Тайз хөгжимчдөөр давалгаалсан тансаг тоглолт

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

Тайз хөгжимчдөөр давалгаалсан тансаг тоглолт

Хөгжим бүжгийн коллеж 75 нас хүрсний баяраа уран бүтээлийн дээжээсээ үзэгч түмэндээ  хэдэн өдрийн турш өргөн барьж тэмдэглэлээ. Цуврал тоглолт, арга хэмжээний хаалт өчигдөр ДБЭТ-т болсон нь “Найрал хөгжим-2012” наадам байлаа. Өнөөдөр Монгол Улсад, урлагийнхны ярьдгаар төвийн болон орон нутгийн мэргэжлийн  урлагийн байгууллагуудад үйл ажиллагаа явуулж буй театр, чуулга, сургуульд буй сонгодог болон ардын зургаан найрал хөгжим дангаар болон хамтран тоглож, урлагийн ууган сургууль 75 жилийн турш бэлтгэн гаргаж, улсдаа тушаасан мэргэжилтэн, боловсон хүчнүүдийнхээ чадавхиар “гангарав”. “Их найрал хөгжим-2012” наадмыг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл болон ХБК-ийн захирал Г.Эрдэнэбат нар үг хэлж нээсэн юм. Сайд хэлсэн үгэндээ тус сургууль бүтээсэн түүх, байгуулсан гавьяа, хуримтлуулсан туршлага, туурвисан уран бүтээл, бэлтгэн гаргасан боловсон хүчний чанар чансаагаар аль хэдийнэ үндэсний хэмжээний Хөгжмийн дээд сургууль болох хэмжээнд үйл ажиллагаа явуулж буйг тэмдэглэсэн. Багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд чухам энэ л үгийг хүлээж байсан нь илт ихэд баярлан алга ташиж байлаа.

Найрал хөгжмийн наадам Монголын өнөө цагийн мэргэжлийн хөгжимчдийн ур чадварыг харуулсан сайхан баяр боллоо. Хөгжим бүжгийн коллежийн үндэсний болон сонгодог найрал хөгжим, найрал дуу, ДБЭТ, Улсын филармони, ҮДБЭЧ, ЦДБЭЧ-ын найрал хөгжим уран бүтээлийн дээжээсээ толилуулсан юм.

Тоглолтыг удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн М.Булган ХБК-ийн үндэсний найрал хөгжимд хөгжмийн зохиолч Бат-Эрдэнийн хөгжим “Баярын үдэш”  бүтээлийг эгшиглүүлснээр эхлүүлсэн. Энэ найрал хөгжмийн тухай хөтлөгч “Саяхан 50 жилийнхээ ойг тэмдэглэсэн ҮДБЭЧ-ын их найрал хөгжмийн уран бүтээлчдийн 90 гаруй хувь ХБК-ийн төгсөгч юм” хэмээн зарлаж байлаа. ҮДБЭЧ-ын удирдаач Р.Ганбат чуулгынхаа их найралд залуу хөгжмийн зохиолч Бирваагийн “Алтайн сарьдаг уул”-ыг хүнгэнүүлэв. Дараа нь мөн ҮДБЭЧ-ын их найрал ерөнхий удирдаач Н.Буянбаатарынхаа удирдлагаар төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэрсэн тал” алдарт зохиолыг сэтгэл сэвэлзтэл эгшиглүүлсэн юм. Чуулгын гурван удирдаачид ХБК-ийн захирал Г.Эрдэнэбат баярласнаа илэрхийлж дурсгалын зүйл гардуулсан.

Симфони найрал хөгжимчдийн тоглолт эхэллээ. ХБК-ийн оюутан, сурагчдын симфони найрал хөгжмийг Токиогоос ирсэн удирдаач Хисоширо Иноэ удирдаж П.И.Чайковскийн V симфонийг (!5, op.64, ми минор, IV анги) тоглуулав. Түүний дараа ОХУ-ын Красноярск хотын Дуурийн театрын ерөнхий удирдаач ОХУ-ын гавьяат жүжигчин А.П.Чепурной удирдан, Оросын хөгжмийн зохиолч А.Житовын “Чингис хааны байлдан дагуулал” зохиолыг тоглуулав. Уг зохиолыг удирдаач чухам энэхүү тоглолтод зориулан Орост алдаршиж яваа хөгжмийн зохиолчид захиалан бичүүлсэн аж.

Нэгэн сонирхолтой номер зарлав. Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын симфони найрал хөгжим тайзнаа тоглох нь ээ. Тэсгим өвлийн хүйтнийг үл ажран тэртээх 700 гаруй км-ийн цаанаас ирсэн найрал хөгжимчид И.Штраусын “Радецки марш”-ийг тоглон үзэгчдийн халуун алга ташилтаар шагнуулав. Найрал хөгжмийг удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн В.Боролдой удирдан тоглуулсан.

Улсын филармонийн симфони найрал хөгжимчид тоглохын өмнө хөтлөгч жинтэйхэн тайлбар хийлээ. Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Намсрайжав 1957 онд Москвагийн Хөгжмийн дээд сургуулийг удирдаачийн мэргэжлээр төгсч ирээд Монголд мэргэжлийн симфони найрал хөгжим байгуулсан түүхтэй. Тэр үед хөгжимчид Ц.Намсрайжав, Г.Бирваа нарын удирдлагаар Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Ж.Чулуун болон Л.В.Бетховен, Ж.Бизе нарын бүтээлүүдийг эгшиглүүлж уран бүтээлээ эхлүүлж байжээ. Энэ жил 55 жилийнхээ ойг тэмдэглэсэн тус хамт олон энэ өдөр найрал хөгжмийн наадамд И.Штраусын “Цэнхэр Дунай” бүтээлийг тоглож бэлэг барьсан юм. Тус найрал хөгжмийн уран бүтээлчдийн 80 гаруй хувь нь ХБК төгсөгчид ажээ.

Монголд ганц,  Азид тэргүүлэх театруудын тоонд багтдаг ДБЭТ-ын симфони найрал хөгжим тайзнаа тоглох боллоо. 1943 онд Буриадын АССР-ын Дуурь бүжгийн таетрын жүжигчид Монголд ирж тоглосноор монгол хөгжимчдийг симфони хөгжмийн буюу европ хөгжмийн зэмсэг эзэмшихэд тусалж, түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй. Тухайн үед Монголын Үндэсний найрал 18 хөгжимчинтэй байсныг 1947 он гэхэд 32 хөгжимчинтэй болгон өргөжүүлсэн байна. Энэ нь одоогийн ДБЭТ-ын симфони найрал хөгжмийн үндэс. Ахмад, алтан үеийн Ж.Чулуун, Д.Жамсранжав, Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа нарын авьяаслаг, нэрт удирдаачдын үйлсийг өнөө театрын ерөнхий удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн  Н.Туулайхүү, удирдаач, урлагийн  гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх нар үргэлжлүүлж байгаа тухай хөтлөгч тайлбарласан. Тус найрал хөгжим Р.Хайманы бүтээл “Pops Hoe-down”бүтээлийг ДБЭТ-ын ерөнхий удирдаач Н.Туулайхүүгийн удирдлагаар хөгжимдөн үзэгчдийг сэтгэлийн цэнгэл эдлүүлэв.

Найрал  хөгжмийн  наадам  нэрт хөгжмийн зохиолч З.Хангалын “Салхич шувуу” хэмээх зүрх огшоож, сэтгэл булгилуулсан зохиолыг удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Чинбатын удирдсанаар болон суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Аида” дуурийн “Ялалтын марш”-ыг зочин удирдаач А.П.Чепурной удирдан тоглуулснаар өндөрлөсөн юм.

Монголын мэргэжлийн хөгжимчид ямар өндөр түвшинд ажлаа хийж гүйцэтгэдгийг, тэднийг сурган төгсгөж, ажлын талбарт хүлээлгэж өгдөг ардын жүжигчин, төрийн шагналт С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллеж ямар сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээ  харуулсан онцгой сайхан тоглолт ийн үзэгчдийг хоргоон, хоргоосоор алсрав.

ТӨГСӨГЧИД ХАНДИВ ӨГӨХ ЁСТОЙ, БУЯН НЬ ИРНЭ
ХБК-ийн захирал Г.Эрдэнэбат:

Байгуулагдаад 75 жил болсон хөгжмийн, урлагийн ууган сургууль өнгөрсөн долоон арваны турш улс эх орныхоо хөгжилд ямаршуу хувь нэмэр оруулснаа ийн тайлагнав.

Тоглолтын дараа тус сургуулийн багш нараас сэтгэгдлийг нь сонссон юм. Сургуулийн захирал, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат:

-Манай сургууль хөгжлийн шинэ түвшинд гарахад бэлэн болоод байна. Хөгжмийн дээд сургуулийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж, цар хүрээгээ өргөтгөхийг нийгмийн хөгжлийн хурдац шаардаж байна. Тиймээс ч бидний хүсэлтийг үндэслэж төрөөс өргөтгөлийн байр барьж өгсөн. Сургалтын агуулга, стандартад дэвшил гаргах гэхчлэн хийх ажил ундарсаар байна. Байгууллага 75 насална гэдэг урт зам, түүх. Өнөөдөр үүнийг ойлгож илүү өсч дэвжихийг ерөөж хандив өргөж, бэлэг гардуулж буй төгсөгчид, анд нөхдөдөө чин сэтгэлээс талархаж байна. Энэ сургуулийн сургалтын үр шимээр амжилттай яваа уран бүтээлчид, төгсөгчид эргээд сургуульдаа талархах ёстой, бэлэг хандив өгөх ёстой ч гэж бодож байна. Бэлгэ, буян нь ирнэ гэж байлаа.

БИДНИЙ ЗҮГЭЭС БАРИХ ДЭЭД ЗЭРГИЙН ГОЁ БЭЛЭГ МААНЬ ЭНЭ
ХБК-ийн сургалт эрхэлсэн дэд захирал Н.Ганчимэг:

-Та өнөөдөр сургуулиараа бахархаж буй тань мэдээж. Өнөөдрийн энэ тоглолтын хувьд чухам юу таны сэтгэлийг хөдөлгөж байна?

-Эхлээд оршил хэдэн үг хэлмээр санагдаж байна. 75 жилийн түүхтэй Хөгжим бүжгийн сургуулийнхаа үе үеийн төгсөгчдөөр бахархаж байна. Аль ч үеийн, оны  төгсөгчдийн араас дахиад л оюутан, сурагчид залгамжлан гарч ирдэг. Сургалтын хүрд тасралтгүй эргэж байдаг. Монгол Улс оршин тогтнож буй цагт соёл урлагийн бодлого байсаар байх болно. Соёл урлаг хөгжиж байна гэдэг соёл урлагийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэсээр байна гэсэн үг. Урлагийн мэргэжилтнүүд, хөгжимчин, дуучин, бүжигчин, циркчин бэлтгэх үйлсэд мөр зэрэгцэн ажиллаж ирсэн, одоо ажиллаж буй багш нар, сурган хүмүүжүүлэгчдэдээбаярын мэнд дэвшүүлье. Би ч гэсэн тэднийхээ нэг болохоор өнөөдөр аз жаргалаар дүүрэн байна.

Энэ “Найрал хөгжим-2012” наадмын тухайд юу минй сэтгэлийг хөдөлгөж байна гэхээр  манай сургуулийн 70-аад хүүхдийн бүрэлдэхүүнтэй үндэсний найрал хөгжим ҮДБЭЧ-ын уран бүтээлч ах эгч нартайгаа нэгэн тайзнаа цуг суугаад яг л адилхан хөгжимдөж суугааг харахад өөрийн эрхгүй баярлаж байна. Симфони найрал хөгжмийн хүүхдүүд маань ДБЭТ, Улсын филармонийн хөгжимчин ах эгч нартайгаа хамт дэлхийн том том сонгодог бүтээл эгшиглүүлж суугааг харах сайхан байна. Манай сургалт шаардлага хангаж байгаа юм байна даа гэсэн бодол төрж байна. Найрал хөгжмийн наадамд нийт 300 гаруй хөгжимчин, зургаан найрал хөгжим оролцож байна. Ийм тоглолт тэр бүр болдоггүй шүү дээ. Бид сургуулийнхаа 75 жилийн ойгоор нийт багш нар, оюутан, сурагчид, үзэгчдэдээ дээд зэргийн гоё бэлэг барья гэж энэ тоглолтыг зохион байгуулж байгаа юм.

СУРГУУЛЬДАА ФЛЕЙТ, КЛАРНЕТ ХӨГЖИМ ӨГЛӨӨ
Төгөлдөр хуурч Н.Ганбат:

-Би 1968 онд энэ сургуулийн босгыг алхаад 1976 онд Армян улсын Хөгжмийн дунд сургуульд сурахаар явсан. Төрөлх сургуулийнхаа 75 жилийн ойг тохиолдуулан оюутан, сурагчдын мэдээллийн санд нь нэмэр болгох зорилгоор дэлхийн шилдэг төгөлдөр хуурч Горвиц, Гилельс нарын тоглолтын бичлэг болон алдартай хөгжмийн зохиолчдын бүтээл бүхий 120 CD бэлэглэлээ. Мөн рок, поп, жааз төрлийн хөгжим болон алдартай мюзиклүүдийн 20 ширхэг DVD гардууллаа. Манай “Профешнл арт” компани сүүлийн үед дэлхийн зах зээлд тэргүүлж буй хөгжмийн зэмсэг хэрэгсэл борлуулдгийн хувьд бүтээгдэххүүний дээж флейт, кларнет хөгжим сургуульдаа гардууллаа гэсэн юм.

Р.ОЮУНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж