Д.Зоригт: Би өөрөө гишүүнээс татгалзсан

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

Д.Зоригт: Би өөрөө гишүүнээс татгалзсан

УИХ өнөөдөр гурван гишүүнээр бүл нэмж, 73-уулаа боллоо. Хэдийгээр өмнө нь Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшсэн хоёр нэр дэвшигч тангараг өргөнө гэж яригдаж байсан ч Г.Батхүү л өнөөдөр тангаргаа өргөсөн. Харин Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшигч Д.Зоригт УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр нэрээ татсан байна. Энэ талаар Д.Зоригтоос тодрууллаа.

-УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээс нэрээ татсан гэсэн. Яагаад нэрээ татах болов?

-Өвөрхангай аймгийн ард түмэн УИХ-д төлөөлөлгүй нэлээд хугацааг өнгөрөөлөө. Тиймээс ард түмнийхээн сонголтыг хүндэтгээд УИХ-ын гишүүний тангараг өргөхөөс өөрийн хүсэлтээр өргөдөл гаргаж татгалзсан. Өвөрхангай аймгийн  иргэд УИХ-д төлөөлөлтэй болох, УИХ-ын үйл ажиллагаа ч гацахгүй үргэлжлүүлэх үүднээс нэрээ татсан.

-МАН, АН хоёр нам тохироо хийсэн гэж өчигдөр МАН-ын гишүүд мэдэгдэж байсан. Таныг намаас чинь дарамталсан уу?

-Намаас дарамталж, нэрээ тат гэсэн зүйл огт байхгүй. Өвөрхангай аймгийн иргэдээ бодож би өөрийн хүсэлтээр ийм шийдвэр гаргасан.

-Тангараг өргөсөн Г.Батхүүгээс илүү таныг гишүүн болох байсан гэх хүмүүс байна. Гэтэл яагаад Г.Батхүү өнөөдөр тангараг өргөж байгаа юм бол?

-Энд улстөрийн наймаа, намын даалгавар, тохироо байхгүй. Би зөвхөн өөрийн хүсэлтээ гаргасан. Шүүхийн процессийн дагуу явагдаж байгаа С.Чинзоригт холбогдох хэрэг үнэн зөвөөр шийдэгдээд, хууль зөрчөөгүй байвал С.Чинзориг УИХ-ын гишүүн болох боломжтой болж байгаа. Г.Батхүү гишүүний өмнөөс бол би юм ярихгүй. Энэ бол цэвэр миний хувийн сонголт.

-Та өргөдлөө хэзээ өгсөн бэ. Бүлгүүд өчигдөр үдийн хавьд тохиролцоонд хүрсэн гэж байсан?

-Би өргөдлөө өчигдөр үдээс хойш өгсөн. Намын бүлгүүд тохиролцоо хийсэн эсэхийг би мэдэхгүй байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж