүгээрт тэд Засгийн газраас гарч чадахгүй нь ойлгомжтой. Хэрвээ МАХН Засгийн газраас гарах бол энэ улс төрийн хүчин нэг хүний, нэг гэр бүлийн нам шиг харагдана. Тэд алсын улс төрийн тоглолт уу, өнөөгийн богино зайны улс төрийн тоглолт уу гэдгийг ухаарах хэрэгтэй. Гэхдээ МАХН Засгийн газраас гарахгүй гэдгийг нь мэдэж байна. Хоёрдугаарт шүүх засаглалын асуудал улс төрийн нам, УИХ, Засгийн газраас огт тусдаа зүйл.
-Засгийн газраас гаргаж байгаа таван тэрбум ам.долларын талаар ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийг Ерөнхийлөгч саяхан УИХ, Засгийн газрын удирдлагуудад танилцуулсан. Тэр үеэрээ “нэг гишүүний, албаны хүний хариуцлагагүй үг арван мянган ам.долларын өр болж, монголчуудын нуруун дээр бууна” гэсэн. Энэ нь магадгүй МАХН-ын мэдэгдлээс үүдэн олон улсын зах зээл дээр Монголын Засгийн газрын үнэт цаасний үнэ унасантай холбоотой юм болов уу?
-Хүмүүс өөр өөрийнхөөрөө л харах байх. МАХН болон Монголын бүх улс төрийн хүчинд хандаж хэлж байгаа үг. Тэр хүн чинь Монгол Төрийн тэргүүн шүү дээ.
-Хэрэв “Шударга ёс” эвсэл задарвал жагсаалтаар сонгогдсон гишүүд нь эргэн татагдана гэж зарим улс төрчид хэлж байна. Сонгуулийн тухай хуульд ийм заалт байгаа юм уу?
-Манай зарим гишүүд УИХ-ын гишүүдийг эргэн татах талаар хууль өргөн барих сураг дуулдаж байсан. Яг одоогоор бол Сонгуулийн тухай хуульд тийм заалт байхгүй. Ер нь бол сонгогдсон субъект нь байхгүй болвол жагсаалтаар орж ирсэн гишүүд нь татагдаж байх ёстой л доо.
-Нэр бүхий таван гишүүн тодорхой гацааны улмаас тангаргаа өргөөгүй байна. Эдгээр гишүүдийн тангаргийг өргүүлэх зөвшилцлийг улс төрийн намуудын хүрээнд хийх ёстой юу?
-УИХ ойрын хугацаанд элэг бүтэн болох ёстой. Ард түмэн ч гэсэн тэгж харж байгаа. Хамгийн гол нь гишүүд УИХ-д хууль ёсны дагуу орж ирэх ёстой. Сонгуулиар шударга өрсөлдсөн, сонгогчдын саналыг авсан байх учиртай юм. Хэрвээ маргаан гараад шүүхээр шийдэгдсэн бол тэр нь эцсийнх байдаг. Би бол шүүхийн шийдвэрийг хүндэтгэж үзнэ.
-Ардчилсан намаас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нар ард түмний олонхийн дэмжлэгийг хүлээгээгүй атлаа шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн болж, тангараг өргөх гэж байгаа нь хэр зөв үйлдэл юм бол?
– Ямар ч тохиолдолд тэдэнд ард түмэн саналаа өгсөн л байж таарна. Ард түмний саналыг багагүй хэмжээгээр авсан. Сонгуульд ялна гэдэг мөнгө төгрөг, гурил будаа, архи тараахгүйгээр сонгогдохыг л хэлж байгаа юм. Хэрэв тэр хууль нь зөрчигдсөн бол шүүхийн шийдвэрийг эцсийн гэж үзэхээс аргагүй. Манай гишүүд ч гэсэн ийм л байр суурь баримталж байгаа байх.
-Бондтой холбоотой асуудал руу эргээд оръё. Арьс, ширний салбарыг дэмжих зорилгоор бонд гаргахаас өмнө ЖДҮ, ноос ноолуурын салбарт зориулсан 300 тэрбум төгрөгийн бондын үр дүнг үзье гэж зарим гишүүд хэлж байсан?
-Би ч гэсэн үүн дээр ижил байр суурьтай байна. Анх 2008 онд ямаанд зориулан 40 тэрбум төгрөг гаргаж байлаа. Түүнээс хойш арьс шир, ноос ноолуур, ЖДҮ, малчдыг дэмжих нэрээр олон бонд гаргасан. Түүний үр дүнг нь тооцох ёстой. Тэгж байж дараагийн салбарыг тооцох ёстой юм. Ерөнхийдөө бондын хөрөнгө зориулалтын дагуу зарцуулагдаж байна уу гэдэг дээр онцгой анхаарах ёстой юм л даа. Түүнээс биш бондоор босгосон хөрөнгийг компаниудад тараагаад өгчихдөг. Тухайн компаниуд техник, технологио шинэчилсэн үү, улсын татвар төлөлт өсч үү, ажлын байр нэмэгдсэн үү, нэмүү өртөгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлж үү гэдэг дээр л гол үр дүн байх ёстой. Түүнээс биш тэр мөнгөө зориулалтын бусаар, үр дүнгүй зарцуулах юм бол бонд гаргах шаардлагагүй. Арьс, ширний салбарын хувьд дэмжих ёстой. Бид өнөөгийн байдлаар өмнөд хөршийнхөө хамгийн хүнд, нэмүү өртөг бага шингээдэг, бохир технологитой хэсгийг Монголын нутаг дээр явуулаад байна уу гэж бодож байгаа. Тиймээс цаашдаа усаа цэвэрлэдэг, бохир усаа голд цутгадаггүй технологи нэвтрүүлэх хэрэгтэй. Цаашдаа түүхий эд боловсруулах циклийг тэр чигээр нь Монголд нутагшуулах хэрэгтэй юм. Ер нь үндэсний үйлдвэрлэлийг зөвхөн Монголын төр л дэмжинэ. Түүнээс биш өмнөд, хойд хөршүүд ийм бодлого баримтлахгүй нь ойлгомжтой. Гэхдээ нэг салбар доголдлоо гээд л түүнд зориулж гэнэт бонд гаргаад байж болохгүй. УИХ, Засгийн газраас бонд гаргах зангидсан бодлого үгүйлэгдэж байгааг хэлмээр байна.
-Хүний хөгжил сангийн 21 болон 340 мянган төгрөгөө авч амжаагүй байгаа иргэдийн хишиг хувийг гүйцээж өгөхийн тулд Засгийн газар дахиад л бонд гаргахаар ярьж байна шүү дээ?
-Хөрөнгө мөнгө хэрэгтэй болохоор л бонд гаргадаг энэ хэлбэр оновчтой биш. Саяхан тэрбум орчим ам.долларыг нийгмийн халамж руу тараасан. Хөгжлийн бэрхшээлтэй, ахмадуудад өгөх мөнгийг олгох ёстой ч бонд гаргах замаар өгнө гэдэгтэй санал нийлэхгүй байгаа.
-Гэтэл бонд гаргахын тулд Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байна?
-Үүнийг би дэмжихгүй байгаа. УИХ дээр ямар тохиолдолд бонд гаргах ёстой вэ гэдгийг дахин сөхөж ярьмаар байна.
-Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн найруулахаар танай байнгын хороогоор хэлэлцэж байгаа. Энэ хууль өмнөхөөсөө ямар ялгаатай юм. Экспортоор орж ирэх бүтээгдэхүүнд хэрхэн хяналт тавих вэ?
-Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал болон Хүнсний тухай гэсэн хоёр хууль бий. Хүнсний тухай хуулинд газар тариалангаас ширээн дээр ирэх хүртэлх бүх үе шатыг зохицуулах тухай тусгагдсан. Зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй компани л импорт, экспортод оролцох ёстой, зохистой дадал зүйлийг нэвтрүүлсэн байгаа. Харин Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах хууль нь хүнсний бүтээгдэхүүний үе шат бүрт хяналтын тогтолцоо нэвтрүүлж байгаа. Мөн ганзагын наймаагаар хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх явдлыг зохицуулна. Хувийн хэрэгцээнд ашиглах зорилгоор оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүний хэмжээг гаалийн байгууллагын даргын гаргасан журмын дагуу тогтоож өгнө. Хэрэв их хэмжээгээр оруулж ирвэл хариуцлага хүлээлгэдэг болох юм.