
Тэрээр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Тахилтад өнгөрсөн 2011 оны зургадугаар сарын 29-30-нд шилжих шөнө хадам ээжийнхээ амийг хөнөөж, хадам аав, эхнэрийнхээ дүү болон эмэг эхээ гэмтээсэн юм. Үүгээр зогсохгүй эхнэр, дөрвөн настай охин, эхнэрийнхээ дүүг барьцаалан, амь насанд нь заналхийлж, хэргийн газарт ирсэн цагдаа нараас машин, сумтай буу шаардаж байсан юм.
Өмнө нь 2011 оны арваннэгдүгээр сард Чингэлтэй дүүргийн шүүхээс Д.Энхээд цаазын ял оноосныг тэрбээр эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Нийслэлийн шүүх уг гомдлыг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Гэтэл Д.Энхээ гэгч нь Улсын дээд шүүхэд хандаж, улмаар дээд шүүхээс нэмж шалгах хэд хэдэн зүйл бий гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Ингээд түүнийг шүүх анхан шатны хурал 2012 оны долдугаар сарын 25-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд дахин болж, цаазын ял оноосон. Үүний дараа Д.Энхээгийн өмгөөлөгч Ж.Яринпил энэхүү шийдвэрийг эсэргүүцэн, Нийслэлийн шүүхэд гомдол гаргасан ч Д.Энхээгийн гэм буруутайг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзээд, Нийслэлийн шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээгээд байсан юм.