&#34Эрэн сурвалжлахыг зогсоосон талаар мэдэгдээгүй&#34

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

&#34Эрэн сурвалжлахыг зогсоосон талаар мэдэгдээгүй&#34

МАХН-ын дарга Н.Энхбаярын хууль бус хувьчлалын хэрэгт холбогдсон Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг Авлигатай тэмцэх газраас /АТГ/ сэжигтнээр татан, Интерполын байгууллагатай хамтран өнгөрсөн аравдугаар сараас эхлэн эрэн сурвалжилж эхэлсэн. Гэтэл Интерполын цахим хуудаснаас тэдний талаарх мэдээлэл алга болсон талаар Монголын хэвлэлүүд бичиж байна.

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерпол өнгөрсөн аравдугаар сарын эхээр өөрийн сайтдаа Б.Хуяг, Н.Энхтуяа нарын зурагтай мэдээллийг байршуулсан байдаг. Гэтэл эрэн сурвалжлаад төд удаагүй байтал Хууль зүйн дэд сайд Ж.Эрдэнэжамъян хувь хүний зүгээс бус Хууль зүйн дэд сайдын нэрийн өмнөөс Интерполд сэжигтнүүдийг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоох тухай хүсэлтийг илгээсэн юм. Үүнээс үүдээд АТГ-аас түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, мөрдөн байцаалтад саад учруулсан хэрэгт буруутган, эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцааж эхлээд байгаа. АТГ-ын удирдлагууд энэ үйл явдлын дараа “Хууль зүйн сайд Ж.Эрдэнжамъяаны захидлаас болж Интерполын байгууллага Б.Хуяг, Н.Энхтуяа нарын хэрэгт давхар сануулга тавьсан. Давхар сануулга гэдэг нь эдгээр хүмүүсийг эрэн сурвалжлах ажлыг эргэн нягтлан харъя гэсэн үг” хэмээн мэдэгдэж байлаа. Гэтэл энэ сарын 10-нд Интерполын цахим хуудаснаас эрэн сурвалжлагдаж байсан сэжигтнүүдийн мэдээлэл арчигдсан тухай мэдээлэл өнөөдөр сонин, хэвлэлд гарснаар энэ асуудлыг дахин анхаарлын төвд авчраад байна.

Мэдээллийн мөрөөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатад хандахад, “Интерполын байгууллага Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг эрэн сурвалжлах ажлыг зогсоогоогүй, хэвийн үргэлжилж байгаа гэж ойлгож болно” гэв. Харин албаны өөр эх сурвалж “Интерполоос манай улс төрийн албан тушаалтнуудын удаа дараа тавьж байгаа хүсэлтээс шалтгаалан Б.Хуяг, Н.Энхтуяа нарын сэжигтнүүдийн мэдээллийг өөрийн сайтаас түр хугацаагаар авсан байгаа. Гэхдээ үүнийг эрэн сурвалжлах ажиллагаагаа зогссон гэж ойлгож болохгүй. Сэжигтнүүдийн мэдээллийг Интерполын сайтаас авсан нь давхар сануулга тавьсантай холбоотой байх” гэлээ.  
Харин Хууль зүйн дэд сайд Ж.Эрдэнэжамъян энэ талаар “Интерполын байгууллага улс төрийн маргаантай асуудалд холбоотойгоор хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнийг эрэн сурвалжлах ёсгүй. Би АТГ-т нэг л удаа очиж мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг гэхээсээ илүүтэйгээр Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг Интерполоор эрэн сурвалжлах нь хууль бус үйлдэл байсан гэдгийг тайлбарлахыг оролдсон. Би “Эрэн сурвалжлах ажлыг зогсоо” гэх утгаар бус эдгээр хүмүүс манай улс төрийн намуудын зөрчилдөж байгаа хэрэгт буруутгагдаж байгаа гэх утгатай захидлыг Интерполын байгууллагад илгээсэн. Харин таны асуусанд хариулахад, Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг эрэн сурвалжлахыг зогсоосон гэх мэдээлэл надад ирээгүй байна”  гэв.

Тэд ямар хэрэгт буруутгагдаж байгаа вэ?

Н.Энхбаяр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа эрх бүхий албан тушаалтан нартай бүлэглэн “Өргөө" зочид буудал болон “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ-уудыг хууль бусаар хувьчилж, өөрийн үүсгэн байгуулсан "Эскон" ХХК-ийн охин компани болгон завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан нь гурван шатны шүүхээр нотлогдон ял авсан. Харин “Эскон” компани нь Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагийн нэр дээр бүртгэлтэй байгаа нь  хууль бус хувьчлалын хэрэгт буруутай болохыг гэрчилж байгаа юм.

Харин Н.Энхбаярын туслах байсан Б.Тулгын төрсөн ах Б.Хуягийг “Өргөө” зочид буудлын хэрэгт холбоотой хэмээн сэжиглэн, эрэн сурвалжилж байгаа. Тэрээр хууль бусаар хувьчлагдсан гэх “Өргөө” зочид буудлыг өөрийн компани болох “Хар дун” компанийн нэр дээр авсан нь сэжигтнээр татан, эрэн сурвалжлуулах үндэслэл болдог. Б.Хуяг нь хоёр жилийн өмнө АНУ-ыг, Н.Энхтуяа нь 2004 оноос Сингапур улсыг зорьсон байдаг аж.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж