“Өдрийн сонин”-оос уламжлал болгон зохион байгуулдаг хэлэлцүүлэг өнөөдөр тус сонины “Асуух танхим”-д боллоо. Тэд энэ удаагийн хэлэлцүүлгийнхээ сэдвээр “Нийслэлд музей хэрэгтэй юу, тайз хэрэгтэй юу” гэсэн асуудлыг сонгожээ. Уг хэлэлцүүлэгт Монголын кино урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Бадамрагчаа, кино найруулагч Д.Золбаяр, СТА дуучин Ж.Алтанцэцэг, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Пүрэв нарын хүмүүс оролцсон юм. Манай улсад музей ч хэрэгтэй, урлагийн тайз ч хэрэгтэй гэдгийг уулзалтын өмнө хүмүүс онцолж байсан. Гэхдээ сүүлийн хориод жил урлагийн тал дээр баримтлах төрийн бодлого алдагдсан нь урлагийн үнэ цэнийг алдагдуулж байна гэж тэд үзэж байлаа. Мөн урлагийнханы хувьд мэргэжлийн, олон улсын шаардлага хангасан театр байхгүй байгаа нь учир дутагдалтай байгааг онцлов. Байгаа ганц ДБЭТеатрт тоглолт хийе гэхээр зөвшөөрдөггүй. Тэгээд зориулалт нь огт өөр “Бөхийн өргөө”, ямар ч халаалт байхгүй “UB Palace” зэрэг газруудад тоглолтоо хийдэг гэдгийг хэлэлцүүлэгт оролцогсод ярилаа. Мөн Монголын кино урлагт ч нилээдгүй асуудлууд тулгамдаж байгаа гэдгийг хэлж байсан юм. “Өөрсдийн дур сонирхол, хөрөнгө мөнгөөр нэг кино хийдэг. Түүнийгээ үзэгч олонд хүргэх гэхээр кино театрууд орлогын чинь 50-60 хувийг авна гэсэн хатуу гэрээ хийхийг шаарддаг. Мөн биднийг нээлтээ хийж амжаагүй байхад хувилаад эх орны өнцөг булан бүрт тарчихсан байдаг” хэмээн МКУЗөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Бадамрагчаа учирлаж байсан. Тэд “Биднийг төр засгаас зөв бодлогоор дэмжээд өгөөч. Тэгвэл бид улсаас хөрөнгө мөнгө нэхэхгүйгээр өөрсдийн уран бүтээлээ хийж, соёл урлагаар ард түмнээ хөтлөх их үйлсдээ өндөр амжилт үзүүлж чадна” хэмээн хэлж байлаа.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ