Иргэдийг гэмт хэргээс сэргийлэх тухай ярилцав

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

Иргэдийг гэмт хэргээс сэргийлэх тухай ярилцав

Монгол Улс, БНХАУ-ын консулын ээлжит XIV зөвлөлдөх уулзалт энэ сарын 11-ний өдөр Гуанжоу хотод боллоо. Монголын төлөөлөгчдийг ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар, Хятадын төлөөлөгчдийг ГХЯ-ны Консулын газрын дарга Хуан Пин нар тус тус тэргүүлэв.

Нөхөрсөг, харилцан ойлголцсон, ажил хэрэгч байдалд явагдсан XIV зөвлөлдөх уулзалтаар зарим боомтын ажиллах цагийг сунгах, байнгын ажиллагаатай болгох, иргэд боомтоор нэвтрэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах, харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх, консулын төлөөллийг нэмэгдүүлэх зэргийг хэлэлцсэнээс гадна гэмт хэрэгтэй тэмцэх тухай хоёр талын хооронд байгуулсан хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх, иргэдийг хар тамхи зөөвөрлөх болон бусад гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, зарим иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлүүлэх асуудлаар яриа хэлэлцээ өрнүүллээ.

Консулын харилцаа нь бодлогын түвшиндээ ард түмнүүдийн найрамдлыг бататгах, иргэд солилцоонд тулгуурласан эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх таатай нөхцөлийг бүрэлдүүлэх, иргэд байгууллагын хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилтыг хэрэгжүүлдэг. Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихийн хэрээр иргэд харилцан зорчих нь нэмэгдэж байна. Хүмүүс хилийн боомтоор нэвтрэх мөчөөс эхлэн эдийн засаг, эрхзүйн өргөн харилцаанд оролцдог. Иргэдтэй холбогдолтой боомт, виз, тээвэр, гааль, цагдаа, шилжилт хөдөлгөөн, хорио цээр, хүмүүнлэг, эрүүл мэнд зэрэг асуудлыг зөвлөлдөх уулзалтаар хэлэлцэж ирсэн юм гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж