Алсын тусгалтай БНАСАУ

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

Алсын тусгалтай БНАСАУ

Пхеньян алсын тусгалын баллистик пуужинг амжилттай туршиж, Вашингтоны уурыг хүргэлээ. Үүнийг Москва, Бээжин шүүмжилж байна .

Фото: Lee Jae-Won/REUTERS

БНАСАУ “Ынха-3” пуужингаа амжилттай хөөргөн дэлхий орчны тойрог замд хиймэл дагуул гаргаад байгаа. Дэлхийн хамтын нийгэмлэг үүнийг баллистик пуужингийн далдалсан туршилт гэж үзэв. АНУ, Японы шаардлагаар энэ лхагва гаригт НҮБ-ын Аюулгүй зөвлөл яаралтай хуралдлаа. Энэ хурал дээр Ким Чен Унын дэглэмийг хатуухан шүүмжлэв.

Хойд Солонгос лхагва гаригийн өглөө дэлхийн олон нийтийн сануулгыг үл тоон алсын тусгалын пуужин хөөргөсөн. Тив алгасан нисэх пуужингийн туршилтыг хиймэл дагуул хөөргөх нэрийн дор туршсан гэж Дэлхийн хамтын нийгэмлэг үзлээ.

“Арванхоёрдугаар сарын 12-нд  Пхеньян-Пукто мужийн  Чхольсан аймгийн Сохэгийн сансрын нислэгийн талбайгаас “Ынха-3” зөөгч пуужингаар “Кванмёнсон-3” хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө. Хиймэл дагуул төлөвлөсөн тойрог замдаа гарлаа” гэж Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлаг мэдээлэв.

Пуужинг амжилттай туршсан гэдгийг Америкийн цэргийнхэн баталж байна. “Урьдчилсан зарим шинжээр пуужин тойрог замд гарсан төхөөрөмжийг нисгэж чадлаа. Пуужин ч, шатлалын хэсгүүдийн үлдэгдэл ч Хойд Америкт ямар нэгэн аюул заналхийлэхээргүй байна” гэж Хойд Америкийн агаар, сансрын хамгаалалтын командлалын мэдэгдэлд өгүүлсэн байна.

Пуужинг орон нутгийн цагаар 09.49-д хөөргөсөн. Япончуудын мэдээгээр Хойд Солонгосын пуужингийн эхний шат Солонгосын хойгоос 200 км-ийн зайд салжээ. Хоёр дахь шат нь хойгоос 250-300 км-ийн зайд, гурав дахь нь Филиппинээс зүүн тийш 300 км-ийн зайд унасан байна. Өмнө техникийн саатлаас пуужинг хөөргөх ажиллагаа хэд хоногоор хойшиллоо гэж БНАСАУ мэдээлж байсан юм.

Энэ бол Хойд Солонгосын алсын тусгалын пуужингийн анхны туршилт биш. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гурван шатлалын пуужин хөөргөсөн ч хоёр минут болоод агаарт задран сүйрсэн, туршилт нь амжилтгүй болсон гэж Пхеньян хүлээн зөвшөөрсөн юм. БНАСАУ дахин алсын тусгалын баллистик пуужин турших гэж байгаа нь Дэлхийн хамтын нийгэмлэгийг түгшээсэн Вашингтон пуужин хөөргөх нь бүс нутагт заналхийлэл учруулж байна гэсэн бол Европын холбоо түүнийг “өдөөн хатгалт” гэлээ. Москва Хойд Солонгосын сансар судлах эрхийг хүлээн зөвшөөрсөн ч баллистик пуужин хөөргөхөөс татгалзахыг тэднээс уриалсан юм.

Харин Сөүл хэд хэдэн эсминец онгоцыг Шар тэнгист илгээн хөөргөлтийг  хянаж байлаа. Япон хэрэв пуужин замаас гарч нутаг дэвсгэрт заналхийлэхээр бол угтан сөнөөхөөр бэлтгэн Токиогийн ойролцоо пуужин эсэргүүцэх Patriot зенитийн пуужингийн хэд хэдэн батарейг байрлуулсан байлаа

Америкчууд Хойд Солонгосын пуужингийн туршилтыг олон улсын гэрээ хэлцлийг зөрчлөө гэж дүгнэж байна. “Баллистик технологийг ашиглаж байгаа нь НҮБ-ын тогтоолыг зөрчсөн хэрэг болж бүс нутагт  аюул занал учруулж байна. Энэ нь БНАСАУ-ын хариуцлагагүйн нэг жишээ” гэж  АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Томми Витор мэдэгдэв. Энэ БНАСАУ-ыг гадаад ертөнцөөс улам тусгаарлуулах болно гэдгийн тэрээр нэмж хэллээ.

“Ихээхэн хэмжээний хөрөнгийг баллистик технологи, цөмийн зэвсэгт зарах нь аюулгүйн төвшнийг нэмэгдүүлэхгүй бөгөөд энэ нь тус орон болон олон улсын хамтын нийгэмлэгийн харилцааг сайжруулахгүй. Зөвхөн олон улсын хэм хэмжээг сахин, олон улсын үүргээ биелүүлж, өөрийн ард түмнийг хооллож ундлан үр хүүхдүүддээ боловсрол олгон хөршүүдийнхээ итгэлийг хүлээснээр л Хойд Солонгос бэхжиж чадна” хэмээн Виторын мэдэгдэлд өгүүлсэн байлаа.

Хойд Солонгос 1990-ээд оны сүүлчээр пуужингийн хөтөлбөртэй гэдгээ, 2005 онд цөмийн зэвсэгтэй болсноо албан ёсоор мэдэгдэж байсан. Хойд Солонгосын албан ёсны мэдээгээр пуужингийн хөтөлбөр нь сансар судлалын зориулалттай гэжээ. Гэсэн ч дэлхийн олон нийт тэдэнд итгэхгүй, алсын тусгалын баллистик пуужинг туршиж байна гэж үзэж буй. Пхеньян 2009 онд “Ынха-2” пуужингаар дэлхийн тойрог замд хиймэл дагуул хөөргөсөн гэж байсан юм. “Ынха” пуужин нь 600-900 км-ийн  алсын тусгалтай пуужин юм.

Хойд Солонгос 2012 онд пуужин хөөргөхдөө 1,3 тэрбум орчим ам.доллар зарлагдсан гэж Өмнөд Солонгосын Засгийн газраас тооцоолсныг CNN дамжуулжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард амжилтгүй болсон пуужин хөөргөлттэй нийлээд ойролцоогоор 600 сая, пуужин хөөргөх талбайн бэлтгэл ажилд 400 сая, бусад тоног төхөөрөмжид 300 сая ам.доллар зарлагдсан гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж