Шинэ хуулийн төслийн онцлогийн талаар УИХ-ын гишүүн Н.Батцэрэгээс тодруулж ярилцлаа.
-УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл өргөн бариад байна. Энэ хуулийн төслийн өмнөх хуулиас ялгарах гол утга санаа, онцлог юу вэ?
-Шинэ хуулийн төсөл өргөн барих болсон гол шаардлага гэвэл УИХ, орон нутгийн 2012 оны сонгууль өмнө болж байсан сонгуулиудаас эрх зүйн шинэ орчинд болж өнгөрлөө. Саналын хуудсыг машинаар тоолсон, иргэний цахим үнэмлэх хэрэглэсэн зэргээс өгсүүлээд хууль зөрчсөн бол хариуцлагыг нэлээд чангатгасан, нэр дэвшигчид ухуулга, сурталчилгааны ажил хийх хариуцлагыг чангатгасан гээд олон шинэ зохицуулалт хэрэглэсэн. Эдгээр онцлогийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаж хэрэглэх шаардлага үүссэн. Яагаад гэвэл бүх сонгууль хууль, эрх зүйн нэг орчинд явах ёстой. Сонгогчид ойлгомжтой эрх зүйн орчинд сонголтоо хийх ёстой. Нэр дэвшигчид нэг ижил хууль, эрх зүйн орчинд өрсөлдөнө. Бие биеэ гүтгэж доромжлохгүй соёлтой өрсөлдөх шаардлагатай. Улс орны эдийн засгийн хүчин чадлаас давсан амлалтыг нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө тусгахгүй байх ёстой. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтийг буруу ойлголтод түлхсэн мэдээлэл тараахгүй байх ёстой. УИХ, Орон нутгийн сонгуулийн шинэ хуульд тусгасан эдгээр зүйлийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд мөн тусгах шаардлага гарсан. Эдгээрт үндэслэж гишүүд шинэ хуулийн төсөл өргөн барьсан.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацааг богиносгосон гэсэн. Хуучин 45 хоног байсан байх. Төслөөр ямар хугацаатай болсон бэ?
-Сонгуулийн сурталчилгааны хугацааг 35 хоног байхаар орууллаа. УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулиас зарчмын ялгаатай нэг зүйл бол сонгуулийн кампанийг орон даяар явуулсны үндсэн дээр сонгуулийн насны иргэд саналаа чөлөөтэй, нууцаар гаргаж Төрийн тэргүүнээ сонгож байгаа. Тиймээс сонгуультай холбоотой аливаа маргаан, будилаантай асуудлыг СЕХ шийднэ. СЕХ тусгайлсан журам гаргаад аймаг, сум, дүүрэг, баг дээр зөрчил гарвал хэрхэн зохицуулахыг төсөлд тусгаад байна.
-Гадаадад байгаа Монгол Улсын иргэд УИХ-ын сонгуулийн үеэр саналаа өгсөн. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох уу?
-Гадаадад байгаа иргэд оролцоно. Сонгуулийн хэсэг байгуулах зарчим нь өнгөрсөн УИХ-ын сонгуультай ижил.
-Сонгуулийг төрийн албан хаагчид зохион байгуулах уу?
-Тэгнэ.
-Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих гол үндсэн шаардлага юу байгаа бол?
-Хуучин шаардлагууд хэвээрээ. Монгол Улсын уугуул иргэн, 45 насанд хүрсэн хүн байна. Уугуул гэдэг нь нэр дэвшигчийн эцэг, эх нь Монгол Улсын иргэн байх ёстой. Нэр дэвшигч Монгол Улсад төрсөн, сүүлийн таван жил Монгол Улсад байнга оршин суусан гэх мэт шаардлага бий.
-Сурталчилгаанд тавигдах шаардлага юу байх вэ. УИХ, орон нутгийн сонгуулийн үеэр нэр дэвшигч нь сонгогчдод мөнгө төгрөг тараахгүй гэх зэрэг хатуу шаардлага тавьж байсан?
-Тийм шаардлага хэвээрээ шахам орж байгаа. Дээрээс нь нэг ийм зүйл орж байгаа. Сонгуулийн сурталчилгааны үеэр улс төрийн намууд намынхаа тугийг айлын тагт, хашаа, байшин, худалдаа үйлчилгээний жижиг цэг гээд энд тэндгүй хатгадаг. Тугаа хатгасан айлд мөнгө өгье гээд далд хэлбэрээр сонгогчийн сонголтод нөлөөлөх оролдлого гарч байсан. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд нэлээд хатуу зохицуулж оруулж өгч байгаа. Улс төрийн намууд тугаа өөрийн сурталчилгааны байр, сурталчилгаанд ашиглаж байгаа машин дээрээ л байрлуулж хатгаж болох, бусад газарт хатгахгүй байхаар тусгасан.
-Сурталчилгааны самбарууд яах вэ?
-Гудамжинд байдаг реклам, зар сурталчилгааны самбар дээр сурталчилгаа байрлуулдагтай адил төстэй. Орон нутгийн засаг, захиргааны байгууллагатай тухайн нэр дэвшигчийн сонгуулийн штаб гэрээ хийж сурталчилгаа байрлуулах зохицуулалт хэвээрээ байгаа.
-Хэвлэл, мэдээллийн байгууллагаар дамжуулж сурталчилгаа хийхэд хязгаарлалт байна уу?
-Хязгаарлалт бий. Бүх нэр дэвшигчийн сурталчилгааны цаг, зай талбай адил, жигд байх шаардлагыг хангах ёстой. Хэрэв төлбөртэй нийтлэл, нэвтрүүлэг явуулахаар болбол хуучин бол “Төлбөртэй нийтлэв”, “Төлбөрт нэвтрүүлэг” гэж бичиж гаргадаг байсан. Харин хэн төлбөрийг нь хийсэн нь мэдэгддэггүй байсан. Өрсөлдөгчөө гүтгэсэн, доромжилсон янз бүрийн зүйлийг “төлбөртэй” гэж гаргадаг байсан.
Тэгвэл одоо хэн төлбөр хийсэн, хаанаас захиалсан нийтлэл, нэвтрүүлэг вэ гэдгийг бүтэн бичиж гаргана. Нэг компани юм уу, эсвэл улс төрийн нам юм уу, нэг иргэн төлбөрийг нь хийсэн үү, нэр дэвшигч өөрөө төлсөн үү гэдгийг ил тод, тодорхой бичүүлдэг болно.
-Хандивын хэмжээ ямар байх вэ?
-Улс төрийн нам, нэр дэвшигчид санхүүжилтээ бүрдүүлэх, хариуцлагаа хүлээх зэрэг нь сонгуулийн бусад хуулиудтай ижил явж байгаа.
-Нэр дэвшигчдийн гол санхүүжилтийг хаанаас гаргах вэ?
-Нэр дэвшигч, нэр дэвшигчийн багийнхан голлож гаргана. Хариуцлагаа хүлээнэ. Мэдээж хэрэг төрийн сонгууль учраас төрөөс сонгууль зохион байгуулахтай холбоотой зардлыг улсын төсвөөс гаргана.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг хэзээ гэж гаргасан бэ?
-Ирэх 2013 оны зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдрийг албан ёсоор санал хураалтын өдөр болгож зарлана. Тэр өдрийг амралтын өдөр болгоно.