Дорнодын театр “Нийгмийн дайсан”-г дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

Дорнодын театр “Нийгмийн дайсан”-г дэлгэлээ

Дорнод аймгийн Хөгжимт драмын театр өчигдөр Хенрик Ибсений “Нийгмийн дайсан” жүжгийг нийслэлийн үзэгчдэд дэлгэлээ. ДБЭТ-т дэлгэсэн уг жүжиг нь Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран орон нутгийн театр, чуулгуудын дунд зохиосон “Сонгодог бүтээл-2012” шилдэг бүтээл шалгаруулах улсын уралдааны нэгдүгээр шатанд зүүн бүсээс шалгарчээ. Тиймээс нийслэлийн үзэгчдийн хүртээл болгон, баруун, төвийн бүсээс шалгарсан шилдэг бүтээлүүдтэй өрсөлдүүлж байгаа аж.

Хенрик Ибсений “Нийгмийн дайсан” жүжгийг УДЭТ-ын найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулсан байна. Хөгжмийн зохиолч, профессор Б.Нямдорж тус театрын симфони найрал хөгжимд тулгаарлан Монголын хөгжмийн түүхэнд анх удаа орон нутагт симфони жааз хөгжмийг эгшиглүүлснээрээ онцлогтой болжээ. Жүжгийн гол дүр доктор Томас Стокманнд жүжигчин Л.Батсайхан, хотын мэр Петра Стокманнд жүжигчин Г.Гантуяа, хэвлэлийн газрын эзэнд жүжигчин С.Ганбаатар, шар сонины редакторт жүжигчин Б.Од нар тоглосон юм.

Уг жүжигт Норвеги улсын хойд хэсгийн далайн эргийн нэгэн хотын хөгжил цэцэглэлтийн эх булаг болсон эмчилгээний усан сангийн цогцолборын усан хоолойнууд нь бохирдон хөрсөнд нь шингэж өвчний эх үүсвэрүүдийг бий болгодог аж. Хотын хөрснөөс илэрч буй бохирдолыг арилгаж, цэвэрлэхийн тулд байгууламжийг бүхлээр нь шинэчлэх шаардлага тэдний өмнө тулгарна. Гэвч асар их хөрөнгө шаарлагатай учраас хотын мэр энэ бүхнийг нууцлан үлдээж өөртөө ашигтай хэвээр нь үлдээхээр өөрийн тойрон хүрээлэгч, дэмжигчдийг бусармаг засмаар бий болгоно. Харин түүний эсрэг талд төрсөн дүү доктор Томас нь тэмцдэг бөгөөд энэ бүх булхайг нь ард түмэнд зарлан хэлсэнээрээ эцэстээ нийгмийн дайсан болон хувирна. Уг жүжгээр улс төр нь бохирдож,  авилга, хээл хахуульд идэгдэж, нийгэм танигдахын аргагүй доройтсон энэ үед ард түмний төлөө зүтгэсэн хэн боловч нийгмийн дайсан болдог нэгэн жишээг тод томруунаар харуулжээ.

Орон нутгийн театрт сонгодог зохиол мэндлэн үзэгчдийн цангааг тайлж буйг харахад сайхан байлаа. Тэр бүр нийслэлийг зорин ирж, театрт тухлах боломжгүй иргэддээ зориулан Дорнод театт өөрийн гэсэн ариун сүмийг сүндэрлүүлжээ.  Тэд орчин үеийн шийдэлтэй, театрын гайхалтай акустиктай 600 хүний суудалтай их танхим, 50 хүний суудалтай тусгай танхим, эргэдэг тайз, хөшгүүд нь дээрээс нь буудаг, гэрэлтүүлэг, дуу авиа, кино проекторын удирдлагатай, уран бүтээлчдийн тусгайлсан өрөөнүүдтэй, оёдлын үйлдвэрийн цех, ноот, архив, захиргааны оффис, VIP өрөө, уран зургийн галерей, үзэсгэлэн худалдаа, соёл урлагийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах бүрэн боломж бүхий гоёмсог, өөрийн гэсэн театртай болжээ. Одоо тус театрын хамт олон үзэгчдийн таашаалд нийцсэн чанартай, сайн “бүтээгдэхүүн” үйлдвэрлэхийн төлөө бүхнээ зориулах аж. 

УДЭТ-т эдгээр өдрүүдэд “Сонгодог урлаг 2012” шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд баруун бүсээс шалгарсан Завхан аймгийн Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт драмын театр А.П.Чехов: “Ванья ах” жүжиг, “Этүгэн чимэгт аялгуу” концертоо нийслэлчүүддээ хүргэх бол төвийн бүсээс шалгарсан Дархан-Уул аймгийн “Залуучууд театр” Г.Ибсен “Нора”, Г.Перселл “Дидона Эней хоёр” дуурийг тус тус толилуулах юм. Мөн урилгаар Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордон “Эрдэнэт” дуу, бүжгийн чуулга “Зүүдний Соннамбула”  сонгодог концерт, Хэнтий аймгийн “Хан-Хэнтий” чуулга  “Бурхан Халдуны дуулал” концерт, Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театр “Гайхам ертөнц” хүүхэлдэйн сонгодог концертоо тус тус нийслэлийн үзэгчдэд толилуулах юм байна.

Г.ДАША


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж