Дотоодын бүтээгдэхүүнийг дэлгэж байна

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

Дотоодын бүтээгдэхүүнийг дэлгэж байна

Үндэсний үйлдвэрлэлийнхнийг дэмжих зорилготой “Хөдөлмөрч хүнд боломж
нээлттэй” үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс “Улаанбаатар бизнес хөгжлийн
төв”-ийн үзэсгэлэнгийн танхимд гарч эхэллээ. Энэ нь 12 дугаар сарын 14-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд дотооддоо үйлдвэрлэсэн нэхээсгүй эдлэл буюу нарийн эсгийгээр хийсэн нялх хүүхдийн хантааз, оймс, чацаргана, нэрсний жүүс, чанамал, гар урлал, ноолууран хувцас, арьс ширэн эдлэлийг дэлгэж байгаа юм. Өвлийн улиралд чийг татахгүйгээр дулаанаа хадгалдаг материал бол эсгий билээ. Тиймээс нялх хүүхдэд өдөр тутам өмсөхөд нь тохируулан нарийн эсгийгээр хийсэн хантааз 15 мянган төгрөг, оймс 5.000-10.000 төгрөгөөр худалдаж байсан нь үзэсгэлэнд ирсэн хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байсан.

Үзэсгэлэнгээр үндэсний үйлдвэрийнхэн, гар урлалчдын хийсэн бүтээгдэхүүнээс гадна хүний биед тустай, эмчлэх увидастай хүнсний гурил, жамц давсыг худалдаж байгаа бөгөөд хүмүүс мөн ихэд сонирхож байсан юм. Аливаа өвчинг европ  эм, эмчилгээгээр анагаахын оронд сөрөг нөлөөлөлгүй, байгалийн гаралтай дотоодын эм, тангаар эмчлэхийг илүүд үзэх болсон билээ. Энэ ч талаасаа сүүлийн үед хүнсний гурил, жамц давсыг анагаах чадварыг нь  сайн мэддэг ахмад настай хүмүүс л сурагладаг биш, томоохон аж ахуй нэгжүүд бүтээгдэхүүндээ ашигладаг болсон байна. Тухайлбал, шууд уухад зориулсан хуурай болон хийцтэй сүүтэй цайнд хүнсний гурилыг хийдэг ажээ. Энэ нь сүүтэй цайг өтгөрүүлэх амт оруулахаас гадна ходоодны үйл ажиллагааг сайжруулдаг байна. Ингээд хүнсний гурилын анагаах чадварын тухай сонирхуулъя.

Сулийн гурил

Монголчууд сулийг дээр үеэс амуу тарианы ургамалд тооцож, хүнс тэжээлдээ хэрэглэж иржээ. Хар, цагаан хоёр төрлийн суль байдаг бөгөөд намар наймдугаар сард үр нь боловсорч, хар, цагаан гэдэг нь ялгарч эхэлдэг байна. Хэдийгээр энэ хоёр сулийн аль алины үрийг түүж хүнсэнд хэрэглэх боловч, цагаан сулийн үрээр хийсэн бүтээгдэхүүнийг илүү сайн гэж үздэг ажээ. Сулийн гурилыг хамгийн амарханаар хэрэглэе гэвэл цайндаа хийж, хийцтэй цай болгоод уудаг байна. Тэрчлэн сулийг ардын эмнэлэгт элдэв төрлийн өвчин анагааж эмчлэхэд хэрэглэж иржээ. Иймд арвайн бор гурил, хөх, шар будаагаар чангаамал, цулхир, сулиар гурил хийх зэргээр тариа будаагаар олон төрлийн хүнс тэжээл хийж бие организмд шаардлагатай амин дэмүүдийг нөхөж авч байсан арвин туршлагатай аж.  

Цулхирын гурил

Цулхир нь говь, цөл хээрийн элсэрхэг хөрсөнд ургадаг өвслөг ургамал боловч үрэндээ шимт бодисуудыг ихээр хуримтлуулдгаараа онцлог юм байна. Говийн цулхирын үр нь 23%-ийн уураг, 8.6%-ийн тос, 60%-ийн нүүрс ус агуулдаг тул шимт тэжээлийн бодисоороо үр тарианы ургамалтай эн тэнцдэг аж. Харин ч уураг тосны агууламжаараа түүнээс бүр давуу гэдэг. Цулхирын үр шим тэжээлт бодисоор баялаг учраас ч эртнээс нааш хүнсэндээ хэрэглэсээр ирсэн бөгөөд ялангуяа бөөр, давсагны үйл ажиллагаанд сайн юм байна.

У.БОЛОР

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж