
Улс орны эзэлдэг гурван арга байдаг гэдэг. Нэгт, зэр зэвсгийн хүчээр, хоёрт эдийн засгийн аргаар, гуравт соёлын аргаар тухайн улсын тусгаар тогтнолыг ч эвдэн бусниулж болдог. Эдгээрээс хамгийн амархан, ямар ч эрсдэлгүй нь соёлын арга байдаг байна. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд гадаад орны кинонууд телевизийн суваг болгоноор гарч, хүүхэд залуус маань тэднийг дуурайн хувцаслаж, ярьж, бусадтайгаа харьцаж байгаа нь маш том эмгэнэл гэдгийг уулзалтад оролцсон хүмүүс хэлж байлаа. Энэ нь сүүлийн хориод жил урлагийн тал дээр баримтлах төрийн бодлого алдагдсантай холбоотой гэдгийг ч хэлж байсан юм. Кино урлагийнхны хувьд л гэхэд өөрсдийн дур сонирхолдоо хөтлөгдөн, энэ тэндээс мөнгө зээлж нэг кино хийдэг. Гэсэн ч түүнийгээ олон түмэнд хүргэхэд асуудал их байдаг байна. Кино театрууд “Киноноос олох орлогынх нь 50-60 хувийнг авна, реклам сурталчилгаагаа өөрсдөө даа” гэсэн хатуу шаардлага тавьдаг гэж МКУЗөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Бадамрагчаа ярьж байлаа. Мөн тэрээр цааш нь “Манай улс бусад оронтой харьцуулахад зах зээл багатай ч төрөөс зөв бодлого баримтлаад, хууль журмаар зохицуулаад өгчихвөл өөрсдийн зардлаа нөхөөд тодорхой хэмжээний ашигтай ажиллах боломж бий. Ингээд ашигтай ажиллаад ирэхээрээ дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц бүтээлийг туурвиж эхэлнэ. Манайд тийм авьяас, чадалтай киноны уран бүтээлчид зөндөө байгаа. Төрийн харьяа кино театртай болчихвол бид хэн нэгэн бизнесмэнд шулуулж, тэдний тулган шаардсан гэрээнд гарын үсэг зураад байхгүй” хэмээн онцолсон.
Харин СТА дуучин Ж.Алтанцэцэг:
-Манай монголчууд хамгийн сүүлийн үеийн загварын машин хөлөглөж, хамгийн шилдэг загвартай хувцсаар гангардаг байж, сүүлийн үеийн тайзтай, үзэгчдийн тав тух, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан нэг ч газар байхгүй. “Рок попын ордон” гээчийг барина гээд 20 гаруй жил болж байна. СУИС-ийг жилийн жилд асар олон хүүхэд дуучин, жүжигчин мэргэжлээр төгсч байгаа ч төгсөөд очих газар байдаггүй. Мөн Соёл, урлагийн газрын даргыг намын бодлогоор тавьдаг. Жишээ нь Б.Наранзун бол Америкт арваад жил амьдарч байгаад ирсэн. Тэр яаж Монголын урлагийн зовлонг мэдэх юм, дотор нь байгаагүй юм чинь. Одоо бас л Н.Оргил гээд залууг даргаар тавьчихсан. Тэр нь бас л тэс өөр юм яриад байдаг. За яахав даргаар нь иймэрхүү хүмүүс болдог юм гэхэд хажууд нь урлагаа мэддэг, зовлон жаргалыг нь гадарладаг зөвлөхүүдийн баг ажиллуулж яагаад болдоггүй юм бэ. Өмнө нь урлагийн бидэнд улс төрийнхөн шиг хайртай хүмүүс байгаагүй. Одоо сонгуульд ашиглаж болохгүй болсон болохоор урлагийнхныг дэмжих төрийн бодлого гээч юмаа огт дурсахаа байсан” гэж байлаа.
Ер нь улс орны хөгжлийн төвшинг тухайн улсын соёл урлаг тодорхойлдог. Гэтэл манай улсад тэднийг дэмжих, оюуны өмчийг хамгаалах гээд олон чухал ажлыг орхигдуулж байгаа нь харамсалтай. Тиймээс төр засгийн удирдлагууд, холбогдох яамны албаны хүмүүст хандаж, кино найруулагч Д.Золбаяр “Урлагийнхан бид ажил хаяна гэж айлгахгүй. Учир нь бид ажилгүй. Цалингаа нэмүүлнэ гэж тэвдүүлэхгүй. Яагаад гэвэл бид цалингүй. Зүгээр л бидэнд чиглэсэн зөв бодлого боловсруулаад өгөөч” хэмээн хэлснийг энэ дашрамд уламжилъя.