Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх сорил Спортын төв ордонд эхэллээ. Энэ удаагийн сорилд дээд лигийн дөрөв, мөн хөгжлийн лигийн гурван баг тойргоор өрсөлдөж байгаа юм. “Хасын хүлгүүд”, “Баянзүрх буллс”, “Харцага” багуудын хувьд багагүй өөрчлөлт орсон харагдана. Дээд лигт өөрийн дайчин тоглолтоороо үзэгчдээс боломжийн үнэлсэн авсан Б.Болортулга л гэхэд “Харцага” багт хүчин зүтгэх болжээ. Тэгвэл “Хасын хүлгүүд”-ийн гол тоглогчид бүгд багаасаа гарсан байх юм. Энэ багийг залуучуудаар дахин бүрдүүлсэн гэвэл хилдсэхгүй болсон байна. Тарж буйгаа мэдэгдээд байсан “Баянзүрх буллс” ч нэлээд залуужсан харагдав. Ямартай ч сорил тэмцээнийг зохион байгуулж байгаа нь сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг дээд лиг эхлэх дөхсөний дохио биз. “Сүү” хувьцаат компанийн ивээн тэтгэж буй тэмцээнд “Хасын хүлгүүд-1”, “Хасын хүлгүүд-2”, “Харцага”, “Баянзүрх Буллс”, “SBL Becks”, Танан, “Ард даатгал” гэсэн долоон баг өрсөлдөж байна. Тэмцээн ням гаригт өндөрлөнө.
“СПОРТЫН ШУУДАН”