Ц.Нямдорж: МАН-ын алдааг сонгууль харууллаа

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: МАН-ын алдааг сонгууль харууллаа

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-1992 оноос хойш парламентад завсаргүй сонгогдож байгаа, олон ч жил сайдаар ажилласан, тэр тусмаа улстөрийн эгзэгтэй үед жинтэй үг хэлж чаддаг эрхмийн хувьд өнөөдөр таны үгийг хүн болгон сонирхож, хүлээж байгаа. Тэгэхээр өнөөгийн улстөрийн нөхцөл байдлын талаар тантай ярилцъя. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг  УИХ-ын таван гишүүний тангараг өргөх асуудлыг шийдсэний дараа ярина гэлээ. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Бүлгийн асуудал ярихаас өмнө энэ УИХ эхэлсэн цагаас эхлэн төр засгийн дампуурал явагдаж байна. УИХ-ын дарга сонгохдоо ойлголцож чадаагүй, албан ёсны бүлэгтэй намыг бүлэг байгуулахгүй, тал УИХ-ын даргатай, тал УИХ-тай, нэг дампуурлын байдалтай явсаар ирлээ. Өчигдөр гэхэд хоёр гишүүнтэйгээр байнгын хорооны хуралдаан болж байх жишээтэй. УИХ саажилт гэдэг өвчинтэй болчихсон байна. Энэ УИХ-ын байдлыг засч, залруулдаг хүн нь УИХ-ын дарга юм. Гэтэл УИХ-ын дарга энэ ажлаа тун муу хийж байна. Тэр дундаа, МАН хэдэн суудал авсан, АН хэдэн суудал авсан, “Шударга ёс” эвсэл гэдэг урвагчдын бүлэг хэдэн суудал авсан, тэд ямар авир гаргадаг гэдгийг тооцож УИХ ажлаа явуулах ёстой юм. Тэр бүх тооцоо байхгүй, хүчирхийллийн ажиллагаа хийгдэж байгаа учраас УИХ саажилттай болсон. Одоо Засгийн газар нь бас саажилттай болж байна. Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон нэг намын Гүйцэтгэх зөвлөл нь Засгийн газраас гарна гээд улстөрийн  шийдэл гаргачихсан. Тэгсэн мөртлөө яг гарах үгүй нь мэдэгдэхгүй байдал үүсчихсэн. Эвсэл доторхи нэг намын гишүүн нөгөө нам руугаа гүйгээд явчихсан. Үүнийг нь тойроод Засгийн газар нь саажаад байна. Тэгээд шинэчлэлийн Засгийн газар цаг нь болоогүй байхад бондын асуудал оруулаад ирлээ.

-Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногийн ойд 1,5 сая тэрбум ам.долларын бонд гаргаж чадлаа гэж харин ч их бахархаж, хөөрцөглөөд байгаа юм биш үү?

-Уг нь төсөл хөтөлбөрүүдээ бэлэн болгоод, Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ээ бэлтгэсний дараа бондоо авах ёстой байсан юм. Жишээлбэл, төмөр зам барих гэж байгаа бол үндэслэлийг нь гаргаад, тийм хэмжээний замд, ийм хэмжээний зардал гарна гэдгээ урьдчилан тооцоолоод бэлэн болгосны дараа шууд бондоо зараад мөнгө орж ирэхээр техник, тоног төхөөрөмжөө бэлэн болгоод явах ёстой юм. Гэтэл тэр төмөр замд нь ч ТЭЗҮ байхгүй, Засгийн газрын гишүүн байсан хүний хувьд би мэдэж байна.

-Төмөр замын ТЭЗҮ бэлэн болоогүй гэдгийг та сайн мэдэж байна уу. Та ч бас төмөр замын асуудалд нэр холбогдоод байсан?

-Төмөр зам барихад намайг саад хийсэн гэж нэг хэсэг ярьсан. “Макензи” ХХК  урьдчилсан байдлаар 10 сая ам.долларын өртөгтэй зөвлөгөө маягийн баримт бичиг л гаргасан юм. Энэ бол ТЭЗҮ биш. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор барина гэсэн ч ТЭЗҮ нь одоо хүртэл байхгүй. Үүнийг ч гэсэн би мэдэж байна. Компьютерийн графикийн мэргэжилтэй хэдэн хүүхдүүдээр гаргуулсан зургийг бидэнд үзүүлээд гурван жил болж байна. Энэ мэтээр бүтээн байгуулалт хийх бэлтгэл байхгүй байхад бонд гаргасан. Гэтэл тэр бондын чинь хүү дансанд орсон өдрөөс нь тооцогдоод явж байна. Тэр зээлийн хүү өдөрт 130-140 мянган ам.доллар, өдөр бүр Лексус 570 маркийн машины мөнгө хүүнд нь төлж байна гэсэн үг. Гэтэл энэ бондыг хэзээ ашиглах нь тодорхойгүй байхад тэр хүртэл зүгээр хүү төлөөд байгаа нь шүдний өвчин болж байна шүү дээ. Ерөнхийдөө амжилтгүй болбол хэтдээ Монголын ард түмнийг гарахын аргагүй өрийн сүлжээнд оруулсан. 1944 онд ОХУ-аас 11 тэрбум ам.долларын зээл авсныг 40 жил цувуулж төлж байж, сүүлд 250 сая ам.доллар төлөөд хаалгасан. Энэ 1,5 тэрбум ам.долларыг авсан л бол хүүг нь төлнө. Зээлийнхээ нэг хэсгийг таван жилийн дараа, үлдсэнийг нь 10 жилийн дараа үг дуугүй төлнө. Бэлтгэлээ хангаагүй байж өдөр бүр маш өндөр хүү төлдөг өрийн сүлжээнд Монгол Улс орчихлоо. Яригдаж байгаа бүтээн байгуулалтын ажил нь тав, зургаан сараас арваннэгдүгээр сарын 1-нд хийж дуусдаг. Энэ бүгдийг тооцож байж, бондоо гаргах байсан юм. Засгийн дампуурал энэ бондоор харагдаж байгаа юм.

Засгийн газрын бас нэг дампуурал сонгуультай холбогдож байна. Хуучин бол ард түмэн хүнээ сонгодог байсан бол одоо зохиомол зарга үүсгээд  шүүхээр сонгодог тогтолцоонд шилжлээ. Сонгууль зохион байгуулахад хууль хяналтын байгууллага өөрийнхөө талд ашигтай шийдвэр гаргуулдаг, хуулийн систем тогтлоо. Өвөрхангайн жишээ байна. Орон нутгийн сонгуулийн дараа юу болж байна. Лам хүнтэй зураг даруулсан гээд зарга үүсгэж, түүнийг нь шүүх хүлээж авч байдаг. Ардчилсан нам олонхи болсон тойрогт шөнө эсвэл маргааш нь хуралдаж Засаг даргаа сонгож байна. МАН олонхи болоод ирэхээр гацаадаг. Өөрөөр хэлбэл, эрх баригчид орон нутгийн сонгуулийн үр дүнг шүүхийн аргаар өөрийн талд ашигтайгаар эргүүлж  байна. Ёсзүйн дампуурал ч маш их газар авч байна. Үнэнийг хэлэхэд Засгийн асуудал дээр тогтохын тулд болчимгүй этгээдүүдийг албан тушаалаар урвуулан төрд шургуулж байна. Авлига, албан тушаалын урвалт эрээ цээрээгээ алдлаа. МАН руу дайрахаар нь байнгын хорооны дарга болгодог, Ардчилсан намд ашиггүй үг хэлэхээр байнгын хорооны дарга болгодог төрийн дампуурал бий болоод байна шүү дээ.

-Засгийн газар цаашид таван тэрбум  төгрөгийн бонд гаргах гэж байгаа. Бондын хүү болон хугацааны хувьд Монгол Улсын төсөвт хэр зэрэг ачаалал үүсэх бол?

-Маш их ачаалал үүснэ шүү дээ. Одоо яригдаж байгаа 1,5 тэрбум ам.долларын бондын эцсийн хүүгийн ачаалал нь 600 сая ам.доллар. Нийт мөнгөнийхөө гуравны нэгтэй тэнцэх хэмжээний хүүг нэмж төлнө гэсэн үг. Ер нь бол бонд гэдэг чинь өр. Гэтэл манайхан Монголын нэр хүнд өндөр байна гээд л магтаад байгаа юм. Монголыг гайхамшигтай болохоор нь бондод нь мөнгө өгч байгаа хэрэг биш. Дэлхийн эдийн засгийн хямралын үед мөнгөө найдвартай газар буюу хүүгүй хадгалуулж байхаар хүүтэй, найдвартай, улс орноор нь барьцаалж байж өгч байгаа юм. Энэ бонд үр ашиггүй болох юм бол Н.Алтанхуяг, Ч.Улаан, Н.Батбаяр нар Монголын ард түмний үеийн үед өрөнд баригдуулсан хамгийн муухай нүгэлтэн болж хувирна. Юм үнэнээрээ байсан нь дээр. Шууд бүх бэлтгэлээ хангаад ажил эхлэхэд бэлэн боллоо гэхэд нь мөнгөө дансандаа оруулах ёстой байсан юм. Орсон өдрийн маргаашаас эхлэн эдийн засагт оруулаад эргэлдүүлж мөнгө болгох ёстой эд. Ганцхан жишээ хэлье, дэлхийн уул уурхай компаниуд бульдозер машины зөвхөн шанагыг нь авахын тулд хоёр жилийн өмнө захиалдаг гэж “BHB” дэлхийн алдартай уул уурхайн компанийн ерөнхий захирал надад хэлж байсан юм. Манайд бол захиалсан шанага нь гурван жилийн дараа ирдэг. Ерөөсөө  манай Засгийн газрын үе үеийн асуудал тэр. Уг нь бодлого, төсөл, баримт бичиг боловсруулсны дараа гэрээ хийх ёстой. Өмнөх Засгийн газрын үед ч би үүнийг хэлж байсан. Ийм зүйл л төрийн ажлыг дампууруулдаг юм. 

-Бондын мөнгө нэгэнт Монгол Улсын дансанд орчихсон, хүүгээ төлөөд эхэлж байгаа учраас юунд зарцуулах ёстой вэ?

-Засгийн газар учир зүйг нь олох хэрэгтэй. Харин эрсдэлийг нь би мэдэж байна. Төслүүд бэлэн биш юм чинь. Өмнө нь бонд гаргаж, Гандирс хорооллыг барина гэж 250 сая ам.долларын өрийн бичгийг Монголбанкны удирдлагуудтай хамтран гаргасан. Одоо Монгол Улс 30 сая ам.долларын өрөнд орсон гэсэн мэдэгдэл  Женевийн шүүхээс гаргаад байна. Харвардын их сургуулийг төгссөн гэх хуурамч дипломтой Чалмерс гэдэг америк луйварчин үүнийг хийж байхад би УИХ-ын дарга байхдаа цээжээрээ хаагаад Цэцийн дүгнэлт гаргуулсан. Одоо ч гэтэл дахиад л их шинэ бүтээн байгуулалт гэсэн гоё үгээр халхалсан луйвар дээд цэгтээ хүрэх шинжтэй болчихлоо.

-Ерөнхийлөгч “Бондын талаар ярих улстөрчдийн үг бүр хариуцлагатай байх ёстой. УИХ-ын гишүүний хэлсэн үг 10 сая ам.долларын “торгууль”-тай шүү” гэж хэлсэн. Улстөрчдийн хэлсэн үг болгон бондын хувь заяанд нөлөөлж болзошгүй гэдэг утгаар нь. Та ийм зүйл яриад “торгууль”-д орчих вий дээ?

-Ард түмэн үнэнийг мэдэх эрхтэй. Үнэнийг хүртэл хувьчлах гэж байгаа юм уу. Сая нийслэлийн сонгууль боллоо. Гэтэл Баянхошуунд амьдардаг, ардчиллыг чин сэтгэлээсээ дэмждэг хүнд албан тушаал өгч байна уу, үгүй л байгаа шүү дээ. Ах дүү нар, төрөл садандаа албан тушаал өгч байна. Үүнийг АН-ынхан дэмжих юм уу, жирийн ард түмэн дэмжих юм уу. Үнэнийг хэлэх хэрэгтэй. Би чаддаг ч байсан, чаддаггүй ч байсан үнэнийг хэлж байгаад л дуусна. Өнөөдрийг хүртэл 20 жилийн хугацаанд улстөрчид ард түмнийг хуурсан. Төрийн тэргүүнээс эхлээд бүгд. 1992, 1994 онд “Манай улс хоёр жилийн дараа машин угсрах боломжтой болно” гэж Д.Бямбасүрэн гуй Ерөнхий сайд байхдаа хэлж байсан. Одоо машин угсарсан нь байгаа нь хаана байна. П.Очирбат Ерөнхийлөгч Монголыг Азийн бар болгоно гэсэн, хаа байна. Улстөрийн зорилгодоо хүрэхийн тулд 2,7 сая иргэнийг өдөр бүр хуурч байна шүү дээ. Энэ улстөрчид ард түмэндээ “Ард түмэн минь бид үүнийг хийж чадахгүй байна, харин үүнийг хийж чадна дэмжээд өгөөч” гээд үнэнийг хэлбэл ашгүй дээ гээд дэмжинэ шүү дээ. Миний ойлгосноор Ерөнхийлөгчтэй нухацтай зөвлөлдөөгүй бондыг гаргасан юм шиг байна лээ.  Хавар болж бүтээн байгуулалт эхэлтэл дөрвөн сарын хугацаанд өдөр бүр хүү төлөөд хэдэн сая төгрөг алдаж байна. Одоо монголчууд төмөр зам барьж чадах уу гэдэг асуудал гарна. Ажилчид бэлэн байна уу, байхгүй. Ингэсээр бүтэн жил дэмий хүү төлнө. Арай ядаж ОХУ-ын өрнөөс салаад байхад бондын зээл гэж улс орныг аюулд орууллаа.

-Ардчиллын төлөө МАН-ынхан “буйдантай” жагссан нь их сонин үйлдэл болсон. Ялангуяа таныг лозунг бариад буйдан дээр сууж байхыг харахад сонин л санагдаж байлаа…?

-Арга ядаад л хийсэн зүйл шүү дээ. Чин үнэнийг хэлэхэд энэ суулт сайн зүйл биш байсан. Монгол Улс хуульгүй, Монголын ардчилал устаж үгүй болж, засаг төр дампуурч байгаа учраас тийм арга хэрэглэж, Үндсэн хууль, ардчиллыг хамгаалах хэрэгтэй байсан юм. Суулт хийж байх үед биднийг өмөөрч дуугарсан хүний нөхөрт хоёр хоногийн дараа "Монцамэ" агентлагийн даргын суудал өгсөн. Бидний өмнө ирж үг хэлсэн хүний ахад Монголын цахилгаан холбооны газрын даргын албан тушаал өгч байгаа юм. Монголын цахилгаан холбооны газрын дарга болсон хүн нь манай намын сурталчилгаанд ажиллаж байсан, Ч.Сайханбилэгийн ажлыг авч байсан хүн л дээ. Ингэж эрээ цээргүй, албан тушаал худалдаж авах дампуурал явагдаж байна. УИХ өөрөө дампууралд ороод байгаагийн тод жишээ нь байнгын хорооны хуралдаан ирцгүй хуралдаж, хүчирхийллийн аргаар улстөрийн асуудлыг шийдэх, өөрсдөдөө ашигтайгаар хууль баталж, түүнийгээ шүүхээр дамжуулж хэрэгжүүлдэг ёс тогтож байна. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг олигархиуд худалдаж авч байна. Эцсийн дүндээ Монголд олигархийн засаглал тогтож байна. 1990 онд тэмцэж байсан ардчиллын үнэт зүйлийн хамгийн муу хувилбар руу Монголын төрийн бүх институц орлоо.

-МАН-ыг бүлэгтэй болгох хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх байсан ч таван гишүүнийг тангараг өргүүлэх асуудлаар барьцаалж хойшлууллаа гэх яриа байна. Өвөрхангайгаас нэр дэвшсэн Ардчилсан намын хоёр гишүүнийг тангараг өргүүлэхийг танай намынхан эсэргүүцээд байгаа гэж ойлгогдож буй. МАН дахиад буйдантай суултаа үргэлжлүүлэх үү?

-Дахиад буйдантай суулт болох эсэхийг би мэдэхгүй. Саяхан Өвөрхангай намын дарга байсан Т.Хасбаатар гэх залуугийн ярилцлагыг уншсан. Тэр залуу авлигын талаар хоёр ч асуудал ярьж байсан. Нэгдүгээрт, Т.Хасбаатарыг намын даргаас зайлуулахын тулд намын хорооны гишүүдэд тус бүр 300 мянган төгрөг өгсөн. Хоёрдугаарт, сонгуулийн өмнө АН-аас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны ажил хийх нэрийдлээр 168 сая төгрөг зарцуулсан гэж ярьсан шүү дээ. Би Т.Хасбаатарыг танихгүй, гэхдээ Өвөрхангай аймгийн Арчилсан намын дарга байсан учраас тэр хүний ярьж байгаа үнэн гэж би ойлгож байгаа. Т.Хасбаатар “АН, МАН-аас дэвшсэн нэр дэвшигчдийг бүгдийг нь шалгах ёстой” гэсэн. Мөнгө тараасан гэж байгаа бол дөрвүүлэнг нь шалгах хэрэгтэй. Шударга ёс гэж ярьж байгаа бол шударгаар шүүх хэрэгтэй шүү дээ. Үнэхээр Монголд шударга шүүх ажиллаж байгаа бол аль алиныг нь шалгавал ард түмэн хууль, шүүхийн байгууллагад итгэх итгэлтэй болно шүү дээ.

-МАХН хамтарсан Засгийн газраас гарна гэчихээд албан ёсоор хүсэлтээ өгөөгүй байна. Н.Энхбаяр даргад нь Дээд шүүхээс ял оноосон. Хэрвээ түүнд ял оноовол МАХН Засгаас гарна гээд л байсан. Сүүлдээ энэ бол МАХН-ын сүрдүүлэг байж гэж харагдахаар болоод байна?

-МАХН гэдэг намыг Улсын дээд шүүх бүртгэсэн өдөр би Монгол Улс хуульгүй боллоо гэдэг үгийг хэлж байсан. УИХ-ын чуулганд би эмгэнэл илэрхийлж байсан. Би хэлье гэснээ л хэлсэн. Гэтэл над руу 40-үүлээ дайрч байсан. Одоо бүх зүйл миний хэлснээр явж байгаа биз дээ. Улстөрд 20-иод жил байсных би мэдэрнэ шүү дээ. МАХН-ын Гүйцэтгэх зөвлөл нь хуралдаад Засгийн газраас гарна гээд баталчихсан. Одоо ямар нүүрээрээ Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Д.Удвал гурав Засгийн газарт суух юм бэ. Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог гэдэг үг байдаг даа. Ам алдсан шүү дээ, харж л байя. Ичих булчирхай, ичих нүүр байна уу, үгүй юу гэдгийг харъя. Энэ бол Монголын ард түмнийг хуурч байгаа явдал. Сая  намууд орон нутгийн сонгуульд ялалт, ялагдсан гэхээсээ илүү нэг зүйл их гунигтай санагдсан. Энэ ард түмэн цөхөрсөн байна. Олон жил хууртсан учраас цөхрөнгөө бараад сонгуульд оролцохоо больж эхэлж байна. Хэчнээн тойрогт дахин санал хураалт болов? Намайг ялагдаж сураагүй, гоншигнож байна л гэдэг. Би ялагдаж сурсан хүн шүү. Сонгууль яагаад ирц хүрэхгүй байна гэдэг дээр улстөрийн бүх хүчин, улстөрд явж байгаа бүх хүний хувьд харанга дэлдэж эхэлж байна. Хамгийн аюултай нь итгэл алдрах. Итгэл нэг алдарвал алтаар уйлаад ч нэмэр байдаггүй. НИТХ-ын сонгуулиар Э.Бат-Үүлийн багийнхан олуулаа болчихлоо гээд л хэдэн сар ярьсан. Гэтэл 40 хувийн л санал авсан шүү дээ. Үнэхээр ард түмэн итгэж байсан бол 100 хувь АН-ын төлөө саналаа өгөөд л бужигнуулах байсан шүү дээ. Ард түмэн энэ сонгуулиар энэ хоёр том намд анхааруулга өглөө.  Харин МАХН бол юу ч биш гэдгийг ард түмэн сонголтоороо харууллаа. АН, МАН хоёрын нэгийг нь алгадаж, нөгөөд нь анхааруулга өглөө.

-МАХН-ынхан хэлсэн үгэндээ бантаад Засгийн газраас гарлаа гэхэд МҮАН  үлдэнэ гэж байгаа. Энэ тохиолдолд эвсэл задрах уу, хуульчийн хувьд хариулт өгөөч?

-Эвсэл задрах эсэхийг эвслийн удирдах байгууллага хуралдаж шийддэг юм, хуулиараа. Миний харж байгаагаар эвслийн Удирдах зөвлөл юу ч хийж чадахгүй. Тэгэхээр, гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй, тэгсэн хэрнээ хоёр талд нэг нь эхнэр аваад, нөгөө нь нөхөрт гараад явж байгаа хоёр амьдралтай гэр бүл шиг л юм болж байгаа юм. Цаашид яг тиймэрхүү байдалтай л явна даа. Урвагчид гэдэг үгийг хэлсний дараа Н.Энхбаярын шүүх хурал дээр М.Энхсайхан “Энэ шийдвэр буруу болсон гэж хэлэхгүй гээд” хаалга саваад гарсан. Ц.Цолмон гэдэг гишүүн нь МАХН руу явсан. Одоо МАХН Засгийн газраас гарна гээд шантааж хийж байгаа юм. Үүнийг дампуурал гэхээс өөр юу гэж хэлэх вэ. Ийм л зүйл залуу үеийг, улс орныг эвдэж байна, улстөрчдийг муухай харагдуулж байна. Олон жил миний  ярьж байсан, эсэргүүцээд ганцаардаж байсан зүйл бол урвалт. Энэ урвалт чинь 1993 оноос эхэлсэн зүйл.

-Эвсэл задарвал намын жагсаалтаар сонгогдсон гишүүдийг яах вэ гэдгийг шийдэх эрхзүйн орчин ойлгомжгүй байна л даа?

-Нэг хэсэг нь эргүүлэн татна, нөгөө хэсэг нь татахгүй гээд маргаан болоод байгаа юм. Хуулийн тодорхой зүйл байхгүй. Эвслийн нэрээр орж ирсэн 10 гаруй хүн УИХ-ын гишүүний суудалтайгаа зууралдан дөрвөн жил үхэн хатан зүтгэнэ. Энэ бол үнэн. Дахиад энэ хүмүүст УИХ-д гарч ирэх ямар ч боломж байхгүй. Тиймээс эхнэр, нөхөртэй, гэрлэлтээ цуцлуулаагүй ч өөр  амьдрал зохиох байдлаар дөрвөн жил явна.

-Эвслийн бүлэгт МАН-ын зарим гишүүд нэгдэх гэж байгаа. Энэ талаар МАХН-ын нарийн бичгийн дарга нар хуралдаж, хэлэлцэж байна гэсэн мэдээлэл гарсан. МАН, МАХН нэгдэх нь үү?

-Ерөөсөө тийм зүйл байхгүй. Орон нутгийн сонгуульд нэг ч санал аваагүй, хууль бусаар бүртгэгдсэн намтай МАН нийлнэ гэж юу байдаг юм. Тэр бол бүтэхгүй мөрөөдөл. Зарчмын хувьд МАХН гээд төөрөлдөөд явж байгаа манай намын жирийн гишүүд олон бий. Тэр хүмүүс тун удахгүй МАН-д эргэн ирнэ. Том урсгал нь жижгийгээ дагуулдаг болохоос жижгээ том нь дагана гэж байхгүй. Орон нутгийн сонгуулиар МАН, АН, МАХН-д ард түмэн дүнгээ тавьчихсан. Үүгээр намуудын нийгэмд эзэлж байгаа байр суурийг харуулчихсан. АН-ынхан их горьдсон ч санасандаа хүрч чадаагүй. Орон нутгийн сонгуульд АН ялагдсан. Тоон талаасаа биш. Тэд дангаараа өөртөө ашигтайгаар орон нутгийн сонгуулийн хуулийг баталсан ч МАН 50 хувийн суудал авсан. Ийм  том нам өнөө маргаашгүй ширгэх гэж байгаа шалбаагт очиж нийлнэ гэж байхгүй.

-Хууль зүйн салбарт шинэчлэл хийж байна. Цаашид ч маш том шинэчлэл хийнэ гэж шинэ сайд ярьж байна. Өмнө нь сайд байсан хүний хувьд та шинэчлэлийг юу гэж харж байна вэ?

-Одоохондоо шинэчлэлийн тухай яриа сонсч байна. Орж ирсэн баримт, бичиг байхгүй учраас сайн, муу гэж ялгах боломжгүй байна. Би Х.Тэмүүжинг сайд болох нь тодорхой болсон үед нь уулзаж, ажлаа албан бусаар хүлээлгэж өгсөн. Хууль зүйн яам бол 10 гаруй салбартай нүсэр яам. Энэ яамыг цаашаа зөв авч явахын тулд ийм нөхцөлийг дэмжинэ гэдгээ хэлсэн. Монгол Улс хүн ам цөөнтэй учраас бусад орны зарим хууль таардаггүй гэдгийг онцолж хэлж байсан. Түүнээс хойш хууль зүйн салбарын шинэчлэлийн талаар их л ярьж байна. Оруулаад ирсэн бичиг байхгүй болохоор хэлж мэдэхгүй байна. Шинэчлэл нэрээр улстөр хийж, ард түмнийг хуурах зүйл хийх шаардлага байхгүй. Харж л байна, хүн ажил хийе гээд эхэлж байхад эсэргүүцмээргүй байна.

-Шүүх, прокурорын байгууллагыг нэгтгэх, Төрийн тусгай хамгаалалттай эмнэлгийн барилгын зориулалтыг өөрчилнэ гэлээ гээд багагүй маргаан дэгдсэн. Та тэр маргааны хаагуур нь “явав”?

-Уг нь бол одоогийн байгаа дүүргийн шүүхийн байран дээр шинэ байр барихад болно. Бүх зүйлийг нэг дор төвлөрүүлчихээр ачаалал нэмэгдэнэ, үүнийгээ дагаад иргэд олон хоног хүлээх, шүүх хурал хэзээ болох вэ гээд нарийн асуудлууд гарна. Монгол Улсад жилд дунджаар 20-иод мянган эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулж, найман мянган орчим хэрэг шүүхээр шийдэгддэг. Захиргааны багагүй зөрчил, иргэний зөрчил нийт дүнгээрээ эрүүгийн хэргээс хэд дахин их байдаг. Нийслэлд хүн амын тал хувь нь амьдардаг, үүнийг дагаад гэмт хэргийн гаралт өндөр байдаг. Нийслэлд хоёр шүүх барих гэж байна. Тэр олон хэргийг энэ хоёр шүүхэд хуваагаад үзвэл хаана нь ч хүрэхгүй. Одоо байгаа газар дээр нь шинээр барилга барьчихаж болох асуудал даа. Нэг дор байрлуулснаар шинэчлэл болохгүй.

Эмнэлгийг оффис болгох асуудал үүссэн цагаас эхлэн би Хууль зүйн сайд, Ерөнхий сайд нартай ярилцсан, уулзаж үзлээ, эмнэлэг хэвээр нь байлгах санаатай, гэхдээ болохгүй байна. Өнөөдөр эмнэлэг хэрэгтэй юу, контор хэрэгтэй юу гэдэг асуудал үүсээд байна. Энэ барилгын зураг төслийг би хийлгэж, барилгын ажлыг нь эхлүүлсэн. Энэ барилга яг орчин үеийн эмнэлгийн зориулалтаар баригдсан барилга. Гэтэл өнгөрсөн долоо хоногт буулгаад дахин шинээр барих шийдвэр гарчихсан. Гэтэл эхний корпус нь ашиглалтад ороход бэлэн, аппаратаа суурилуулсан байсан. Өчнөөн мөнгө зарж, төсвөөс хөрөнгө гаргаж барьсан байгаа эмнэлгийг яагаад заавал конторын барилга болгох гээд байгааг би ойлгохгүй байна. Батлан хамгаалах яамны тэнд баригдаж байгаа барилгыг нь үзсэн. Гурван блок барилгын дөнгөж суурь нь тавигдсан байсан. Цэргийн госпитал нь 300 хүний ортой, Төрийн тусгай хамгаалалттай эмнэлэг нь 240 хүний ортой. Нийт 540 хүний ортой эмнэлгийг нэгтэхээр хүн хэвтэх оргүй болох гээд байгаа юм. Харин шинээр баригдаж байгаа барилгын нэг корпуст нь 240 хүн хэвтэх боломжтой байсан юм.

Төрийн тусгай хамгаалалтай эмнэлэг биш юм гэхэд ядаж төрөх эмнэлэг болгочих гэж би хэлсэн. Өнөөдөр төрөх эмнэлгүүдийн байдал ямар байгаа билээ. Төрөхөөр ирсэн хүн ор байхгүй гээд, корридорт хэвтэж байна. Энэ бол бодит амьдрал. Тэгвэл яагаад үүнийг төрөх эмнэлэг болгож болохгүй гэж. Би Хууль зүйн яамны барилгыг 2002 онд бараг л заль хэрэглэж байгаад Сангийн яамнаас салгаж, бүх засварыг хийлгэсэн. Монголд хамгийн сайн засвартай, контор нь Хууль зүйн яамных шүү дээ.  Гэтэл өнгөрсөн долоо хоногт эмнэлгийн барилгыг нурааж, дахин төлөвлөөд, шинээр контор барихаар шийдвэр гарсан байна. Уг нь ийм үед ядаж салбарын сайд Н.Удвал дуугарч байх ёстой. Төрөх эмнэлгийн байдал ямар байгааг мэдсээр байж яагаад дуугарахгүй байна вэ. Энэ таван тэрбум төгрөгийн аппаратыг салгавал хариуцлагыг нь хэн хариуцах юм бэ. Энэ эмнэлгийн барилгад дөрвөн жил улсын төсвөөс мөнгө гаргаж, хамгийн сүүлд 2013 оны төсөвт 500 сая төгрөг суулгаж, дуусгахаар байсан. Ер нь энэ Засгийн газрыг харж байхад их түргэн, ойворгон, хий дэмий амладаг, дотоод зөрчилдөө идэгдсэн Засгийн газар байна гэж харагдаж байна шүү дээ. Хуульчдад контор нь дутаагүй харин ч илүүдэж байгаа. УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачилсан байсан, өргөн барьж байгаа байх. Засгийн газар хэрүүлгүйгээр алдаагаа засчих юм бол болох л асуудал юм.

-Засгийн газрын гишүүн байсны хувьд иргэн бүрт 1,5 сая төгрөгийг олгоно гэсэн МАН-ын амлалтаас үүдсэн асуудал одоо ч үргэлжилж байна. Ингэж мөнгө амласнаас болж инфляци хөөрөгдсөн, бүтээн байгуулалтад зориулж болох ёстой байсан мөнгийг хий дэмий үрсэн гээд… Одоо ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үлдсэн мөнгийг нь олгохын тулд 310 тэрбум төгрөгийн бонд гаргана гэж байна. Эдийн засагчид үүнийг инфляцийг хөөрөгдөж болзошгүй гэж үзэж байгаа?

-Монгол төрийн хувьд, МАН, АН, Ерөнхийлөгч ч амласныхаа хувьд 1,5 сая төгрөгийг хүн бүрт өгөх ёстой. АН энэ мөнгийг өгнө гэж 2008 онд Засгийн газарт орсон. Энэ мөнгийг өгнө гэж С.Баярцогт Сангийн сайд болсон. Эх орны хишиг хүртээнэ гэж Н.Энхбаяр амласан. Эрдэний хувь хүртээнэ гэж одоогийн Ерөнхийлөгч амласан.  2009 онд Ц.Элбэгдорж сонгогдохдоо 1,5, нэг саяыг хоёуланг нь өгнө гэж сонгогдсон. Гэтэл дараа нь Ардчилсан хамтарсан Засгийн газраас гарч, бултсан. МАН Засгийн эрх барьсан ч бариагүй ч энэ мөнгийг ард түмэнд өгч байж өр салах ёстой. Ард түмэн энэ мөнгийг авах эрхтэй. 2000 оны улсын төсөв 350 тэрбум байсан, 2012 оны төсвийн нийт орлого зарлага 3,5 их наяд төгрөгт хүрсэн. 2013 оных долоо их наяд төгрөг болгож хоёр дахин нэмэгдүүлсэн. Гэтэл хүмүүсийнхээ  цалин, тэтгэврийг нэг ч төгрөгөөр нэмнэ гээгүй. Ийм харгис Засгийн газар байж болохгүй. Өнөөдөр доод тэтгэвэр 125 мянган төгрөг байна. Эдийн засаг үнэхээр өсч байгаа бол хүссэн хүсээгүй тэтгэвэр, цалин нэмэгдэж байх ёстой. Үүний төлөө Засгийн газар бодлого явуулах ёстой. Төрийн албан хаагчийн цалингийн дундаж цалин одоо 700 мянга орчим төгрөг байгаа. Үүнийг 1,5 сая төгрөг болгохын төлөө явах ёстой. Цалин нь өндөр бол хүмүүс зээлийн барьцаанд амьдрахгүй. Монголын ард түмэн зээлийн барьцаанд ороод байна. Банкны зээл, цалингийн зээлгүй хүн Монголд байхгүй. Гэтэл эдийн засаг өссөн, гаалийн орлого нэмэгдэж байна гээд олон сайхан юм ярьдаг. Хүмүүсийн амьдралд наалдаж байгаа зүйл байхгүй байна. Би бол 1,5 сая төгрөгийг энэ Засгийн газар ч өгөх үүрэгтэй гэж бодож байна. Яагаад гэвэл АН энэ мөнгийг өгнө гэж хамтарсан Засгийн газарт орсон. АН үүнээс бултах ёсзүйн эрх байхгүй. МАН-ын хувьд би байж байвал 1,5 сая төгрөгийн амлалтыг биелүүлэхийн төлөө бүхнийг хийнэ л гэж бодож байна. Одоо оюутан, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөнгийг энэ онд өгч дуусна. Цаана нь бас 1,5 сая төгрөгөө аваагүй хүмүүс үлдэж л байгаа. Гэтэл дахиад л сонгуулийн амлалт өгч, халаасан дахь мөнгөө тоололгүй өгч байна. 1,5 сая, нэг сая гэсэн хоёр амлалт АН, МАН-ын ч төрүүлсэн хүүхдүүд шүү дээ. Цалин нэмэхгүйгээр мянган сайхан ардчилал ярьсан ч Долоо буудлын айлын хүүхэд өлссөөр л байна. Хоосон амлалт ярьж өөрийгөө баяжуулах гэсэн энэ олигархууд одоо болих хэрэгтэй.

-Одоогийн парламент МАН олонхи байхдаа баталсан сонгуулийн хуулийн үр дүн шүү дээ. Гэтэл одоо энэ Засгийн, УИХ болохгүй байна гэж ярих нь зүйтэй юу?

-Олон байхдаа олонхи шиг байж чадахгүй бол дараа нь юу болдог вэ гэдгийг энэ удаагийн сонгууль харууллаа. Одоо мөрдөж байгаа сонгуулийн хуулиудыг би эсэргүүцэж байсан. 2003 онд батлагдсан  Хүний эрхийн үндэсний хөтөлбөрт “Сонгууль эхлэхээс зургаан сарын өмнө сонгуулийн хуулийг өөрчилж болохгүй” гэсэн заалт бий. Гэтэл НИТХ-ын сонгуулийн хуулийг сонгууль болохоос сарын өмнө баталсан. Автомат машины асуудал байна. 1,2 сая хүний саналыг машинаар тоолох шаардлагагүй гэж хэлээд байхад УИХ-ын дарга байсан Д.Дэмбэрэл хүртэл эсрэгээр нь баталсан. “Дараа нь хариуцлагыг нь хүлээнэ биз дээ” гээд батлахад нь би оролцоогүй. Одоо үр дүн нь гарч байгаа биз дээ. Сая Орон нутгийн сонгуулийн хуулийг Ардчилсан нам дангаараа баталсан. Сонгуулийн хуулийг нэг нам дангаараа баталж болдоггүй юм. Дахиад л зургаан сарын өмнө өөрчлөлт оруулахгүй гэсэн хуулийг зөрчсөн. МАН-ынхан хүний толгой дээрхи өвсийг харахын зэрэгцээгээр өөрийн толгой дээр ургасан эврийг харах цаг болсон байна шүү гэдгийг хэлээд нам дотроо жаахан таагүй уур амьсгалыг өөртөө хураагаад байна л даа. Гэхдээ би үнэнийг л хэлсэн. Хүссэн ч эс хүссэн ч энэ удаагийн сонгуулийн ялагдлын асуудлыг дүгнэхэд, 2008 оны олонхи байсан бид хариуцлагатай байж чадсан уу гэдэг асуултыг МАН-ынханд тавих эрхтэй. Би “Олонхийн ирцээр хурлаа хий” гэж УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлээс өнгөрсөн дөрвөн жил гуйгаад дийлээгүй. Ялж, ялагдахын тулд сонгууль болдог. Хэрэв МАН ялсан байвал хүссэн ч хүсээгүй ч цалин тэтгэврийг нэмэх  2008 оны сонгуулийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж хичээх байсан. Энэ ялагдал бол өөрсдөө эрх барьж байгаад, хоёр гурван давьтиргүй хүн орилоод байхаар тэдний өмнө цагаан туг барьж бууж өгсөөр байгаад ийм байдалд  орсны л үр дүн. Том утгаар нь яривал энэ нь эргээд АН-ын ялагдал болж байгаа юм.

-Яагаад, Ардчилсан нам олонхийн суудал аваад, Засгийн газраа байгуулаад явж байгаа шүү дээ?

-Ардчилсан нам энэ дөрвөн жилд цалин, тэтгэвэр нэмэхгүй байна гэж ард түмэнд шүүмжлүүлнэ. Дараагийн дөрвөн жил засгийн эрх баривал цалин, тэтгэвэр нэмнэ гэж зүтгэнэ. Уг нь АН МАН-ын саналыг харгалзаж Засгийн газарт хамтрах байсан юм. Гэхдээ удахгүй тийм байдалд орно. МАН-тай учир зүйгээ ололцохгүйгээр явбал энэ УИХ бүтнээр дампууралд орно. Одоо УИХ-ын чуулганы хуралдааны ирц АН-ынхан томилгоо, мөнгөний асуудал шийдэхээр л бүрдэж байна шүү дээ.

-Ерөнхийлөгч Засгийн гишүүдээ аль болох парламентын гаднаас томилоорой гэсэн саналыг хэлж байсан. Гэтэл одоогоор ихэнх сайд нар парламент дотроосоос томилогдсоноор УИХ-ын ирц нь ч бүрддэггүй, Засгийн газартаа хяналт тавих систем нь алдагдаад байх шиг?

-Уг нь Ерөнхийлөгч хориг тавих боломж байсан. Хуулийн хувьд 100 хувь Засгийн газраа парламентын гаднаас бүрдүүлэх боломж байсан. Шулуухан хэлье,  новшийн эвсэл байгуулж байхын оронд бодлого дээрээ МАН-тай ярилцаад явах боломж байсан. Гэтэл анхнаасаа хууль зөрчиж, дарга сонгоод, томилгоо хийгээд явчихсан. Уг нь Төрийн албаны хуульд зарим албан тушаалтнуудыг түр томилдог заалт байсан. Гэтэл Н.Энхбаярын үед түр томилдог заалтыг хүчингүй болгосон. Гэтэл одоо баахан түр томилсон төрийн нарийн бичгийн дарга, түр төрийн албан хаагчийн үүрэг гүйцэтгэдэг болсон. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Хууль  гишгэлэх хамгийн аюултай зүйл нь төрт ёс үгүй болдог. АН-ынхны надад дургүйлэхээд байгаа зүйл нь төрт ёсыг үгүй хийж байгааг нь хэлэхээр ад үзэгдээд байгаа юм.

-МАХН, МАН-тай эвсэл байгуулж Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох гэж байгаа гэсэн, үнэн үү?

-Ер нь бол тийм хувилбар байхыг үгүйсгэх арга байхгүй. Түрүүчийн УИХ-д буюу өнгөрсөн хавар МАН-ынхан оролцож намайг сайдаас огцруулах санал гаргаж байсан.  Энэ бол саад болж байгаа хүнийг замаасаа зайлуулах гэсэн улстөрийн акци байсан.  Би, зөвхөн би ч биш, Монголын ард түмэн урвалтыг үзэн яддаг. Чингисийн үед урвасан хүний ууцыг нь хугалдаг байсан шүү дээ. Ингэж Чингисийн төр хүчирхэг болсон. Одоогийн соёлжсон ертөнцөд ууцыг нь хугалах нь үгүй юм гэхэд өнөөдөр урваад маргааш нь өөр хүнтэй гэрлээд, олон ааштай авгай шиг байдгийг болиулмаар байна. Урвалт шарвалт монгол төрийг 20 жил сульдуулсан, одоо болно гэж олон хүн хэлж байгаа. Урвагчтай нийлж ууцаа хугалуулаад яах вэ, хугалъя гэсэн ч ууцгүй боллоо. Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн бүгд манай намд байж албан тушаал хашиж байснаа бүгд урвасан. АН-ын “элсний 13”, МАН-ын “элсний 13” бүгд л урвасан. Ер нь бол энэ төрд төр, улс, нам, найз нөхдөө худалдаж албан тушаал, хөрөнгөд хүрдэг энэ увайгүй үзэгдэл хүлээн зөвшөөрөгдөх тал руугаа явж байна. Чи сайн урваж, шантаачилж чадвал албан тушаал өгнө. Ийм л зарчим явж байна. Одоо МАН жаахан ядарч байгаа биз. Нөгөө МАН-ыг өмөөрч, манай нам гэж байсан жигүүрийнхэн хаана дуугарч байна. Бүгд албан тушаал аваад чимээгүй болсон.

-МАН-ыг шинэчлэх хэрэгтэй гэж танай намын залуу гишүүд ярьж байна. Хоёр удаагийн сонгуулийн ялагдлаас үүдээс МАН-ыг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна уу?

-Манай нам шиг их шинэчлэгдэж байгаа нам байна уу, байхгүй. 1990 оноос хойш намын даргаа найман удаа сольсон нам Монголд байхгүй. ИЗНН 10 гаруй жил нэг даргатай явж байна. Бүгд найрамдах нам одоо болтол нэг даргатай. Ө.Энхтүвшин 1990 оноос хойшхи манай намын ес дэх намын дарга болж байна. АН гэхэд хэдхэн хүн л хоорондоо солигдоод дарга болоод явж байна.

Одоо ч МАН-д хуучнаас Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан бид гурав л үлдэж. Биднээс болоод МАН муу болж байна гэж үзэж байгаа бол шулуухан хэлчих хэрэгтэй л дээ. Бидний энэ намд хийсэн “нүгэл” бол сонгуульд ялагдаж үзээгүй маань л байх. 1992 оны сонгуулиас хойш сонгуульд ялагдаж үзээгүй гурван л хүн байна. Үүнийг ял гэж үзэж байгаа бол буянаараа болог. Гэхдээ манай намд бэлтгэгдээгүй залуучуудыг цаг нь болоогүй байхад албан тушаал, мөнгөний үнэрийг хэт эрт үнэртүүлснээс ёс суртахууны доройтол бий болсон. Биднийг хоцрогдсон, шинэчилье гээд байсан хүмүүсийн нэг хэсэг нь УИХ-ын сонгуульд ялагдаад алга болсон, нэг хэсэг нь намын удирдлагад гараад сууж байна. Тэгээд шинэчлээч дээ, хориг тавьсан хүн байхгүй шүү дээ.

Ш.ОЮУНЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж