Тэрбээр 29 настай, хоёр охины ээж. Түүний гэр бүл гэвэл хамгаас эрхэм Б.Нандин-Эрдэнэ, Б.Номин-Эрдэнэ гэх хоёр охин нь. Ж.Батцээлийн нөхөр нь салаад, тусдаа амьдрал зохиосон. Бид түүний хувийн амьдралыг олон нийтэд дэлгэхийг хүссэнгүй. Бидний зорилго бол монголчуудын амьдралын боломж ямар байгааг хэн нэгэн албан тушаалтны бус, эгэл жирийн иргэний амьдралаар харуулахыг зорьсон юм.
Ж.Батцээл нэг жижигхэн зоогийн газарт ахлах тогооч. Өглөө 08:00 цагаас орой 19:00 цаг хүртэл ажилладаг. Долоо хоногт ганцхан өдөр амарна. Тэрбээр цалингаасаа элдэв янзын шимтгэл төлөөд гар дээр ирдэг нь 400 орчим мянган төгрөг. Түүнээс илүү нэмэлт орлого байна уу гэхэд “Бараг байхгүй дээ. Нөхөр маань бидэнтэй холбоогүй байдаг. Аав, ээж маань бидэнд илүүчлээд байж чадахгүй хоёр хөгшин байдаг. Хүүхдүүдийг маань хааяа цэцэрлэгт зөөж тус болдог. Өдий хүрчихээд аав ээжийгээ асарч тэтгэж чадахгүй байгаадаа гэмшихээс яаж тэр хоёроосоо туслалцаа авъя гэж хэлж зүрхлэх билээ дээ. Би ганц амралтын өдрөө хүүхдүүдээ асарч, гэр орныхоо ажлыг хийхийн хажуугаар хатгамал оёдог. Түүнийгээ зарах гэж их юм болно оо. Энд тэндхийн дэлгүүрээр явж гуйж, царай алдан байж хямдхан зардаг. Сардаа ганцыг зарчихдаг юм. Тэгэхэд 60-80 мянган төгрөг цалингаас гадуур олчихдог. Бид гуравт бол их мөнгө шүү дээ” хэмээн хариулав. Түүний ярианаас сонсоход аав ээж тусалж чадахгүй учраас дараа болоод яахав гэдэг бололтой. Хэрэгтэй үед нь ирж хоёр хүүхдийг нь харж өгөхөөс өөрөөр гэр оронд нь ч ойр ойрхон ирээд байдаггүй нь ажиглагдсан. Ж.Батцээлд аав ээж нь анх тусдаа гарахад нь өөрсдийн амьдарч байсан нэг өрөө байраа өгсөн юм байна. Тиймээс тэр гурав орон байрны асуудалд толгой өвтгөхгүй амьдардаг аж.
Түүний ярианаас тэдний сарын орлого 400000+70000 гэж ойлгож болохоор байгаа юм. Харин энэ мөнгө Ж.Батцээл болон түүний хоёр охины хэрэгцээг бүрэн хангаж чадаж байгаа эсэхийг асуухад:.
Миний сарын орлого дунджаар 450-470 мянган төгрөг. Энэ мөнгийг илүү дутуу зүйлд зарцуулахгүй, төлөвлөсөн зүйлдээ маш нарийн тооцоотойгоор хуваарилж, түүнийхээ дагуу зарцуулдаг. Тэгэхгүй бол тухайн сард ямар нэгэн төлөвлөгдөөгүй зүйлд мөнгөө зарцуулчих юм бол хэцүү дээ. Дэмжиж туслах ах дүү муутай хүнд сайн найз нөхдийн тус дэмжлэгийг авах үе олон гардаг. Ямартаа ч орлогоо тухайн сардаа яаж хүргэдэг талаараа ярьж өгье.
Үлдсэн нь тодорхой зүйлд төлөвлөгдөөгүй ч сарын эцэст мөнгөгүй болчихсон байдаг. Ямартаа ч сард авдаг 400 мянган төгрөг маань бид гурвын хоногийн хоолонд хүрдэг. Гэвч ирээдүйгээ бодохоос айдаг. Яагаад гэвэл хоёр хүүхэддээ гэж тав, арван мянган төгрөг дансанд хийж чаддаггүй. Муугаар бодоход надад ямар нэгэн зүйл боллоо гэхэд хоёр нялх хүүхдийн минь нэр дээр хэдэн төгрөг ч хадгаламжинд байхгүй яана даа гэж боддог. Гар сунгах ах дүү муутай, аав ээжээс нь үлдээсэн ямар ч хуримтлалгүй хоёр хүүхэд минь яана даа гэж хүүхдүүддээ л санаа зовних юм даа. Тиймээс ядаж хэн нэг нь өвдөхөд гаргаад ирэх таван арван төгрөгтэй байя гэж бодоод сар бүр 20 мянган төгрөг дансанд хийдэг болсон. Түүнээс илүүг хийж чадахгүй байна шүү дээ. Заримдаа улсаас хүүхдэд өгч байгаа 20 мянган төгрөгийг нь хүртэл аваад хэрэглэчихдэг.
Ер нь өнөөдөртөө бид гурав хоолтой ч, хүүхдүүд өсч өндийх тусам хэрэглээ нь нэмэгдэж, түүнийхээ хэрээр мөнгөний хэрэгцээ гарч ирнэ. Зарим шөнө элдвийг бодож, нойр хулжих үе ч гарах л юм. Монголчуудын олонхи нь хуримтлал хийж чаддаггүй байх. Ажиглаад байхад цалингаас цалингийн хооронд хүрч ядаж байх шиг харагддаг.
Ж.Батцээл бүсгүй ингэж ярьсан юм.
Хүнээс гуйж бусдад чирэгдэл болохгүй ч, хоёр идэж хоосон хонохгүй амьдралаа нуруун дээрээ үүрч яваа өрх толгойлсон эмэгтэйчүүд мянга мянгаараа байгаа билээ.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин