НМХГ-ын ажилчид хэзээ цалингаа авах вэ?

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

НМХГ-ын ажилчид хэзээ цалингаа авах вэ?

Зөвшөөрөлгүй барилга дээр ажиллуулж байсан зуурагч машины хошуу нурж, бяцхан охины аминд хүрсэн хэрэг өнгөрсөн есдүгээр сарын эхээр гарч, олныг цочирдуулж байлаа. Барилгын салбар, мэргэжлийн хяналт шалгалт гээд олон салбарынхны булхай луйврыг илчилсэн гэж болохоор энэ хэргийн дараа холбогдох газрууд дор бүртээ бужигнаж эхэлсэн юм.

Мэдээж энэ осолд буруутгагдах байгууллагын нэг нь яах аргагүй Мэргэжлийн хяналтын газар. Осол болсны дараа нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл зөвшөөрөлгүй газар дээр, зөвшөөрөлгүйгээр барилга барьж байсан энэ үйл явдлыг хамааруулан тухайн үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэнг ажлаас нь чөлөөлсөн /09.13-ны өдөр/ юм.

Үүнээс хойш өнөөдрийг хүртэл энэ газрын удирдлагын асуудал өнөөдрийг хүртэл маргаан дагуулсан хэвээрээ л байна. Сүүлдээ дарга нарын томилгооноос болж ажилчид нь цалингаа авч чадахгүйд хүрчээ.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулинд НМХГ-ын даргыг Мэргэжлийн хяналтын газар /МХЕГ/-ын дарга, Хотын даргатай зөвшилцсөний үндсэн дээр томилно гэж заасан байдаг. Үүн дагуу нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “НМХГ-ын даргаар хууль хяналтын байгууллагаас шинэ хүн авчирч томилох нь зүйтэй” гэж үзэн, Авлигатай тэмцэх газрын даргатай зөвшилцсөний үндсэн дээр тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Эрдэнэбатыг томилох саналыг МХЕГ-т хүргүүлсэн юм. Гэтэл энэ хүсэлтэд  МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Гүнбазар /Р.Содхүүг ажлаас чөлөөлсний дараачаас энэ албыг түр орлож буй/ “НМХГ-ын даргыг томилох асуудалд миний эрх мэдэл хүрэхгүй” гэсэн хариулт өгч байжээ.

Харин үүний дараахан Д.Гүнбазар нь Шадар сайд н.Тэрбишдагватай зөвшилцөн, Хотын даргын саналыг үл ойшоож, арваннэгдүгээр сарын 06-нд Г.Баярсайхан гэгчийг НМХГ-ын даргаар томилсон юм.

Энэ томилгоо хууль бус байсан учир НМХГ-ын шинэхэн дарга Г.Баярсайхан өнөөдрийг хүртэл данс тооцоо, томоохон шийдвэрт гарын үсэг зурах эрхгүй байгаа. Зурсан ч энэ нь хууль бус үйлдэлд тооцогдох тул НМХГ-ын ажилчид гурван удаагийн цалингаа авч чадахгүйд хүрээд байна. Байгууллагынх дансанд ажилчдын цалин хугацаандаа байршиж байгаа ч хууль бус томилгоо, хүлээн зөвшөөрөгдөөгүй даргаас болоод жирийн ажилчид хохирсоор байгаа энэ байдлыг эрх биш харгалзаж үзсэн үү, шинэ дарга ажлаа хүлээлгэж өгөх хүсэлтийг саяхан /12.10-нд/ гаргажээ.

Одоо түүнийг ажлаас халагдах өргөдлийг НЗДТГ буюу Хотын дарга Э.Бат-Үүл шийднэ. Тиймээс НМХГ гэж хүн бүхэнд “адлагдсан” газрын ажилчид удахгүй асуудлаа шийдүүлэх бололтой.  

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж