Харин Монгол Улс, түүн дундаа Төрийн ордон, улс төрийн амьдрал хэрхэн өрнөснийг сонирхоё. МАН-ынхан өнөөдөр бүлгийн хуралдаан зарлаж, парламентад хамгийн олон суудал бүхий хоёр нам санаачилга гарган, хэлэлцээрт орох тухай ярилцсан байна. Хурлын дараа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “МҮАН, МАХН-ын “Шударга ёс эвсэл”- тэй хамтарч ажиллахад болохгүй зүйлгүй” хэмээн мэдэгдсэн нь бас нэгэн содон мэссэж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Шадар сайд Д.Тэрбишдагвыг Сэлэнгэ аймагт эх, хүү хоёрыг аварч чадаагүй ослын хэрэгт буруутган, үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг шаардаж, Шадар сайдыг сандаргаад амжив.
Нийслэлийн удирдлагууд өнөөдөр хотын хог хаягдлыг дахин боловсруулах асуудлыг хэлэлцэх байсан ч эргэн нягтлах, дахин хэлэлцэх цөөнгүй асуудлууд байсан тул энэ тухай хэлэлцэхээ түр хойшлуулжээ.
Сүүлийн үед иргэдийн тэр дундаа ээжүүдийн сэтгэлийг зовниулаад байгаа хойд эцэгтээ зодуулан Гэмтэл, согог судлалын эмнэлэгт эмчлүүлж байсан долоон настай хүүгийн бие сайжирч, эмнэлгээс гарах болсон тухай мэдээ иргэдийн сэтгэлийг бага ч болов амраав. Хүүг хамаатан садан нь зөвлөлдсөний эцэст эмээгийнх нь асрамжид хэрэг шийдэгдтэл түр хугацаанд байлгахаар болжээ.
Идэр есийн хүйтэн эхлээгүй байхад хошуу хөлдөх шахам хүйтэн байгааг харгалзан үзэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр сурагчдын амралтыг энэ сарын 31-нээс эхлэн ээлж дараатайгаар 2-5 долоо хоног амраахаар болов. Хальтаргаа гулгаатай, харанхуйд шахам хичээлдээ явж байгаа хүүхдүүдийг ёстой нэг баярлуулсан мэдээ энэ байв. Мөн хөдөөгийн сурагчдын амралтыг “Цагаан сар”-ын баяраар тааруулсан нь оновчтой шийд болжээ.
Дэлхий, улс төр, нийгэм эдийн засгийн салбарт болсон дээрхи үйл явдлуудыг “чимж” өнөөдөр “Гоёл” наадмын загварын долоо хоног үргэлжилж байна. Загварынхны өнгө төрхийг тодорхойлж буй загвар өмсөгчид яг энэ мөчид “Шилмэл загвар”-ын танхимд цуглаад байна.