Тус өдөрлөгийг Элчин сайд Ж.Энхсайхан нээн, Монголын улс төр, эдийн засгийн өнөөгийн байдал, эдийн засгийн өсөлтийн талаар мэдээлэл хийж, Австрийн бизнесийнхнийг Монголд хөрөнгө оруулж, хамтран ажиллах боломж байгааг танилцуулав.
Өдөрлөгийн арга хэмжээнд Монголтой хамтран ажиллах сонирхолтой Австрийн компаниуд оролцсон бөгөөд тэд өөрсдийн үйл ажиллагааны талаар мөн танилцууллаа.
Чехэд үйл ажиллагаа явуулдаг ардын урлагын “Дүнжингарав” хамтлаг энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж ая дуугаа өргөн, сурагч Э.Энхжин төгөлдөр хуурын аяз эгшиглүүлсэн нь олны сонирхлыг ихээр татав. Ийнхүү “Монголтой танилцахуй өдөрлөг” нь монголын эдийн засгийн нөхцөл байдлын талаар Австрийн иргэдэд мэдээлэл өгсөн, үндэсний соёл урлагаа сурталчилсан арга хэмжээ боллоо.
Австрийн “БСС нийгэмлэг” нь өөрийн улсад суугаа гадаадын Дипломат төлөөлөгчийн газруудтай хамтран тухайн улс орныг сурталчлан танилцуулах, улмаар тухайн улсын холбогдох байгууллага, хүмүүстэй Австрийн бизнесийн байгууллага, уран бүтээлчид болон тамирчдыг холбох, залуу уран бүтээлч, тамирчдыг оюун санаа болон материаллаг эд зүйлээр дэмжих, ингэснээр тухайн хоёр орны харилцааг хөгжүүлэх, эрчимжүүлэх зорилт тавин ажилладаг аж гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.