ДАШТ 2007 оны аравдугаар сарын 23-наас арваннэгдүгээр сарын 3-нд болсон. Манайхны виз гарч өгөхгүй байсаар их л тулгаж, тэмцээн эхлэхээс гурав хоногийн өмнө Чикагод очжээ. Монголын боксчид цагийн зөрүүгээ гаргаж чадаагүй тул ихэнх нь тэмцээнээ эрт дуусгав. П.Сэрдамба л гэхэд ОХУ-ын Давид Айрапетянд салам нүдүүлж, эцсийн дүндээ 7:34-өөр ялагдсан. Ингэсэээр манайхаас ганц Э.Бадар-Ууган л үлдсэн юм. “Чикаго-2007” олимпийн өмнөх жлийн ДАШТ болоод ч тэр үү оролцогчдын тоо их байсан. Бадраа ялаад л байдаг. Гэвч медаль байдаггүй нь ийм учиртай.
Түүний гуравдугаар тойрогт Унгарын Давид Олтванийтай хийсэн тоглолт монголчуудыг сүрхий сандаргав. Эсрэг тамирчны бээлий Бадраагийн нүүрний өмнүүр өнгөрсөн ч тохой нь хөмсөг сэтэлчихлээ. Манай тамирчин хожим “Хөмсөг задрахаараа цус их гоождог, тогтоочихвол гайгүй. Би толгойны хамгаалалтаа доош дарж, хөмсгөө таглалаа. Шүүгчийн байгаа талын гараар нүүрээ нууна. Өнөөх унгартай зууралдахаараа өмсгөлд нь цусаа арчина. Хэд хэд арчсан. Шүүгч түүний бие цус болсныг мэдээд тоглолтыг зогсоолоо. Ашгүй, тоглолт өндөрлөх дөхөж, цус ч гайгүй болсон болохоор тоглуулаад дуусгасан. Тухайн үед хасах вий гэж их сандарсан шүү. Одоо бодоход дурсамжтай байдаг юм. Би ч хоншоортой байсан л даа” хэмээн ярьсан нь бий.
Гэхдээ маргааш нь жин үзүүлэх болоход өрсөлдөгчид нь Бадраагийн хөмсөг задарсныг мэджээ. Боксчид жин үзүүлэхдээ нүцгэн ордог бөгөөд бүгд л бусдаасаа өө харж, гар хавдсан, хөмсөг задарсан эсэхийг нь танддаг. Манай тамирчинтай хүрэл медалийн төлөө тоглох Венесуэлийн Эктор Мансанилья тухайн үед хөмсөг рүү нь хоёр цохиод тоглолтоос гаргана гэж тооцсон нь лав. Тоглолт ч эхэллээ, Бадар-Ууган ч биедээ ойртуулалгүй байсаар оноогоор тасраад авав. Венесуэл эр нэгэнт оноогоор хожихгүйгээ мэдээд хөмсөг рүү дайрлаа. Хэт шунахдаа Бадрааг мөргөж, өөрөө хөмсгөө задалчих нь тэр. Шүүгч цус харангуутаа тоглолтыг зогсоож, венесуэлийг хассан. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг л болсон доо.
Хагас шигшээд Английн залуу боксчин Жозеф Мюррейтэй учрав. Будант Альбионд мэргэжлийн бокс сайн хөгжсөн болоод ч тэр үү, өрсөлдөгч нь “Ширүүн нөхөр” байсан. Мюррей сэтгэлзүйгээр зодолддог бөгөөд цохиулсан хэрнээ яагаа ч үгүй царайлж, гараараа дуудаад л байлаа. Харин Бадраа өнөөх хөмсгөө хөндөхгүйг хичээж тоглосоор 20:11-ээр ялсан юм. Ингэж л 10 жилийн дараа ДАШТ-ий мөнгөн медалийн болзол хангалаа.
Манай тамирчныг аваргын төлөө ОХУ-ын Сергей Водопьянов хүлээж байв. Тухайн үед Бадраад жаахан туршлага дутсан тал бий. Цагийн зөрүүнд дасаад гайгүй болж байсан ч аваргын төлөө тулалдахын өмнөх шөнө нь тоглолтоо бодоод, унтаж чадаагүй аж. Ядаж байхад шигшээ тоглолтыг азиудад оноо муу дардаг шүүгчид дэнсэлсэн юм. Д.Банди багш “Дандаа эсрэг талын шүүгч байна. Миний хүү биедээ хүргэж болохгүй шүү. Зууралдвал оноо алдана” хэмээн зөвлөсний дагуу эхний хоёр үед цэвэрхэн тоглохыг хичээж, оноо ч ойрхон явлаа. Гэвч шүүгч манай тамирчныг гэнэт торгосноор хоёр оноогоор хоцрох болов. Ингээд л Водопьянов тасарчихсан юм. Хөгжөөн дэмжигчид орилолдоод оноо юу болоод байгааг ч мэдэх сөхөө байсангүй. Багшаасаа оноо асуух гэхээр нөгөө орос оноо авчих гээд хэцүү. Ингээд л цаг дуусч, шүүгч Водопьяновын гарыг өргөж билээ. Тэмцээний дараа хүмүүс мөнгөн медаль хүртсэнд нь баяр хүргээд сүйд болж байсан ч Бадраа сэтгэл гонсгор байлаа. ДАШТ жил бүр биш, нэг өнжөөд болдгийг ч хэлэх үү. ОХУ-ын төрийн дуулал эгшиглэж байхад түүнд зөвхөн ирэх жил болох Бээжингийн олимп л бодогдож байв.
Цаг хугацаа ч харвасан сум мэт өнгөрч, нэг л мэдэхэд зуны олимпийн XXIX наадам хөшгөө нээлээ. Олимпод явахаас өмнө Бадраагийн ойр дотныхон нь нөгөө оростой таарчих вий хэмээн зовоод байж. Харин манай баатар багшдаа “Водопьянов надтай эхлээд таарвал азгүй байна даа. Тэгвэл надад ч амар” гэж хэлжээ. Ингээд сугалаа болоход өнгөрсөн жилийнх нь ДАШТ-д түрүү булаалдсан хоёр хагас шигшээд таарах болжээ. Гэсэн ч Водопьянов Энэтхэгийн Кумарт ялагдаад, Бээжингийн рингийг нулимстай орхисон. Энэ тухай Бадар-Ууган “Би түүнийг ялагдсаныг сонсоод маш их харамссан. Бэлтгэл сайтай байсан болохоор өшөө авах маягийн зүйл бодож байлаа. Нэгэнт ийм зүйл болсноос хойш энэтхэгийг л сайн зодож үзүүлэхээс өөр зам үлдээгүй” хэмээн манай сонинд ярьж байв.