![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/11/99f0cbe8d769e50c/0960d48b1733e1c0big.jpg)
Хүний хөгжлийн сангаас олгож байсан мөнгөний үлдэгдлийг санхүүжүүлэхэд 336,5 тэрбум төгрөг дутжээ. Түүний 23,4 тэрбум төгрөгийг оны эхний үлдэгдлээр санхүүжүүлнэ. Он дамжуулж Хүний хөгжлийн сангийн үлдэгдлийг санхүүжүүлэх боломжгүй тул 313,1 тэрбум төгрөгийг он гарахаас өмнө яаралтайгаар үнэт цаас гаргаж нөхөх нь зүйтэй гэдгийг Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нар тайлбарлалаа.
Яаралтай бонд гаргаж, нэн яаралтай борлуулах шаардлагатай болсныг тэд анхааруулж, гишүүдийн ирц тааруу байвал татгалзсан санал олноор гарч тогтоол батлахад хэцүү болно гэж байсан юм.
Гишүүн Д.Оюунхорол ядуу, нэн ядуу өрх, өрх толгойлсон олон хүүхэдтэй эмэгтэй зэрэг зорилтот бүлэгт сар бүр 21 мянган төгрөг олгох нь чухал байгааг сануулж байв. Гэвч үүнийг энэ удаагийн бондын тухай асуудлыг шийдэх үеэр хэлэлцэх боломжгүй, тийм эрх зүйн зохицуулалт байхгүй гэдгийг холбогдох хүмүүс хэллээ.
Хямралын нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газар Монголбанкнаас 220 тэрбум төгрөгийн зээл авсан. Үүнийг төлөхгүй бол Монголбанк оны өмнө шууд суутгаад авчих тул үүнийг бас анхаарах хэрэгтэйг Ц.Даваасүрэн гишүүн хэллээ. Гишүүн Ж.Батзандан хамаагүй бонд гаргаж өр тавихыг эсэргүүцэж байгаагаа энэ үеэр илэрхийллээ. Гишүүн С.Дэмбэрэл хавтгайрсан халамжийг халах хэрэгтэй, бонд хэтэрхий их гаргаж байна гээд санхүүгийн реформ хийх цаг болсныг анхааруулж байв.
Сангийн сайд Ч.Улаан “Сая гаргасан 1,5 тэрбум ам.долларын “Чингис” бонд бол зөвхөн үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэх бонд. Одоо энэ ярьж байгаа бонд бол амьдрал залгуулах бонд. Бонд гаргадаггүй улс орон гэж байхгүй. Харин бондоор олсон хөрөнгөө зөв оновчтой зүйлд зарцуулах ёстой” гэсэн тайлбар өгөв. Бонд гаргахдаа хүүгийн дарамтаас байнга сэргийлэх ёстойг Ц.Даваасүрэн гишүүн санууллаа.
Энэ жил хүүхдийн мөнгөнд 270 тэрбум төгрөг зарж байгаа. Энэ нь өмнөх хавтгайрсан халамжийн үеэс хэд дахин буурсан үзүүлэлт. Үүнээс хойш хүүхдийн мөнгийг ч зорилтот бүлэгт хандуулах ёстой гэсэн байр суурийг Ц.Даваасүрэн илэрхийлж байлаа. Ингээд уг асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ.