Анодын хуурамч хувьцаа хийгээд СЗХ

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

Анодын хуурамч хувьцаа хийгээд СЗХ

Санхvvгийн зохицуулах хороо дампуурах байсан Анод банкинд хувьцаа гаргах зөвшөөрөл өгөөгүй бол 1200 гаруй иргэн 20 тэрбум төгрөгөөрөө хувьцааг нь худалдаж авч, хууртагдахгүй байлаа гэж хохирогчид нь үзэж байна.

Санхvvгийн зохицуулах хороо хувьцаа гаргах хүсэлт тавьсан компанийн санхүүгийн байдалд, хөрөнгийн үнэлгээ, аудит хийлгэж, сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланг хянаад, асуудалгүй компани болохыг нь нотолж байж хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татах зєвшєєрөл олгох хуультай.

Өөрөөр хэлбэл, Санхvvгийн зохицуулах хорооны “хувьцаа гаргаж болно” гэдэг зөвшөөрөл бол энэ компанийн санхүүгийн хувьд асуудалгүй, ойрын жилүүдэд ашигтай ажиллах боломжтой гэсэн үг. Гэтэл тус хорооноос зөвшөөрөл олгосон Анод банк 2008 оны дөрөвдүгээр сарын 30-нд 19 сая гаруй энгийн хувьцааг 20 тэрбум гаруй төгрөгөөр арилжаад зургаахан сарын дараа дампуурсан.

Тиймээс “Анод”-ын хувьцаа эзэмшигчид өөрсдийгөө хуурамч хувьцаа худалдаж авсан гэж үзэж байгаа аж. Яагаад гэвэл дампуурах гэж байсан банк хувьцаа гаргаж олон нийтээс босгосон тэр мөнгөөрөө хадгаламж эзэмшигчдийн мөнгийг буцааж өгч байсан. Тиймээс хөрөнгийн зах зээлд гаргах ёсгүй ANOD гэдэг симболтой хууль бус хуурамч хувьцааг худалдаж авч мөнгө, цаг хугацаа, сэтгэл санаагаараа хохирсон 1200 гаруй хүн хууль бус зөвшөөрөл олгосон СЗХ болон тус хорооны дарга Д.Баярсайханыг хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. 

Ер нь ямар ч хувьцаа эзэмшигч хувьцааг нь эзэмшиж байгаа компани дампуурахад хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалтыг буцааж олгох хөрөнгөтэй, санхүүгийн боломжтой эсэхийг СЗХ хороо мэдэж хянаж байх үүрэгтэй, төрийн өмнөөс хувьцаа эзэмшигчдийг эрсдлээс хамгаалж, тэдний талд ажиллах ёстой төрийн байгууллага. 

Компани хувьцаа гаргаад ердөө зурган сарын дотор дампуурсан бол зөвшөөрөл өгсөн СЗХ-той хуйвалдсан эсвэл СЗХ нарийн шалгах үүргээ биелүүлээгүй гэсэн үг гэж санхүүгийн зуучлалын салбарынхан ярьж байна. 

Хувьцаа эзэмшигчдийн бас нэг гомдож байгаа газар нь Монголбанк. 

Анод банк дампуурах нь тодорхой болоход Монголбанк хуулийн дагуу банкны удирдах эрхийг нь гартаа авахдаа асуудлыг зөвхөн хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах талаар анхаарсан боловч 1200 гаруй жижиг хувьцаа эзэмшигч буюу хөрөнгө оруулагчийг огт хайхраагүй. 

Төв банк зөвхөн банкны тухай хуулиа мөрдөж, компанийн болон үнэт цаасны тухай хуулийг бодолцолгүй хувьцаа эзэмшигчдийг хадгаламж эзэмшигчдийн адил бодолцож үзээгүй. Анодод зарж болох ямар хөрөнгө байсныг хувьцаа хэлбэрээр хөрөнгө оруулсан хувьцаа эзэмшигчдэд тайлбарлах нь битий хөрөнгөө оруулсан хувьцаа эзэмшигчидтэй нэг ч удаа уулзахгүй гурван жил өнгөрчээ. Иймээс хувьцаа эзэмшигчид тэр үед Анод банкны ямар зээл төлөгдөөгүй үлдсэн, ямар үл хөдлөх хөрөнгөтэй, юугаар нь хөрөнгөө буцааж авах боломжтой байсныг огт мэдэхгүй байгаа аж. Тэд одоо болтол хохирлоо барагдуулах ямар боломж байгааг тухай ямар ч мэдээлэлгүй байгаа гэж өчигдөр мэдээлсэн.

Анодын “домог”-оос хамгийн хатуу сургамж Санхүүгийн зохицуулах хороо ямар хариуцлагагүй хүмүүсийн гарт байсныг /магадгүй одоо ч байгаа байж болох юм/ харуулсан явдал боллоо гэж тус банкны хохирогчид болох хувьцаа эзэмшигчид үзэж байна.

Б.ХАЛИУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж