&#34Д.Тэрбишдагватай хариуцлага тооцох ёстой&#34

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

&#34Д.Тэрбишдагватай хариуцлага тооцох ёстой&#34

УИХ-ын гишүүн З.Батзандан Шадар сайд Д.Тэрбишдагвыг албан тушаалаасаа огцрох шаардлага тавиад байгаа. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

-Шадар сайд Д.Тэрбишдагвыг огцруулах шаардлагыг та тавилаа. Ямар үндэслэлүүдээр ийм шаардлага тавиад байна вэ?

-27 настай бүсгүй найман сартай хүүтэйгээ Сэлэнгэ мөрнөөр урсаад Оросын хил давсан, одоо хэр нь олдохгүй 38 хонож байгааг монголчууд бүгдээрээ мэднэ. Хэрэг явдал болоход онцгой байдал олигтой арга хэмжээ аваагүй, одоо ч арга хэмжээ аваагүй байна. Гэтэл Шадар сайд Д.Тэрбишдагва энэ хугацаанд эх, хүү хоёрыг хайх ёстой байтал Н.Энхбаярыг аврах ажиллагааг л явууллаа. Онцгой байдлын үндсэн үүрэг бол Н.Энхбаярыг аврах биш, эх хүү хоёрыг аврах, гамшигт өртсөн ард түмнээ аврах. Нэгдүгээрт энэ сайд үндсэн ажлаа хийхгүй байна. Хоёрдугаарт, арваннэгдүгээр сарын 17-нд Налайхад гурван хүн нурангид дарагдаж нас барсан. Тэр хүмүүсийг аврах ажиллагааг мэргэжлийн өндөр төвшинд хийж чадаагүй гэж бид үзэж байгаа. Тийм учраас Онцгой байдлын асуудал хариуцаж байгаа Шадар сайд Д.Тэрбишдагва өөрийн саналаар огцрох нь зүйтэй. Огцрохгүй бол огцруулах асуудлыг би албан ёсоор тавина. БНСУ, Англи, Япон, АНУ зэрэг өндөр хөгжилтэй оронд гүүр нураад хоёр хүн нас барахад сайд нь тэр даруй огцорч байдаг. Жижигхээн асуудал үүсэхэд улстөрийн өндөр албан тушаалтнууд хариуцлага хүлээж байдаг. Бид шинэчлэлийн Засгийн газар, шинэ УИХ-д хариуцлагыг, ёс зүйг ил тод байдлыг улстөрд тогтоохын төлөө, авчрахын төлөө байгуулагдсан гэж ойлгож байна. Түүнээс биш ажлаа хийж чаддаггүй, ард түмэнд бус өөрийн намынхаа хэдэн дарга нарт үйлчилдэг, эх орон нэгтнүүддээ биш, Н.Энхбаярт үйлчилдэг ийм Шадар сайд Монголд хэрэггүй гэж үзэж огцруулах шаардлага тавьсан.

-Хоног хугацаа заасан уу, тэдний дотор багтаж сайдын суудлаасаа огцор гэдэг ч юм уу?

-Хоног хугацааны тухай асуудал байхгүй. Шадар сайд Д.Тэрбишдагва та сайн дураараа огцрох нь зүйтэй гэдэг саналыг өнөөдөр/өчигдөр/ албан ёсоор явууллаа. Тэр хүн үүрэгт ажлаа хэр зэрэг хийж байгаагаа бодож нэг үзэх хэрэгтэй. Цаашид Монгол хүний алтан амь хамгаалалттай байхын тулд ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй. Хариуцлага алдсан сайд дарга нарын толгойг нь илэх шаардлага байхгүй гэж үзэж байна.

-Шадар сайдаас гадна Онцгой байдлын ерөнхий газрын даргыг бас чөлөөлөх асуудал тавигдах нь гэж ойлгож болох уу?

-Улстөрийн хариуцлага сайд нарын төвшинд явдаг. Тэгэхээр Д.Тэрбишдагва сайдтай хариуцлага тооцох асуудал тавигдана гэж ойлгох хэрэгтэй. Учир юу вэ гэвэл сайд хүн томилогдсон даруйдаа л хариуцлага эрх мэдэл, эрх үүргийг нэгэн зэрэг хүлээдэг.  Онцгой байдлын сайдын хэрхэн ажиллахыг бид бас нэлээн харлаа. Эх хүү хоёр алга болсноос хойш 38 хонож байхад ямар ч арга хэмжээ аваагүй, ямар ч үр дүн гараагүй байна. Эндээс бид нэг л дүгнэлт хийж байна. Онцгой байдал ажлаа хийхгүй байна. Налайхад нурангид гурван хүн даруулж амиа алдлаа. Өөр олон залуучууд нурангид даруулаад Онцгой байдлыг дуудаж байхад очихгүй байна. Гал түймэр гараад дуудлага өгөхөөр Онцгой байдал очиж чадахгүй байна, ажлаа хийхгүй байна шүү дээ.

-Сайдад хариуцлага тооцож огцрууллаа ч тухайн байгууллагын ажил сайжирдаггүй. Нөгөө л бахь байдгаараа байдаг. Сэлэнгэд болсон ослын тухайд Онцгой байдлынхны хувьд сэтгэл дутаж гэж харагддаг? 

-Аав нь ямар байна, хүүхдүүд нь яг тийм л байна. Тийм учраас Д.Тэрбишдагва сайдтай хариуцлага тооцох ёстой. Түүнээс Сэлэнгийн Онцгой байдлын доод тушаалын албаны хүмүүсийг халснаар Онцгой байдлын ажил сайжрахгүй. Бид Онцгой байдлыг Монгол Улсын хэмжээнд 2.8 сая монголчуудад гамшиг, онц хүнд нөхцөл байдал нүүрлэхэд туслах ёстой байгууллага гэж харж байгаа. Тэр утгаар нь Д.Тэрбишдагвын асуудлыг хөндөж байна.

-Онцгой байдлын албыг техник хэрэгслээр хангах, чадавхижуулах боломж Монголын төрд байгаа юу, нисдэг тэрэггүй ч гэх шиг юм юм л сонсогдох юм. Мөнгөгүй хөрөнгөгүйгээс болж байна л гэх?

-Онцгой байдлыг шаардлагатай техник хэрэгслээр хангах боломж бүрэн байгаа, зайлшгүй шаардлага байгаа. Түүнийг Д.Тэрбишдагва сайд хийхгүй байна. Монгол Улсын Засгийн газарт хангалттай мөнгө бий. Аймаг болгонд нисдэг тэрэг авч өгсөн ч болно. Аймаг биш юм аа гэхэд Монгол Улс таван бүсэд хуваагддаг, бүс болгонд Онцгой байдал нэг нисдэг тэрэгтэй байхад үер аваар зуднаас монголчуудыг аврах бүрэн бололцоо боломжоор хангагдана.

Ер нь Монгол Улсад мөнгө нь байна, дотоод зохион байгуулалт хийж чаддаг, сайн зохион байгуулагч, иргэд олон түмний төлөө сэтгэл гаргаж ажиллаж чаддаг улстөрч, удирдагч үгүйлэгдэж байна. Тийм учраас би УИХ-ын гишүүнийхээ хувьд энэ асуудлыг тавьж, хариуцлагатай улстөр, ёс зүйтэй улстөр гэдэг зүйл Монгол Улсад бий болох ёстой гэж үзсэн. Улстөрийн хариуцлагын шинэ жишгийг үүгээрээ би тогтооно гэж бодож байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж