И.Нарантуяа: Хүүхдийн асуудал дээр ашиг сонирхол байх ёсгүй

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

И.Нарантуяа: Хүүхдийн асуудал дээр ашиг сонирхол байх ёсгүй

И.Нарантуяа: Хүүхдийн асуудал дээр ашиг сонирхол байх ёсгүй
ХТҮГ-ын дарга И.Нарантуяатай хүүхдүүдэд тулгамдаж буй асуудал болон “Хүүхдээ сонсоё” аяны талаар ярилцлаа.

-Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногийнхоо аж­лын тайланг тавилаа. Тэгэ­хээр Засгийн газрын хэрэг­жүү­­лэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газар  энэ 100 хоногт ямар ажлуудыг ам­жуулав?
-Юуны өмнө  танай сонины хамт олон болон нийт уншигчиддаа эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн хугацаанд нийгмийн бүхий л хүрээг шинэчлэн, нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлыг шийдэж, иргэддээ хүрч, тэднийхээ төлөө олон ажлыг эхлүүлсэн. Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг боловсруулахад хүүхэд, олон нийтийн санал бодлыг тусгах, бодлого, үйл ажиллагааны шинэ хэрэгцээг тодорхойлох зорилготой юм. Энэ хүрээнд манай газраас “Хүүхдээ сонсъё” аяныг орон даяар амжилттай явууллаа. Бид хүүхэд багачуудыг сургах, хүмүүжүүлэх талаар олон зүйлийг хэрэгжүүлдэг,  хүүхдүүдийн эрх ашиг гэж ярьдаг ч гэсэн хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл, сонирхол нь юу байна, тэдний нийгмийн хэрэгцээг хангаж чадаж байна уу гэдэг асуудлыг анхаарахгүй их хол байдаг нь олон зүйлээс харагддаг.

Тиймээс “Хүүхдээ сонсъё” аяныг улс орон даяар явууллаа. Эмч хүн хүүхдийг чагнаж, оношоо тогтоодогтой адил бид хүүхдүүдийнхээ дуу хоолойг сонсч, тэднийгээ мэдэрч ажиллахыг зорьсон.

-“Хүүхдээ сонсъё” аяны үр дүн хэр байв. Хүүхдүүд маань төр засгаасаа юу хүсч, ямар саналыг хэлж, дуулгасан бэ?
-Юуны өмнө “Хүүхдээ сонсъё” аян цаг үеэ олсон чухал ажил болсон гэдгийг зориуд тэмдэглэн хэлмээр байна. Уг аяныг улс орон даяар явуулахдаа бид “Хүүхэд хүүхдээ”, “Гэр бүл хүүхдээ”, “Сургууль хүүхдээ”, “Засаг дарга, Засгийн газар хүүхдээ сонсох” гэсэн хэлбэрээр амжилттай явуулж, хүүхдүүдийнхээ  чин хүсэл, дуу хоолойг нь сонслоо. Өнгөрсөн хугацаанд эцэг, эх, сургууль хамт олон, төрийн байгууллагууд хүүхдийн дотоод ертөнцийг таньж мэдэх талаар учир дутагдалтай явсаар иржээ. Ихэнх эцэг, эхчүүд хүүхдээ өвдөхгүй, идэх хоол, өмсөх хувцастай, сургуульдаа явж  л байвал боллоо гэж боддогоос бус хүүхдүүд гэр бүл, сургууль хүрээлэн буй орчиндоо хэрхэн үнэлэлт, дүгнэлт өгч, юуны талаар хэлж, ярьмаар байгааг бид анзаарахгүй явсаар ирсэн. Гэтэл хүүхдүүд маань гэр бүлийн хүчирхийлэл, харилцааны тэгш бус байдал, шударга бус байдал, эх орноо хайрлах гээд нийгмийн тулгамдсан олон асуудлын талаар ярьж, хэлж дуу хоолойгоо төр засагтаа дуулгалаа. “Хүүхдээ сонсъё” аянд 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг болон Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв, Хүүхэд асран хүмүүжүүлэх төв, Хүүхэд Хөгжил Хамгаалал төв, Олон нийтэд түшиглэсэн төвүүдийн нийт 135 гаруй мянган хүүхэд, 30 гаруй мянган багш, эцэг эх хүүхдийн байгууллагын ажилтнууд хамрагдсан. Мөн нийт 10831 санал, хүсэлт ирсэнээс 256 нь Засгийн газрын 11-11 мэдээллийн төвөөр, 2327 нь асуумжаар, 7048 нь ярилцлагаар, 1200 нь зурган хэлбэрээр санал бодлоо илэрхийлсэн. Түүнчлэн бид хүүхдүүдийн хэлж, ярьсан зүйлүүдийг хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийн хэрэгжилттэй холбоотой, хүүхдийн хамгаалуулах эрхтэй холбоотой, хүүхдийн хөгжих, боловсрох эрх, үйлчилгээтэй холбоотой, хүүхдийн үзэл бодол, оролцооны эрхтэй холбоотой хэмээн санал хүсэлт, өргөдөл гомдлыг  төрөлжүүлэн авч үзсэн. Эдгээр санал, хүсэлтийг багцлан үзвэл 25 хувь нь хүүхдийн чөлөөт цаг өнгөрөөх, хөгжих орчин нөхцөл байхгүй  талаар, 21 хувь нь хүүхэд бие даан сурч хөгжих гарын авлага, арга зүйн материал,  зөвлөмж, дэмжин чиглүүлэх багш дутагдалтай байгаа талаар санал хүсэлтээ ирүүлсэн байна. Мөн 22 хувь нь хүүхдийн  эцэг эх, багш, асран хамгаалагчийн буруу хандлагаас эрх нь зөрчигдөж байгаа талаар, 27 хувь нь хүүхдэд зориулсан хөгжил хамгаалал нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмж муу байгаа талаар, таван хувь нь хүүхдийн байгууллагын ажилтнуудыг бэлтгэх мэргэшүүлэх давтан сургах тогтолцоо байхгүй, нийгмийн баталгаа хангалтгүй байгаа талаар шүүмжилсэн байна. Энэ нь юу хэлээд байна вэ гэхээр бид бүхнээс хүүхэд багачуудын талаар даруй эхлүүлэх ажлуудын чигийг заасан гэж үзэж байгаа. Бид хүүхдүүдээ “чагнаж” оношоо зөв тогтоосон учраас цаг алдалгүй ажлаа төлөвлөн олон зүйл дээр төвлөрүүлэн явуулж эхлээд байна. Бид цаашдаа ч ардчилсан нийгэмд амьдарч байгаагийн хувьд хүүхдийн дуу хоолой, үзэл бодлыг нээлттэй сонсох, хүлээн авах, шуурхай шийдвэрлэх, хамтран ажиллах бүх нөхцөл боломжийг бүрдүүлж, хүүхдийн оролцоог үндэсний уламжлалтай хослуулан хөгжүүлэх анхаарах болно.

-“Хүүхдээ сонсъё” аяны хүрээнд эн тэргүүнд хийх, шийдвэрлэх асуудал юу байсан бэ?
-Хүүхдийн дуу хоолой, санал хүсэлт гэдэг бол тэдний өмнө тулгамдаж байгаа асуудлын илрэл. Тиймээс хүүхдийн төлөө юу хийх хэрэгтэйг, юу дутагдаад байгаа талаар болон хүүхдийн эрх зөрчигдөж байгаа зэрэг бидний үл анзаардаг зүйлүүдийг хүүхдүүд маань өөрсдөө хэлж, дуулгасан гэхэд болно. Юуны өмнө хүүхдийн эсэн мэнд амьдрах орчин, хамгаалуулах эрхийн хүрээнд олон зүйлийг яаралтай шийдвэрлэх цаг болсон нь нотлогдсон. Юуны өмнө төр засаг хүүхдийн эсэн мэнд амьдрах, аятай орчныг бүрдүүлэх, хүүхдийн эсрэг дарамт, хүчирхийлэл, хүүхдийн тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр, хараа хяналтгүй хүүхэд, халамж үйлчилгээ, онцгой байдлын үеийн бэлэн байдал, цахим мэдээллийн суваг болон ТВ-ийн сөрөг нөлөө, гадны соёлын нөлөө, довтолгоон зэргээс хүүхдүүдээ хамгаалах цаг болсоныг харууллаа. Ялангуяа гадны соёл, шашны “довтолгоо” үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрээд байгаа бөгөөд түүнд хамгийн ихээр нэрвэгдэгсэд бол манай хүүхэд багачууд болоод байгаа. Энэ мэт олон асуудлыг цаг алдахгүй шийдвэрлэх хэрэгтэй байна. Бид өнгөрсөн 20 жилийн дотор Монгол орны хөгжил гэж ярьсанаас бус хөгжлийн гарц бол “монгол хүн” тэр дундаа бидний ирээдүй болсон хүүхэд, багачууд гэдэгт дэндүү хайхрамжгүй, анхаарал сул хандуулсаар ирсэн байна. Мэдээж хүүхдийн төлөөх санал, хүсэлт бүр үнэтэй. Нэг санал, хүсэлтийн цаана цогцоор нь шийдвэрлэх асуудал оршиж байдаг. Тиймээс манай газар юуны өмнө хүүхэд, хүүхэд  хамгаалалттай холбоотой хууль, эрх зүйн орчныг шинэчлэх ажилд илүү нухацтай ажиллаж байна. Бид аяны хүрээнд дэвшүүлсэн санал, санаачилга бүрийг шийдвэрлэхийн төлөө, хүүхдүүдийн санал бодлыг “Зөв хүүхэд” хөтөлбөртөө тусгаж, эрүүл чийрэг, эрдэм номтой, эх орон, эцэг эхдээ хайртай, түүх, соёл, өвөг дээдсээрээ бахархдаг өв тэгш иргэдийг бий болгоход бүх  ажлаа хандуулан ажиллаж байна.

-Хүүхдийн төлөө зүрх сэтгэлтэй хүн болгон танай газартай хамтран ажиллахыг хичээх нь дамжиггүй. Энэ талаар танай газрын бодлого чиглэл, цаашдын төлөвлөгөөнд тусгагдсан уу?
-Бидэнд “хүүхдийн төлөө” гэх эрхэм зорилго дээр нэгдэхээс өөр зорилго байх ёсгүй гэж бодож байна. Энэ асуудал дээр төрийн байгууллага, төрийн бус гэх ялгавар байх ёсгүй, байж ч болохгүй. Ялангуяа хүүхдийн асуудал дээр элдэв “ашиг сонирхол” бүр ч байх ёсгүй. Хэрэв ийм хандлага, арга ажиллагаа байх аваас манай газар хатуу тэмцэх болно. Бид өөрсдийгөө, өөрсдийнхөө хийж буй ажлыг “хүүхдийн төлөө” гэж дөвийлгөх дуртай ч, харин ч эсрэгээрээ хүүхдийн эсрэг зүйлүүдийг нэлээд хийдэг. Тухайлбал, хүүхдүүдийн амтархан иддэг амттан, шүүсны найрлага орцод ордог зүйлүүд, үздэг ТВ-ийн хөтөлбөрүүд, кино, олон давтамжаар урсч байдаг рекламуудын агуулга хүүхдийн төлөвшилд хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг хэлж, ярьж, хянаж байгаа газар үнэндээ алга. Тиймээс бид ажлаа зөвхөн хараа хяналтгүй эсвэл өнчин хүүхдүүдийг асрах, хамгаалах, хүүхдийн эрх зөрчигдсөн зэрэг асуудлуудыг анхаарахаас гадна жинхэнэ утгаараа “Хүүхдийн төлөө” бүх талаар ажилладаг газар болж, шинэчлэгдэхийн төлөө, бодлогын шинэчлэлт хийхийн төлөө  ажиллаж байна. Манай газар хүүхдийн төлөө сэтгэл, зүрх гарган ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд, хувь хүн, гадаадын байгууллага, иргэдтэй нягт хамтран ажиллаж, тэдэнд үргэлж нээлттэй байх болно.

-Танаас асуухгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол өнгөрсөн долоо хоногт хүмүүсийг сэртхийлгэсэн “хойт эцэг нь хүүхдээ харгислан зодсон” явдал байлаа. Энэ талаар танай газар ямар байр суурьтай байна вэ?
-Энэ асуудал дээр манай газар анхнаасаа хатуу байр сууриа илэрхийлсэн, бид анхнаас нь уг хэрэгт хяналт тавиад явж байгаа. Манайх хүүхдийн эрх зөрчигдсөн ямар ч асуудал дээр хүүхдийн төлөө хатуу байр суурьтай байна, цаашид ч ийм байх болно. Хүүхдийн асуудалд жижиг, том зүйл гэж байдаггүй, тэр тусмаа хүүхдийн эрх зөрчигдсөн л бол бид хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө, хүүхдийн эрхийг хамгаалуулдаг болгохын төлөө тууштай явна. Энэ хэрэг бол бид хүүхдийг хүн гэж үздэггүй, басамжлан үргэлж өөрсдийнхөө эрхэнд байх ёстой гэж  ойлгож, одоо ч эндүүрсээр ирсэний баталгаа. Магадгүй сайн санаат хөрш эмэгтэй харгис эцэг, эхээс нь авраагүйсэн бол энэ хорвоог эгэл жаахан хүү  орхиод явах байлаа. Хэрэв ийм эмгэнэлт явдал болсон бол эрдэнэт хүний амь эрсдэх байлаа. Золоор хүний амь эрсэдсэнгүй. Бидний урьд өмнө ч ярьж, хэлж байсан хүүхдийн талаархи хууль, эрх зүйн  орчинг яаралтай шинэчлэх болсоныг  амьдрал харуулж байна. Монголчууд бид хүний эрхийг дээдэлнэ гэж ярьдаг мөртлөө хүүхдийн эрх гэдэг дээр одоо ч бүрэн ойлгодоггүй гэхэд хилсдэхгүй. Уламжлалт сэтгэхүй, хүүхэд хүмүүжүүлэх аргаасаа салж чаддаггүй учраас хүүхдэд гар хүрэх явдлыг байх л ёстой зүйл гэж ойлгодог, түүнийгээ зөвтгөсөөр ирсэн. Ийм сэтгэхүй, хандлага хүмүүсийн дунд байтугай хууль хяналтынхан, цагдаагийнханы ч дунд байсаар байна. Цагдаад дуудлага өгөхөд гэр бүлийн жижиг маргаан мэтээр хандаж тоодоггүйгээс хүүхэд, эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэл, харгислалд өртөх явдал түгээмэл байна. Чи цагдаа дууддаг бил үү! гээд улам өширхөн харгислан зодож, амь насыг нь хөнөөсөн явдал ч олон гарч байсан. Гэтэл үүний цаана хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд байдаг. Нэг иргэний асуудал байна гэдгийг бид хаа хаанаа хатуу ойлгож, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг болгох цаг хэдийнэ болсон. Балчир хүүг зодсон асуудал дээр одоогийн мөрдөгдөж байгаа эрүүгийн хуулийн олон зүйл ангиар хариуцлага тооцох хангалттай үндэслэл байгаа, бид ч гэсэн хуулийн дагуу арга хэмжээ авахуулж, харгис эцэг, эхийг эцэг, эх байх эрхтэй эсэхийг шүүхээр тогтоолгон төр иргэнээ асран хамгаалах болно. Хүчирхийлэл, ялангуяа хүүхдийн эрх зөрчигдсөн асуудлуудыг гаргуулахгүй байх, хуулийн заалтуудыг тодорхой болгох, шинэчлэх зайлшгүй шаардлага амьдралаас урган гарч байна. Бид эрх зүйн зохицуулалт, механизмаа эргэн харахгүй бол цаг үедээ үл тохирсон зүйлүүд нэлээд байна. Ер нь бид дундад зууны үеийн сэтгэхүй, элдэв харгислал, хүчтэй нь хүчгүйгээ дарамталдаг энэ байдлаас даруйхан ангижрах цаг болсон. Хүчирхийлэлд өөрийгөө хамгаалж чадахгүй хүүхдүүд, эмэгтэйчүүд, эхчүүд өртөж байна. Үүнийг бид хатуу, чанд мөрддөг хуулиар л засч, залруулж чадна. Тэгсэн цагт хүүхэд, эмэгтэйчүүдийг  хүчирхийлдэггүй нийгмийг байгуулж чадна. Иргэдийн амьдрал хүнд байна, хүмүүс ядуу, тарчигхан амьдарч байна. Балчир хүүг харгисласан явдал ганцхан энэ айлд бус ийм явдал өөр олон айлд  болж байгаа. Тиймээс бид энэ асуудлыг шоу болгох биш уг үндсээр нь судалж, ажил хэрэгтээ дор бүрнээ тусгах хэрэгтэй байна. Хамгийн гол нь бид ядуурлаас гарах цогц бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх, голдрилд нь оруулах хэрэгтэй байна. Бид ядуурлаас гарч чадвал сэтгэлгээний, оюун санааны, хүн чанарын, бие бялдарын гээд  олон ядуурлаас гарч чадна.

-Тун удахгүй Хүүхдийн төлөө үндэсний газраас “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын шинэчлэлд хамтдаа” үндэсний чуулганыг зохион явуулах гэж байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?
-Энэ сарын 14-15-ны өдрүүдэд “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын шинэчлэлд хамтдаа” үндэсний чуулганыг зохион явуулах гэж байна. Чуулганаар Монгол Улсын хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын тулгамдсан асуудлууд, хүүхдийг эрсдэлээс хамгаалах, хүүхэд, гэр бүлд ээлтэй шинэчлэлийн бодлого, стратеги болон хүүхдийн эрхийг хамгаалах шинэчлэлд иргэний нийгмийн оролцооны талаар олон илтгэлүүдийг хэлэлцүүлнэ. Хүүхдийн хөгжил, хамгаалалд салбар дундын зохицуулалт шаардлага хангадаггүйгээс хүүхдийн хөгжлийн асуудал цогц шийдвэрлэгдэхгүй байсаар ирсэн. Энэ мэт олон тулгамдсан асуудлыг хариуцсан төрийн болон төрийн бус  байгууллагуудаас гадна  НҮБ-ын ХАС-ийн суурин төлөөлөгч Мохамед Малик Фолл,  “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллага, Японы “Хүүхдийг ивээх сан”, Норвегийн тусламжийн байгууллагын төлөөлөгчид оролцох юм. Бидний хоёр өдрийн чуулганы гол зорилго бол хүүхэд, гэр бүлийн асуудалд шинэчлэлийн байр сууринаас хандаж, тэднийг алив эрсдэлээс хамгаалах эрх зүйн нөхцөлүүдийг хангахад оршино. Энэ бүхэн нь “Зөв хүүхэд”-ийг төлөвшүүлэх, хүүхдээ дээдэлсэн, хүүхдийн эрхийг хамгаалсан, хүүхэд гэр бүлд хүрсэн ардчилсан Монгол Улсын хүүхэд, гэр бүлийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд ихээхэн түлхэц, дэмжлэг болох нь гарцаагүй. Хүүхэд, гэр бүлийн асуудал нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг  болоод байгааг бүгд сайн ойлгож, мэдэж байгаа.  Бид асуудлын гарцыг тал бүрээс нь ярьж, хэлэлцэж байж зөв шийдэлд хүрнэ. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” хэмээх ардын цэцэн мэргэн үг байдаг. “Долоо хэмжиж нэг огтол” ч гэдэг. Бидэнд цаг алдах эрх байхгүй, хором мөч бүр үнэтэй байна. Асуудлын гарц, шийдэл удаашрахын хэрээр хүүхэд, эхчүүдийн эрх зөрчигдөн хүчирхийлэлд өртөж, олон хүүхдийн нүдэнд нулимс, олон айлын гэрт өнчрөл, хагацал, жавар хурж, асуудлын гарцыг хурдан олох тутам хүүхдүүд, эхчүүдийн эрх баталгаажина. Мөн өнгөрсөн сард “Хүүхдээ сонсъё” аяны хүрээнд хүүхдийн төлөө зүрх, сэтгэлээ зориулан ажилладаг олон байгууллага, ахмадуудаас гаргасан зарчмын нэг санал бол хүүхдийн төлөө газрыг бодлогоор дэмжиж, бүтэц орон тоог нь нэмэгдүүлэн хүүхдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах, асрамжлах гэж явцууралгүй хүүхдийн төлөө бүхий л асуудалд хүрч ажилладаг эрх бүхий болгон өөрчлөн өргөжүүлэх саналууд гарсан. Бид хүүхдийн төлөө бүхий л зүйлд анхаарал хандуулан бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа ч одоогийн бүтэц, орон тоогоор ажиллахад олон бэрхшээл учирч байгаа. Бид бэрхшээлийг тоочилгүйгээр ёстой л хүүхдийн төлөө гэсэн сэтгэлдээ хөтлөгдсөн хамт олон маань хүүхдийн талаар төрөөс явуулах цогц бодлогыг боловсруулах, хууль эрх зүйн орчиныг сайжруулах, шинэчлэх, хүүхдийн өмнө хүлээх төр, иргэний үүргийг өндөржүүлэх, эцэг, эхийн хариуцлагыг хуулиар зохицуулдаг механизмыг бүрдүүлэх зэрэг олон зүйлийг эхлүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж